Монголын улс төр тэр чигтээ хөших үйл явцаар үргэлжилж байна. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Ухаа худагийнханыг хөшсөн. Ордоо улсдаа өг гэсэн хөшилт хийсэн. Хуультай юм хойно, энэ аргагүй хөшил. Хөшөөнд байгаа хүн нь Ухаа худагийн эзэн Ж.Оджаргал, Энержи ресурс. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал Халтмаагийн Баттулгыг хөшсөн. Засгийн газрынхаа үндсэн чиг болгож байгаа бодлого, Баялгийн сангийн хуулийн түгээмэл үүргийн үүднээс хөшсөн. Хөшигдсөн Х.Баттулгыг Төгрөг нуурын ордыг зарсанаа улсдаа нийцүүл, бантангаа цэвэрлэ гэсэн. Х.Баттулгад өгсөн долоо хоног дуусаж байна, хорин дөрөвхөн цаг үлдэж. Түүнийг асуудлаа шийдэхгүй бол, төр эрх үүрэг, хуулийн хүрээнд дараагийн хөшилтөө хийнэ ээ гээд мэдэгдчихсэн. Энэ нийгмийн гоц анхаарч байгаа сэдэв. Мөн тэгтэл Төгрөг нуурын ордын 20 хувийг эзэмшдэг байсан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн гэдэг эмэгтэй өнөөдөр гарч ирээд Х.Баттулгыг давхар хөшөөд эхэллээ. Аав нь, мөн Төгрөг нуурын ордыг эзэмшдэг асан аж ахуйн нэгжийн захирал, ТУЗ-ийн дарга нас барсан. Эв эрүүл аавынхаа эндсэнд гайхдаг, би айж байна, Х. Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нараас эхлээд дарамталж байна, Төгрөг нууртай холбоотой бичиг баримтыг АТГ-д өглөө. Намайг хамгаалаач гэв. Хамгийн гол мэдээлэл нь, мөнөөх аавын нь эзэмшдэг 20 хувийг өөрсдөд нь хамааралгүй зарсан гэдгээр Х.Баттулгыг бас нэмэн хөшиж эхэллээ. Гишүүн Б.Энхбаяр Д.Болорсүрэнг гэрч хохирогчийн хамгаалтад яаралтай ав гээд нийгэм рүү сануулгын хөшилт хийчихлээ, энэ нь зөв байх. Өчигдөр Ардчилсан намын ойн баяр болов. Намын дарга Л.Гантөмөр Засгийн газартаа хөшилт хийлээ. Утаа, түгжрэл 2028 онд ор мөргүй алга болно оо гээд мэдэгдчихлээ. Зүрх зориг төгс Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хэлээгүй үгийг тэр ингэж хэлснээрээ УИХ-ын дараагийн ээлжит сонгуульд Ардчилсан нам суга ялна гэсэн утгыг төгөлдөр, бүр маш чанга дуугаар хэлж, хамтрагчдаа хөшлөө. Ардчилсан намын цогтой гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хурал дээрээсээ хөшигдөж, шалан дээр тэнгэр харсан хэвтэж байгаа харагдана. Намын генсек болсон Наянтайн Ганибалыг аймгаасаа цухуйгаагүй ялагдсан “гар”, намын дарга Л.Гантөмөрийг АН-аа ялагдуулсан, Л.Оюун-Эрдэнийн засагт ажилд орсон жижиг эр хэмээн хөшлөө. Мөн тэгээд, дүү Д.Цогтбаатар гишүүнийг Хөгжлийн банкинд мэргэжилтэн төдий нэг жил ажилласан, түүний дээр байсан том дарга нар болох Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ, Ганбямбын Дөлгөөн нар яагаад хэрэг хүлээдэггүй, миний муу дүү, жолоочийн хөвүүнийг, ардын хүүг хэлмэгдүүлдэг байна гээд нийгмээр нэг “хашгирч” давхар давхар хөшөө хийлээ. Д.Цогтбаатарыг шүүх хөших гэхээс, нийгмийн нэг чухал сэдэв болоод байгаа, хэлмэгдсэн, буруу хуулиар шүүгдсэн П.Батчулуун эмчийн хэргийг Дээд шүүх хэлэлцэж, цагаатгаасай гэсэн ард түмний хүсэлд Дээд шүүхийн шүүгчид, дарга Д.Ганзориг бас хөшигдчихөөд байгаа. Францад байдаг бололтой, Ган-Очир гэж хүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг байсхийгээд л цахимаар хөших юм. Өчигдөр хүнээр мөнгө шилжүүлсэн байна, үүнийг чинь Европын хэвлэлд өгч мэдээлэл цацуулна гээд мөн л хөшсөн нь цахимаар нэг. Гадаадаас хөшдөг улс олон байна аа. А.Баяржавхлан гэгч хүн мөн гадаадаас Цагдаагийн газрыг тэр чигт нь хөшиж, мөрийтэй тоглоомын эзэн ажилчидтай гэж зарласан. Т.Сүхболд нарыг л хөшөөд байгаа бололтой. Гэтэл хар тамхи татсанаа цахимаар дамжуулан, нийгмийг буруугаар хөшигч “Ice top” хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ гэгч бас гадаадаас “мандлаа”. Энэ бол мөн л Цагдаагийн газрыг “хөшсөн” явдал. О.Баасанхүү гэдэг хүн намаа шүүмжилж, Засгийн хөнжилд орсныг буруушаан, өөрийг нь Иргэн харьяатын агентлаг ав гэсэн, би гурван саяын тийм ажил хийхгүй, арван саяын ажлаа хийнэ ээ гээд мөн л хамтарсан засаг, намынхнаа хөшлөө. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Г. Тэмүүлэн нар Сангийн сайд Б. Жавхланг үргэлж хөшин, төсвөө тодотго, ёс бусад бүү хутгалд гээд байнгын хөшөөтэй байгаа. Нарийн сухайт, Цагаан суварга улсдаа өг гэсэн хөшөөтэй байгаа Н.Номтойбаяр, сөргүүлэн Засгийн БЭТ Ж.Батзанданг золбин улстөрч гэж мөн хөшсөн. Хотын дарга Х.Нямбаатар гудамжны ТҮЦ-үүдийг хөшин нүүлгэж, С.Болдхэтийг басамжилж байна, хууль мэдрүүлнэ гэж хөшсөн бол, иргэд, худалдаачид Х.Нямбаатарыг эргүүлээд дарангуйлагч хэмээн цоллож хөшсөөр. Мөн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Ч.Номин, Б.Жавхлан, Т.Мөнхсайхан гэдэг гурван сайдаа ажлаа өг гэж хөшсөн мэдээлэл үгүйсгэгдэхгүй байгаа бол, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дээд шүүхээс Шүүхийн шийдвэрт Д.Цогтбаатарыг ял эдлүүл гэсэн бичиг очсоны тул 126-гийнхаа нэгийг мөн хөшин гаргах болж байх шиг байна. Энэ шийдвэр хэрэгжвэл лайчвин Д.Мөнх-Эрдэнэ хамтарсан Засаг, УИХ-ыг хамгийн бодьтой шүүмжлэн, ард түмэнд уламжлан лайваар хөших “эрдэмтэн” болох нь тодорхой.
Б. СҮРЭН