Муу эрд халдага дараа гэж үг байдагсан. Заяасан “юм” нь хүртэл дараа болдог гэж байгаа юм. Аргаа барсан, арчаагүй эрийг хэлсэн, нидэр дээрээ үл чадах зүйлийг бүү амла гэсэн л санаа юм. Монголын улстөрчдөд халдага дараагийн үлгэр их. Мөн Монголын улстөрчдөд амлалтын дараа их. Манай улстөрчид чадахгүй, биелүүлэхгүй байж амлах, хийх тухай хэлдэг нь “замаа алдсан”. Байгаль орчны сайд , хатагтай Салдангийн Одонтуяа халаглан ярьж байна. Яагаад халагласан гэхээр, Монгол Улсын Засгийн газар Цөлжилтийн эсрэг НҮБ-ын хурлыг зохион байгуулах болсон бөгөөд, үүнд зуун тэрбум төгрөг зарцуулагдахаар болсон нь гүйцэтгэх засаглалын толгойн өвчин болсон гэх. Үнэн байх. Зуун тэрбум бага мөнгө биш. Манайдаа дараа болохуйц энэ хурлыг зохион байгуулах амлалтыг С. Одонтуяагийн өмнөх сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монголдоо хийнэ гээд амлаадахсан юм байна. Харин өөрөө сайдаасаа огцорч одсон. Сав л хийвэл аль нэг телевизийн дэлгэцнээ “далан долоон” юм яриад байдаг нь ч татраа шив, сайдын ч төсөвгүй нь нөлөөлөв үү, УИХ-ын гишүүн болоод санасандаа хүрсэн ч биз юутай үзэгдэхээ байж. Харин ард нь ийм ачаа үлджээ. Сайд С. Одонтуяа бараг уйлаад, намайг яаж ийгээд энэ хурлыг зохион байгуул гэсэн, салбарын бүх төсөв хасагдсан, ирэх жил хурлын бэлтгэлд 50 тэрбумыг тавьсан гээд хэлж. Үнэндээ Б.Бат-Эрдэнийн амлаж авчраад “хаячихсан” энэ хурлыг зохион байгуулахаар С. Одонтуяа болон Засгийн газар бажгадаж байгаа нь тодорхой байна. Монголын аливаа том албан тушаалтнууд өөрөө гардан хийж чадах зүйлээ л амладаг болмоор байгаа юм. Зарчим угаасаа л энэ.
Засагтаа ч, салбартаа ч муу эрд халдага дараагийн үлгэр өвлүүлдэг нь хаанаа хаанаа чирэгдэл болж байгаа нь Б.Бат-Эрдэнийн тавьж мундраасан энэ жишээ юм. Үндэсний телевиз, радиогийн захирал асан А.Бүрэнбаатар гэж бас нэг эрхтэн байв. Энэ байгууллагаа мундахгүй өрөнд оруулаад одсон. Нийгмийн даатгалын шимтгэлээ хэдэн жилээр нь төлөөгүй өрөнд оруулчихсан, телевизийн тоног төхөөрөмжөө Төрийн банкинд барьцаалаад мөнгө авчихсан байсан гэнэ ээ гэсэн яриа антеннтай бор байшингаар нэг дуулдаж байна. Радио телевизид үлдээсэн хэдэн тэрбумын өрийг нь одоогийн удирдлагууд нь дарах гэж үйлээ үзэж байгаа гэсэн. Гэтэл мань А.Бүрэнбаатар өр үлдээгээд зогсохгүй яг мөнөөх Б.Бат-Эрдэнийн адил Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны шугамаар мөн нэг том хурлыг Монголдоо зохион байгуулна гээд амлажээ. Эдүгээ тавьсан өрийг нь дарж ядаж байгаа одоогийн удирдлага Г.Гэрэлийг өмнөх дарга А.Бүрэнбаатарынхаа амласан хурлыг зохион байгуул гэж цаад тал нь шахаж байгаа сурагтай. Том байгууллагын төлөөлсөн нэг дарга том дуугараад амлачихсан байхад нөгөө тал нь итгэх нь аргагүй л дээ. Одоо Туркт хуралдаж байгаа Ази Номхон далайн орны Радио Телевизийн холбооны хурлаас бас баахан зарлага гаргах хурал зохион байгуулах үүрэгтэй ирэх байх л даа. Ингээд А. Бүрэнбаатарын өрийг дарж ядаж буй Үндэсний радио телевизийнхэн “экс”-ийнхээ амлаад үлдээсэн их хурлыг зохион байгуулах ацганд бас л С. Одонтуяагийн адил тавилантай үлджээ. Монголын эрх мэдэлтнүүд, ялангуяа халдага дараа үзүүлэгчид энэ мэт өөрөө гардан хийж чадахгүй зүйлээ олон улсад очиж амлацгаадгаа бүрмөсөн больцгоох хэрэгтэй дээ. Улсын нүүр царай, зарчим гэж ойлголт бий нь үнэн. Гэхдээ, санаандаа багтсан, өөрөө үйлдэн гүйцээх чадвар бүхий ажлаа амлаж хийдэг болох ёстой юм. Монголын орлого бага байгаа. Нүүрс зэсийн төдий. Хуралд зарах мөнгө байхгүй дээ. Ялангуяа олон улсын. Харин хөрөнгө оруулалтын чуулганд л мөнгөө “үрж” байх нь зохилтой. Монголын эр дарга , сайдууд Б.Бат-Эрдэнэ, А. Бүрэнбаатар нарын С. Одонтуяа, Г.Гэрэл нарт орхиж байгаа шиг ачаа үлдээж болохгүй. Халдагаа дааж чадахгүй байж татвар төлөгчдийн мөнгөнд хайр найргүй ханддаг ийм эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.