Говийн Их дархан цаазат газар (ГИДЦГ)-m Нарансэвстэйн боомт нээгдэж, түүнийг дагасан авто зам тавигдах нь тус ДЦГ-ын онгон төрх байдлыг хөндөж, устах аюул нүүрлэж буй мазаалай, хавтгай байршил нутгаасаа дүрвэж тархац нутаг нь хумигдан, цөлийн зэрлэг туруутан амьтан ус, бэлчээр дутагдаж, Алтайн өвөр говь цөлийн экосистемийн тогтвортой, цогц байдал алдагдах аюултай хэмээн Монгол орны олон зуун байгаль хамгаалагчид, ТББ-ууд, эрдэмтэн судлаач, хуульчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хэвлэлийн бага хуралдМонголын Байгаль Орчны Иргэний зөвлөлийн (МБОИЗ) тэргүүн Г.Галтайхүү,Биологийн ухааны доктор Б.Мижиддорж, МУИС-ийн багш, Биологийн ухааны доктор Д.Өсөхбаяр, Хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, Судлаач Т.Цэрэн нар оролцож тус тусын байр сууриа илэрхийллээ.
Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн Их дархан цаазат газарт байх Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон хэд хэдэн гэрээ конвенциуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж байгааг тэд онцолж байлаа. Мөн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх талаар заасан Үндсэн хуулийн зарчим ч алдагдаж байгаа юм.
МУИС-ийн багш, Биологийн ухааны доктор Д.Өсөхбаяр: Бидний хувьд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг бүхэлд нь эсэргүүцсэн гэсэн үг биш. Тухайн хөтөлбөрийн Боомтын сэргэлтийн бүлэгт байгаа 3.3.2.8. Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэсэн заалттай холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлээд байгаа.
Говийн Их дархан цаазат газрын А хэсэг нь 6.5 сая га талбайг хамрах бөгөөд Монгол Улсын 121 тусгай хамгаалалттай газрын хамгийн том нь дэлхийн 100,000 тусгай хамгаалалттай газраас 15-т ордог, Монголоос хальсан дэлхийн хэмжээний тусгай хамгаалалттай газар. Өөрөөхэлбэл дэлхийд хаана ч байхгүй зөвхөн Монголд байдаг ховор экосистем. Өөрийн гэсэн өвөрмөц хур тунадасны хуваарилалттай учраас зөвхөн тэнд л мэнд үлдэж биологийн олон янз байдлын онцлогтой.
Бид өнөөдөр нүдээр харагдаж, тоолж чадаж байгаагаар нь мазаалай, хавтгайг илүү ярьж байгаа болохоос биш энэхүү дархан цаазат газарт орших бүх амьтад өөрөө Төв Азийн унаган зүйл бөгөөд бүгд ховордлын зэрэг өндөртэй амьтад. Хэрэв Нарансэвстэйн боомт ашиглалтад орвол эндээс ямар нэгэн төрөл зүйл амьд үлдэнэ гэж хүлээх нь утгагүй. Дэлхийд үнэлэгдсэн говийн экосистемийн жишиг дахиж давтагдахгүй, орлуулах боломжгүй энэ зүйлс улаан шороогоороо эргэж, бүрэн салхинд хийснэ.
Өмнө нь мөхөж үзүүлсэн амьтан бол тахь. Бид тахийг дахин сэргээж, нутагшуулах гэж 50 жил ноцолдож байна. Гэсэн ч одоогоор мэнд үлдэх популиацийг бүрдүүлж чадаагүй л байна. Энэ бол байгаль хамгаалахад ямар өртөг өндөртэй хийгээд, устсан зүйлийг аврах нь ямар хэцүү вэ гэдгийг тод харуулах бодит жишээ. Тахийг бусад улсын амьтны хүрээлэнгүүдэд нутагшуулсан байсан учир бид сэргээн нутагшуулж болж байна. Хэрэв мазаалай, хавтгайд ийм зүйл тохиолдвол бидэнд аврах боломж байхгүй. Зөвхөн Монголын хөрснөөс бус дэлхийн амьтны олон янз байдал, төрөл зүйлээс бүрэн арчигдах аюултай.
Байгаль хамгаалагч, судлаач, эрдэмтдийг Монгол төрийн эсрэг гэж бодож магадгүй. Үнэндээ Монгол Улс БНХАУ-тай зүүнээс баруун тийш 13 боомтоор хиллэдэг. Нарансэвстэйн боомтын чанх баруун талд Бургастайн боомт, Зүүн талд нь Шивээхүрэнгийн боомт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсаар байтал Говийн Их дархан цаазат газрыг эрсдэлд оруулан энэ боомтыг нээх зайлшгүй шаардлага байхгүй гэв.
Өмнө нь энэ боомтыг 1992 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд хэдэнтээ ажлын хэсгүүд гаргаж шалгаад нээх боломжгүйг баталж байсан удаатай. Гэвч энэ удаад Хамтарсан Засгийн газар ийм заалтыг оруулж ирсэнд эрдэмтэн судлаачид, байгаль орчны чиглэлээр ажилладаг судлаач, ТББ-ууд нэгдэн УИХ, ҮАБЗ-д албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн Үндсэн Хуулийн Цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.