Ёндонгийн Отгонбаяр бол уг нь тун гайгүй сэхээтэн л дээ. Мэдлэг чадвар, боловсрол, юм үзсэн байдал гээд л сэхээтний хувьд өөлөх юм тун багатай товариш. Хэл ам, хөндлөнгийн дайралтад л өртчихдөг, нэг тийм сөрөг дагалдалтай яваад байдаг хүн. Тээр жил Гаалийн хэмээх Х.Баатарыг золигт гаргагдаж байх үед намд хандив өгсөн хэмээх бичиг шүүхэд үйлдэж өгсөн гээд л шуугиулж байв. Зарим хэвлэлд ч тэр нь гарч байсан нь бий. МАН-ын Ерөнхий нарийн хийж байх үеийн нь явдал. Улс төрд Москвагийн их сургуулийнхны фракцийн гэж овоглогддог асан.
Сү. Батболдын бүлэглэл гэсэн үг л дээ. Сайн дипломатч байх. Энэтхэгт ч сургууль төгссөн. Америкт Элчин байх үед нь Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хугацааг нь дуусгалгүй, улс төржөөд, буцаагаад татаад авчирсан. Нэгэн үе Сү-гийн Засагт Боловсролын сайдаар ажиллаж байсан. Арван хоёр онд Ардын нам сөрөг хүчин байх үед тэрбээр АТГ-ын мөрдлөгөөр ихээхэн асуудалд орж, асар их мөнгөний гүйлгээний холбогдлоор нөр дуулиан шуугианд мөн өртөж байсан билээ. Тэр нь ч тэгсгээд намжсан, салхи нь гэр бүлийг нь ширвэсэн, Ё. Отгонбаяр ээлжитээр хохирсон. “Элбэгдорж оо, би тэр шоронд чинь сууя” гэж бичиж байв. Эхнэрийг нь хорьсоноос үүдэлтэй тийм зүйл болж байв. Үүнээс үүдэн гэр бүлээсээ салсан энэ эрхэм Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн эгчтэй ханилсан байдаг. Хөгжлийн банкны хэрэг мандах үед мөн эхнэр нь зээлийн асуудлаар дуулианд өртөж, бас л Ё.Отгонбаярын нэр гарч байв. Сэтгүүлч нартай толхилцож твиттерээр бичилцэх үедээ та нараас болж гэр бүл салж байна гэж мэдэгдсэн удаатай. Энэ мэтээр улс төрийн ширвээ, өнцөгдөлд өртөж ирсэн улстөрч бол Ёндонгийн Отгонбаяр юм. УИХ-ын гишүүн өлхөн хийгээд явчих циклүүд нь энэ мэт асуудлуудаас болж алсарсан нь үнэн. Энэ Засгийн өнгөнд Ё. Отгонбаярыг “Бадрах энержи”-гийн дэд захирлаар томилж. Зөөвч-Овоо хэмээх орд дээр суурилсан Францтай хамтарсан энэ төслийг илүү эрчимжүүлэхийн тулд Ё. Отгонбаярыг томилсон болов уу. Засгийн хэрэг эрхлэхийн дарга Н.Учрал намрын чуулган нээгдүүт “Орона”-тай хийх гэрээг УИХ-д барина гэж мэдэгдсэн билээ. Энэ ажлыг ч урагшлуулахын тулд туршлагатай дипломатч, улстөрч Ё.Отгонбаярыг эл албанд томилсон болов уу гэж ойлгогдохоор. Францын Ерөнхийлөгч Э. Макрон манай улсыг, Ерөнхийлөгчийг “Орона”-тай хийх гэрээн дээр шаламгайлахыг энэ оны хавраас удаа дараа шаардаж хүссээр байгаа билээ. Эдгээр өнцгүүдээс үзвэл Ё.Отгонбаяр Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын дундын хүч хавсарсан томилгоо байх талтай. Энэ нь хамаагүй. Гол нь төсөл урагшлах нь л манай улсын тэргүүн эрх ашиг байх учиртай.