Г.Занданшатарын Засгийн газар Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг оны сүүлийн өдөр баталсан. Тэгэхээр ирэх оны арваннэгдүгээр сард энэхүү төлөвлөгөөний бодит үр дүн ил болчихно гэсэн үг. Эдийн засагч Ерөнхий сайдтай кабинет өөр байна байх гэсэн итгэл хүмүүс хүлээлгэж л байх шиг байна. Хамгийн эхэнд ердөө өнгөрсөн сарын 25-ны өдөр УИХ-аар баталсан Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх талаар гаргасан УИХ-ын тогтоолыг л барьж байгаад биелүүлэхэд энэ эдийн засгийн сэргэлт эрчимжихэд ихээхэн нэмэр болоод гараад ирнэ дээ. 2025 он дуусахад хоёрхон сар үлдчихсэн байхад зээлийн хүүгийн хувиа бууруулах хэлэлцээрээ эхлээгүй явж байсан нь үнэн. Засаг ч солигдсон Ерөнхий сайд шинэ гээд хаа, хаанаа анхаарах зүйл их байсан ч гэсэн хуучин Засагт байсан ихэнх нөхөд сайд байсан мөртлөө 7 жилд нэг удаа яригддаг зээлийн хүүг бууруулах алтан боломжоо ашиглахгүй өнгөрөөх гэж байсан. Засгийн газар нь ч, хуучны бурхи гишүүд нь ч залуу гишүүн О.Батнайрамдалаа дээрэлхэх гээд байсан ч түүний даргалсан хянан шалгах хороо шахсаар байгаад хэлэлцээрийн ширээний ард суулгасан нь булзахын аргагүй үнэн нь юм.
Хэлэлцээр эхлээд эхний үр дүн цаг хугацаанд баригдахгүй зээлийн хүүгээ бууруулахаа ярихаар нээлттэй болгосон ч үр дүн гараагүй хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр арван тэрбум төгрөгийг хүүндээ өгөхөөр өдөр солигдож, нар гарахад л нэмэгдээд байгаа нь үнэн. Одоо УИХ чиглэлээ гаргачихлаа. Хийж чадах хамгийн боломжит агуулгаар ажлаа хийчихлээ. Үлдэх ажил нь Засгийн газарт ирлээ. Сонсголтой сонсголгүй бид хэлэлцээрээ хийнэ гээд өмнө нь томроод байсан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайд тогтоол батлагдах үед ташууртай боллоо гээд талархаад байсан, одоо ажилдаа яаралтай орох хэрэгтэй.
Чуулган завсарлалаа гэсэн шиг гишүүд хоёр сараар амрахаар гадагш дотогш их явах гэж байх шиг байна. Зээлийн хүүгээ яаралтай буулгах дээр Засаг ажиллаж байгаа байлгүй дээ гэж найдах юм. Оюутолгой бол манай улсын нийт гадаад хөрөнгө оруулалтын 40 хувь, нийт гадаад өрийн 50 хувь нь гэж байгаа. Мөн нийт валютын нөөцийн 41 хувь. Нэгэнт зээлийн хүүгээ буулгах, менежментийн зардлыг хэмнэх гээд шийдэх асуудлууд их байгааг Оюутолгойн сонсголоор булт олноороо мэдчихээд байхад үүнийг залруулахгүй бол олон нийт ажлаа хийхгүй байна л гэж үзнэ. Рио Тинто зээлээ монголчуудын Оюутолгойд SOFR+ 6.5% буюу 11 хувиар өгдөг байж Канадын Онтрэ-д болохоор Канадын Prime хүү(4.7%) + 2% буюу 6.7 хувиар өгчихсөн байгааг бид сонсголоос харсан. Бүтэн 4.4 хувиар бага хүүтэйг өгч болж байгааг бид мэдсэн. Тиймээс одоо Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажил бол хүүг яаралтай багасгах ажил. Үүнийгээ яаралтай хиймээр байна. 2025 он дуусах эсэх хамаагүй болсон гээд ялалт байгуулсан юм шиг Б.Жавхлан, Г.Дамдинням нар хөөрцөглөөд байсан. Хамгийн гол ажил чинь хэд болгож буулгасан, тэр нь нэн яаралтай нэг өдрийг ч алдахгүй байх ёстой биз дээ. Нэг өдрийн 10 тэрбум гэсээр байтал монголчууд хувь ногдол авч чадахгүйдээ асуудал тулгамдаад байна. Хэрэв үүнийг яаралтай хийхгүй бол 2018 онд хүү буулгаагүйн асуудал эргэж сөхөгдөхийг ч үгүйсгэхгүй.
Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эхний ажил Оюутолгойн зээлийн хүүг буулгахаас эхэлнэ шүү, эрхэм Ерөнхий сайд аа.


