Орон нутагтаа ажиллаж, амьдарч яваа улстөрч залуу эмэгтэйн түүхийг олон нийтэд хуваалцах юмсан гэсэн зорилгоо биелүүлэхээр Ховд аймгийг зорилоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Пүрэвдашийн Үлэмжнаран төрийн албанд ажиллаж байсан туршлагатай, бизнесийн салбарын ажил олгогч нэгэн. Тэрбээр Жаргалант сумаас ИТХ-д сонгогдож ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн Орон нутгийн сонгуульд дахин нэр дэвшиж байгаа залуу улстөрч эмэгтэй юм. Мөн аймгийнхаа Социал-Демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг ажээ.
Улаанбаатар хотод сургуулиа төгсөөд төрөлх сумандаа очиж, бичиг хэргийн эрхлэгчээр тамгын газартаа ажиллаж эхэлсэн. Мөн гэр хороололд шинээр баригдсан сургуулийн захирлын туслахаар дөрвөн жил ажиллаж, улмаар аймгийнхаа 7-р сургуульд захирлын туслах, багш, сургалтын менежер гээд боловсролын салбарт найман жил ажиллажээ. Ойр орчимдоо сургуульгүй, барилга нь баригдаад гурван жил болсон ч ашиглалтад ордоггүй удсан сургуулийг 2011 оны есдүгээр сарын 1-ний өдөр амжиж нээх гээд шинэхэн ажилд орсон туслах бүсгүй цахилгаанчин, үйлчлэгч, мужаан гээд бусад ажилчдын хамт сар гаруй цалингүй ажиллаж өөрсдөө хичээн ажиллаж нээсэн тэр үеэ дурсах дуртай. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Ховд их сургуульдаа зэрэгцэн сурч, багш улмаар сургалтын менежер болтлоо үргэлжлүүлэн ажилласан билээ. Гэр хорооллын хамгийн дээд талын бүс болох Талын хашааны энэ сургуульд хөдөө сумдаас ирж суралцдаг хүүхдүүд их учраас тэдэнд дотуур байрнаас эхлээд шийдэх олон асуудал тулгарч байлаа.
Түүнд амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Солонгосыг зорьдог багш нарт тулдаг сонголт ч бас ирсэн. Хүний улсын хөгжилд зүтгэж байснаас нутагтаа очиж ажиллаж хөдөлмөрлөе гэж шийдээд буцаад ирсэн нь хувийн салбарт гарч ажиллахад гол түлхэц болсон. Гал тогоондоо өөрөө газны дэргэд хагас борц шиг болж зогссон тэр өдрүүд олон юм ойлгуулсан гэдэг. Өөрөө ажилладаг байж байгаад тогоочтой болж, дараа нь гурван ажилтантай болж одоо гуч гаруй хүнтэй ресторан, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний салбарт “Үлэмж” нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж байна. Голдуу эмэгтэй ажилтнуудтай, эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх салбарт ажиллаж байна гэж тэр онцлох дуртай.
Түүний улс төрд орж ирэх болсон нь 2018 оноос эхтэй. Аав нь насаараа сумын орлогч, дарга, сургуулийн захирал хийж байсан нам, төрийн идэвхтэн нэгэн. Тийм ч учраас түүнийг анх төрд ажиллах ёстой гэснээр сумандаа сургуульд ажилд орж байсан. Багаасаа ийм орчинд өссөн ч нийтлэг залуучуудын ойлголтоор нам, улс төрөөс хол бизнесийн салбарт шилжиж ажиллаад явж байв. Тэгтэл “Хүний хөгжлийн баруун бүсийн институт” гээд аймаг, баруун бүсийн хэмжээнд сургалт явуулдаг хэсэг бүлэг залуучууд гараад иржээ. Аль нэг нам гэхээсээ залуусын хөгжлийн төлөө зүтгэх нийгмийн идэвхтэй залуучуудыг хараад тэдэнтэй нэгдэж нийгмийнхээ хөгжлийн төлөө хүч нэмэрлэе гээд нэгдсэн байна.
Залуусаа хөгжүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж ярилцдаг тэдгээр 10 залуу ярилцаж байгаад улс төрийн намуудаар дамжуулж залуус хөгжлийн бодлогод оролцох боломжтой учраас сонголтоо хийж МАН-д 2018 онд элссэн байна.
П.Үлэмжнарангийн хувьд 2020 онд анх сумын ИТХ-д нэр дэвшжээ. Намын анхан шатны үүрээс нэрийг нь дэмжиж, дараа дараагийнхдаа нэр дэвшээд явж байсан ч сумын тэргүүлэгчдийн хурлаас нэрийг нь оруулж ирсэнгүй. Түүний оронд эрэгтэй гишүүний нэр ороод иржээ. Нэг их олон юм яриад байдаггүй, зүтгэсэн зорьсон юмныхаа төлөө тууштай зантай болоод ч тэр үү, улс төрийн нэг явуургүй алхам таалагдаагүйгээс тэр үү, П.Үлэмжнаран заалнаас нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөх эрхээ олж авчээ. Авахаар барахгүй сонгуульд ялж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.
