Z-MAN Улс төрийн хураангуй…
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дарханд төвлөрүүлэх шийдийг Засгийн газар гаргасан. Энэ дагуу Ж.Энхбаяр гэдэг сайд Дархан, Улаанбаатарын хооронд явдаг болсон. Өнгөрөгч баасанд УИХ-ын чуулганд мань сайдыг сураглахнаа нь Дарханд ажиллаж байгаа гэсэн тайлбар ирж харагдана билээ. Ж.Энхбаярыг Дарханд ажил хийнэ, бүтээнэ гэж сайд болгосон байх, яамыг нь ч тийш залахаа мэдэгдэж, анхнаасаа тохирч Засгийн гишүүн болгосон биз ээ. Тэгэхээр одоо Ж.Энхбаяр үзүүлж, харуулж бүтээх, чадах хэрэгтэй байгаа юм. Шагалын Жадамбаа гэж эцгийг нь ч тэгж чаддаг, хийж чаддаг, эрс эр байснаар бичдэг, тийм пи араар Ж. Энхбаяр “тэжээгдэж” буухиачилж яваа нь худалгүй. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх журмын анд Ж.Энхбаярынхаа Дарханд төвхнөн буй яамаар зочилж , ажил байдалтай нь танилцсан албан мэдээ амралтын өдрүүдээр их явлаа. Хөхиүлэн дэмжиж байгаа, хөдөө аж ахуйн асуудалд илүүтэй их анхааран халамжилж байгаа гэж ойлгогдож байна. Ерөнхийлөгчийн сонгогдох хугацааг зургаан жилээр нэг байсныг эдүгээ Үндсэн хуулийн ЦЭЦ дээр С. Номынбаясгалан, Э. Хишигсүрэн нарын гомдол дээр үндэслэн Цэцийн дарга Г.Баясгалан хамжин өөрчлөхөөр яригдаж байгааг хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ. У.Хүрэлсүхийг өөртөө тааруулж ийм шийдвэр гаргуулах нь гэсэн хардлага эхэлсэн харагдана. Гэхдээ У.Хүрэлсүх шиг характертэй удирдагч арай ийм явуургүй алхам хийхгүй байлгүй дээ гэж найдах хүмүүс байна.
Засгийн газрын дундаж наслалт 1,5 жил гэгдэж ирсэн. Энэ нь ч үнэн. Харин Л. Оюун-Эрдэнэ өөртөө тааруулан Үндсэн хуулийг удаа дараа өөрчлөн засаглаж байгаа нь үнэн ч, тогтвортой байдал талаас нь үзвэл Бэрх тосгоны энэ залуу гурван ч Засгийн газар дамнаад засаглаж байна. Ингэж манай том дарга нар, эрх барих, засаглах ажлаа хууль өөрчлөх замаар гаргууд хийх авч, үйлс ажил нь төдийлөн үсрэлтгүй бага байгааг Монголын ард түмэн харсаар билээ. Бухимдан уурссаар билээ. Ганцхан жишээ хэлэхэд, хил дээр тулгаад барьсан гарцгүй төмөр замыг хэлэхэд хангалттай. Орон нутгийн сонгууль өнгөрөв гэсэн шиг одоо хотын гацаа түгжрэл, эмхгүйдэл бүтээн байгуулалт нэрийн дор яаж ард иргэдийг бухимдуулан доройтуулж байгааг бид харсаар, гасалсаар бус уу. Жадамбаагийн Энхбаярыг хөдөө аж ахуй хариуцуулсан сайд болгосноороо олон шинэ жишгийг бүтээнэ, үүсгэнэ гэж тооцсон байх гэдгийг цохож эхэнд тэмдэглэсэн. Дарханы хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн паркийг барь, бариул гэж түүнийг илгээсэн байх. Манай улсын дарга нарын эрх мэдлийн цагалбараас ч илүү илүү хугацаагаар саатан биелэлээ олохгүй байгаа үйлдвэрлэлийн парк бол мөнөөх тэр Дарханы тодотголтой төсөл. Монгол хөдөө аж ахуйн орон. Гэвч үйлдвэрлэл, худалдаагаа одоо болтол дэлхийд нийцүүлсэнгүй, жишигжүүлсэнгүй. Харин дарга нарын эрх мэдэлдээ байх эрх улам бүр төгс боловсронгуй болсоор. Дарга нарын үйлс уг нь улсаа өргөөд, дараа нь эрх мэдэл нь үргэлжлэн дархлааждаг баймаар.
Гэтэл яг эсрэгээрээ л байна. Ж. Энхбаяр Ерөнхийлөгчид үйлдвэрийн кластер, цогцолборууд төрөлжин хөгжинө гэж онцолжээ. Ж.Энхбаярыг энийг нь хийтэл ажиллуулах хэрэгтэй. Энийгээ хийж чаддаг эсэхийг нь бодитой харах ёстой. Дундын хий дэмий, улс төрийн элдэв шалдав шалтгаанаар буулгаж болохгүй. Чухам ингэж л ажил хийж чадах, чаддаггүйг үзмээр. Тэр тусмаа үндэсний эрх ашгаа нэг мөр алхам алхмаар биежүүлж урагшилмаар байгааг гаслалгүй бүгдээр дэмжээсэй. Товчхондоо, дарга нарын эрх мэдлийн үргэлжлэх хугацаанаас илүү бүтээн байгуулах, хийх хугацааны асуудлыг нь л бодитой хэрэгжүүлдэг болмоор байна. Монголд болж байгаа юм бишгүй бий байх. Гэхдээ болохгүй, үл биелж байгаа нь болж байгаагаасаа илүү, маш их байгааг бүгд харж байна. Болдог, бүтдэг юм гэдгийг Ж.Энхбаяр харуулаасай!