Улс төрийн хураангуй…
Монгол Ардын Нам арга баширын туйл. Технологи, өмхий үйлдэл нь гаажтай. Парламентын хамгийн хэнз гишүүн Саруулсайханы Цэнгүүнээр эрчим хүчний үнэ нэмэгдүүлэх тухай хэлүүлж байна. С.Цэнгүүн эрчим хүчний реформ хийнэ гэж анхнаасаа ярьсан нь үнэн. Эрчим хүчний реформ хийж, үнэ чөлөөлөх ёстой нь ч эрүүл зах зээлийн эдийн засгийн шаардлага мөн үү гэвэл мөн. Реформ гэдэг нь технологи, инноваци, дэвшилтэт менежментэд суурилдаг. С.Цэнгүүн зөв ярьсан ч, өөрөө мэдээд ч, эс мэдээд ч үү, яг үнэндээ үргэлж эрх барьж ирсэн МАН-ын эрчим хүчний салбар дахь сууриараа ганхсан бодлогын түгжээг мултлагч, улс төрийн гал баригч, мөн золиос болж байгаа юм. МАН үнэ нэмэх мэдээллээ АН-ын залуу гишүүнээр зарлуулж чадаж байна. Нийгмийн хар масс С.Цэнгүүн л эрчим хүчний үнийг нэмэх гэж байгаа юм шиг ойлгогдохоор тавцанд энэ “нялх” бүсгүй зогсчихлоо. Үүнээс үүдээд С.Цэнгүүнд хамаарах дайралт давшилт мундахгүй нь ойлгомжтой. Гэхдээ цэл залуу насны гал дөлөөр бадран ийнхүү зүтгэж байгаад талархах нь зохино. Эрчим хүчний реформоо хийх хэрэгтэй. Тэгэх ч ёстой. Ард түмэн ч үүнд бэлэн бус, чадамжтай биш, амьдралын нь өртөгт хүнд тусах нь нэн тодорхой. Үүний бамбайнд С.Цэнгүүнийг эрх баригчид, МАН өмнөө барьж тоглолоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ боомтын асуудлаар мэдээлэл хийх ёстой, бүр түүнийг УИХ-ын гишүүд хүсэмжлэн байсан ч өөрөө бус Тэргүүн шадар Л. Гантөмөрөөр хуурай уншлага хийлгэчихэж байгаа юм. Ардын намын наяад оны дарга нар ингэж л баширлаад, нохойд барьдаг модны үлгэрийг МАН-аас бусад жижиг намынхнаар хийлгэн тохуурхаж байна. Галаас өөрсдийгөө ингэж л “авраад” байгаа. МАН-ын 100 жилийн ойгоо дамнуулан засаглаж байгаа Ардын намын наяад оны дарга нарын оюун ухааны лоосуу, хэтийдсэн арга башир ах нарынхаасаа ч төгөлдөржсөөр. Муу жишиг. Сайны тусгал үүнд огт үгүй. Эрх баригч намын дарга нар өнгөрөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхдээ, жагсаалтынхныг яг хуулийн хязгаарт цагийг нь хүлээлгэн тулгаад, нэр дэвшүүлсэн хүмүүсийнхээ нэрийг уншин зарлаад, шууд зугтаасан юм билээ. Ууган намын хуучны кадр, хацар дээрээ товруутай хүн наяад оны даргаа “Түргэн зугтаарай…” гээд хаалга онгойлгон даллаж зогссоныг парламентын гишүүд ярин гашуун инээвхийлцгээж байна билээ. Иймэрхүү л ардчилалтай, ил тодтой намынхан л даа, МАН-ынхан гэдэг.
Ардчилал Монголд алхам алхмаар үгүйсгэгдсээр. Өнөөдөр толгой эрх баригч МАН-ынхан АН, ХҮН-ийнхнээр галаа бариулж, галын бамбай болгож, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нараар тохуурхаад байгааг нийгмийн оюун санаатай хэсэг маш тодорхой ажиглаж байгаа.
Яагаад Иргэний Зоригийн Нара гэгч гишүүнийг явуулах барих дээр нь тулаад, ёс зүйн тулгалт хийгээд, энэ намыг доргиогоод байгаагийн эзэд Их хурлыг толгойлогч, мөн МАН-ынхан байгаа нь хэнд ч ойлгомжтой бус уу. Олон намын тогтолцоог сонгосон нэртэй ч хэрэг дээрээ үеийн үед эрх баригч байсан МАН эрх мэдлээ тэлэхийн тулд жижиг намуудыг үргэлж залгиж ирсэн. Залгисаар байгаа. Шинэ мянган гарсаар анхны таван намын төлөөлөлт энэ парламентад энэ байдал үнэхээр тодорхой мэдрэгдэж байгаа. Монголын жижиг гэгдэх намууд гишүүн төвтэй байх дархлаагаа юуны түрүүн бүрэн хангамаар байна. Үнэн, бодитой, зарчимч, чигч гишүүдийнхээ үзэл санаан дэр үндэслэж ажилламаар байгаа нь хойшлуулашгүй шаардлага. Эс тэгэх аваас Т. Доржханд, Л.Гантөмөр нарын эрх ашиг МАН-ын халаас, өвөрт шургалснаар жижиг гэгдэх улс төрийн намуудын язгуур чанар мөхөж байгааг ойлгох ёстой. МАН бүх үед бусад намын дарга , нэр дэвшигчийг хүртэл сонгож, сонгуулж ажиллаж байгаа шүү дээ. Ямар сайндаа л, өнөөдөр МАН-ын БЭТ гэгдэх хүнийг ард олон оноон цоллож, өнөөх нь ч МАН-ын БЭТ болсноо тунхаглан Ардчилсан намын тооноор орж, эдүгээ мөн Засгийн тооноор гулган орж сайд хийж байгаа Э.Одбаяр гэгч хүнээр юугаар ч маргашгүйгээр илэрхийлэгдэнэ. Засаглалын хямрал бол бодит дээрээ намуудын дарга нар “эцэг” намын дохиур болсонд л байгаа юм. МАН-аас бусад Монголын намуудын дарга нар Л. Гантөмөр, Б.Батбаатар, Т. Доржханд, Н.Номтойбаяр ухаар, МАН-ын өмнөөс гал бүү барь! Тэдэнд бүү залгигд. Тэд үргэлж олонхи байгаагийн хувьд бүх хариуцлагаа ард түмний өмнө хүлээх ёстой.
Z-MAN