Тэр шийдвэр гаргах түвшинд оролцоо ижил тэнцүү байх ёстой гэж үздэг. Ялангуяа орон нутгийн түвшинд, иргэдэд хамгийн ойр шийдвэр гаргахад нийгмийн бүлгүүдийн оролцоо тэнцүү байж зөв шийдвэр гарна гэж боддог. Аль нэг хэсгийнхээ анзаарч чадалгүй үлдээсэн асуудлыг нөгөө бүлэг хүмүүс нь харж чадах учраас асуудал орхигдохгүй. “Дорноговь аймагт алга болсон жаахан охины хэргийг одоо хэр хүмүүс ярьдаг. Сургууль явах замдаа камерт нэг хэсэг харагдаад тэгээд камер байхгүйгээс хаачсаныг мэдэхгүй алга болсон. Ховд аймгийн засаг даргаар эмэгтэй хүн томилогдож ирсний дараа хийгдсэн олон ажлын нэг бол 5,3 тэрбум төгрөгийг шийдэж, Ховд аймгийн 17 сумыг хиймэл дагуулаас хянадаг камертай болгосон. Энэ бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүн ажиллах болсноор хийгдсэн ажил. Би энэ жишээг байнга хэлэх дуртай” гэж П.Үлэмжнаран төлөөлөгч хэлсэн юм. Мөн тэрбээр хүйсийн квот 30 хувь ч биш 50:50 хувь тэнцүү байж бодлого зөв болно гэж боддог гэж нэмж хэллээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Жаргалант сумынхаа ИТХ-ын даргад нэр дэвшжээ. Тэгэхэд бүлгийн 20 гишүүний 18 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй төлөөлөгч байв. Өрсөлдөхөөр бодлогоо танилцуулчихаад сууж байтал завсарлагаанаар ороод гарч ирсэн эрэгтэй төлөөлөгчид нь илэрхий бодлоо өөрчилж, эмэгтэй хүнийх нь хувьд дайралт хийгээд эхэлжээ. “Гар барихад чи чичрээд байна, зүрх чинь савлаад айгаад байгаа юм биш үү, эмэгтэй хүнийхээ хувьд гэртээ харьж, нөхөр хүүхдэдээ хоолыг нь хийж өгвөл яасан юм” гэхчлэн сэтгэл зүйн дайралт, дарамт үзүүлж эхэлжээ. Эмэгтэй даргатай болно гэдэг тэдний санаад бууж өгөхгүй байсан бололтой. Ур чадвар биш зөвхөн хүйсийнхээ зөрүүтэйгээс тэр өрсөлдөөнд унасан юм.
“Үе, үеийн эмэгтэйчүүд ийм байдлыг биеэрээ туулж ирсэн. Тэгээд ахмадууд одоо л байдал сайхан болж байна даа гэдэг ч шинэ үеийн эмэгтэйчүүдэд ч энэ асуудал том бэрхшээл болсон хэвээр байгаа” гэж тэр онцолж байлаа.
“Манай багийн иргэн нэг эгч хэлж байсан юм. “Эрчүүд сайхан байшин бариад л байдаг. Дотор нь амьдарч байгаа хүмүүст ямар асуудал байгааг мэдэхгүй л байдаг даа” гэж хэлж байсан үнэн шүү” гээд барьж байгаа байшин барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс эхлээд ямар эрэлт хэрэгцээ байдгийг мэддэггүй талаар П.Үлэмжнаран төлөөлөгч хөндөв.
“Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хангалттай хэмжээнд төлөвшөөгүй. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүнийг хүндлэх талаарх ойлголт харилцан адилгүй байна. Манай аймгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан фосфортой гарц хийхээс эхлээд аль болох тэгш гараа олгох гээд хичээж байгаа. Төлөөлөл байж тэр ойлголт хүмүүст хүрч эхэлнэ. Ер нь тэр хүмүүсийн асуудлыг бэрхшээлтэй нь нүүр тулж мэдэрсэн хүн л илүү мэднэ” гэж нэмж хэлэв. Анхны хүү нь түнхний хөгжил дутуу гээд 2 нас хүртэл нь хөлд оруулалгүй тэвэрч явсан амаргүй өдрүүд түүнд бий. Гэмтлийн эмнэлгээр байнга хүүгээ тэврээд явдаг байхдаа мөсөн дээр халтирч унаад гараа хугалж байжээ. Өвчтэй хүүхдээ асардаг ээж, аавуудын зовлонг, хүний гарт ороод хөдөлж явж чадахгүй байхад зам харгуй хүндээ ямар ээлгүй байдгийн зовлонг туулж үзсэн хүн л мэднэ. Тэрбээр “Хүмүүсийн гарааг ижил түвшинд л байлгах хэрэгтэй, гарааны зөрүүтэй байдлаас болж бидэнд боломж бага олддог. Удирдах албан тушаалд байгаа хүн нэг их том зүйл гэхээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, ахмадууд, залуучууд гэх мэт нийгмийн бүх төлөөллүүдийг ижил тэгш гараан дээр авчраад өгөхийг хичээх хэрэгтэй. Тэгвэл тэндээс цааш хувь хүн өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийчихнэ. Гараа хүртэлх саад бэрхшээл их байдаг шүү, тиймээс ижил тэгш гараан дээр очиход нь дэмжих хэрэгтэй” гэж бодож явдгаа бидэнд хуваалцлаа.
Энэ жилийн орон нутгийн сонгуульд МАН аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдээ 30 хувьд хүргэн нэр дэвшүүлжээ. Мөн төлөөлөгчид нэр дэвшиж байгаа 41 хүний 24 нь анх удаа нэр дэвшиж байгаа юм байна. Насны хувьд 29-59 насных ажээ.
Н.Буянсайхан