Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм.
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.
- Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
- Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.
- Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.
- Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.
- Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.
- Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.
- Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.
- Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.