Би улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжлээр МУИС-ийг төгсөөд төрийн удирдлагын чиглэлээр магистраа хамгаалсан. Сургуулиа төгсөөд “Улаанбаатар” их сургуульд нэг жил багшлаад МАН-ын дэргэдэх НАМЗХ (одоогийн Социал демократ МЗХ)-нд ажилд орж, дараа нь НАМЭХ, Улс төрийн боловсролын институт гээд МАН-ын дэргэдэх ТББ-уудад 10 гаруй жил ажилласан нь миний улс төрийн карьерын эхлэл юм. Энэ хугацаанд Монгол Улсаа дөрвөн удаа бүтэн тойрч, хувь хүний хөгжлийн сургалт удирдан явууллаа. Эргээд харахад, улс төрийн боловсролын институт, эмэгтэйчүүдийн холбоо гээд л, намын дэргэдэх ахмадын холбооноос бусад бүх байгууллагад ажилласан байна. Ийн олон ТББ-д ажиллаж, эх орныхоо өнцөг булан бүрд олон хүнтэй уулзаж, үзэл бодлыг нь сонсож байсан минь өнөөгийн би төлөвшихөд их нөлөөлсөн гэж боддог.
Их сургуульд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг, парламентын мэтгэлцээнээр хичээллэдэг, оюутны зөвлөлдөө ажилладаг, оюутны хөдөлмөр зуучлалын төв байгуулсан идэвхтэй оюутан байлаа. Аав ээж маань дүү бид хоёрт хүн амьдралынхаа эзэн байх ёстой, зүтгэж хөдөлмөрлөж, өөрийнхөө хүчээр амьдралаа авч явах ёстой, ажлыг голж болохгүй гэж сургаж өсгөсөн. Иймдээ ч, багаасаа л олон зүйл туршиж, төрөл төрлийн ажил хийсэн дээ. Сэтгүүлч, зохиолч болох, хүүхэд насны мөрөөдлөөрөө хөглөгдөж, 28-тайдаа “Долоон гарагийн тэмдэглэл”, хоёр жилийн хойно “Бидний мөрөөдлөө биелүүлсэн түүх” гээд, 14 залуугийн түүхийг өгүүлсэн ном гаргасан. Аав ээжийнхээ өгсөн хүмүүжлийг дагаж, идэвхтэй хөдөлмөрлөж ирсэн минь надад маш их зүйлийг өгсөн юм.
Би 2020 онд НИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа урьд нь хоёр жил орлогч даргаар нь ажилласан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонтойгоо эргэн ажиллах болсон. Эндээс миний ирээдүйн зам дурайсан гэж болно. Хэдийгээр хүн болгон байгаль дэлхийтэйгээ холбоотой ч, чин сэтгэлээсээ байгаль дэлхийд хайртай, тэр холбоог илүү гүн мэдэрдэг, салбартаа шунан дурласан хүмүүс энэ ажлыг хийдэг гэдгийг, би тийм хүн юм байна гэдгээ сүүлийн гурван жилд бат ухаарч авлаа. Миний нагац өвөө амьд сэрүүндээ Архангайн Цэцэрлэг сумын худаг гаргадаг ганц хүн нь байсан юм. Одоогоор бол усны инженер хүн. Худаг гаргана гэдэг хүн малыг ундны усаар хангадаг маш чухал ажил шүү дээ. Миний одоо хийж байгаа ажил бол нийслэлийн иргэдийн ундны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээхийн тулд мод тарих, ногоон байгууламж бүтээх ажил. Хүн бүр амьдралд ямар нэг зорилготой, үүрэгтэй ирдэг гэж би боддог. Миний үүрэг бол нийгэмд үйлчлэх, олон хүний сайн сайхны төлөө ажиллах гэж итгэдэг, тийм ч учраас энэ ажлыг хийж явна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг анх байгуулагдахаас одоог хүртэл 10 гаруй жил ажиллачихсан, энэ хүрээлэнг бүтээлцсэн чадварлаг мэргэжилтэн залуус маш даруухан. Би тэднийгээ олны өмнө ярьж, ногоон байгууламжийн ач холбогдлын тухай яриа, сургалт удирдан явуулахад чиглүүлэхийг хичээж байгаа. Чаддаг зүйлээ, хийсэн ажлаа хүнд харуулах нь чухал. Цаашид байгаль орчны салбарынхны манлайллыг нэмэгдүүлэхийн төлөө дуу хоолой нь болж, менежментийн түвшинд зохион байгуулж, манлайлж ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс монголчууд бид 2030 он хүртэл тэрбумаар тоологдох мод тарина гэсэн амлалт өгсөн. Энэ хүрээнд зөвхөн мод тарих ажил хийгдэж байгаа юм биш. Өдгөө манай улсын хэмжээнд 76.9 хувиар хэмжигдэж байгаа цөлжилт дээрх амлалт биелбэл есөн хувиар буурах юм. Есөн хувь гэхээр бага сонсогдож магадгүй ч үнэндээ хэмжээлшгүй ач холбогдолтой. Нэгэнт мод тариад сурчихсан үндэстэн мод тарьсаар л байна шүү дээ. Тархиндаа модны үр суулгаагүй хүн хэзээ ч газарт мод тарьдаггүй. Нэг мод үр байхаасаа нас бие хүрсэн мод хүртлээ багадаа 10 жилийн хугацаа зарцуулдаг. Ногоон байгууламж гэдэг чинь зөвхөн мод биш, зүлэг хэрэгтэй, цэцэг хэрэгтэй, усжуулалт хэрэгтэй, арчилгаа хэрэгтэй, мэргэжлийн хүн хэрэгтэй, төлөвлөгөө хэрэгтэй, төсөв хөрөнгө хэрэгтэй. Бид өөрсдөө ч хөгжөөд, хамтдаа салбараа өргөөд явна. Шат шатны бодлогын бүх баримт бичгүүдэд энэ байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бүтээх ажлууд эхнээсээ тусгагдаж байна. Жишээ нь, 21 аймаг, есөн дүүрэгт ҮЦХ шиг цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар боллоо. Үүнийг дагасан ногоон эдийн засаг, ногоон ЖДҮ хөгжиж байгаа.
Өнөөдөр дэлхий нийтийн хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь уур амьсгалын өөрчлөлт. Монгол Улсын хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг нь цөлжилтийн асуудал. Ирээдүйд үр хүүхдүүд маань уух усгүй, идэх хоолгүй, амьсгалах агааргүй болох эрсдэлтэй байна шүү дээ. Үүн дээр, нийслэлчүүдийн хувьд агаарын бохирдол, хөрсний бохирдол, орчны бохирдлын асуудал хурц байна. Энэ бүхэн дээр дуугарах, ажиллах, манлайлах, нөлөөлөх асар чухал. Практик дээр сурч мэдсэн, одоо онолын мэдлэгтэй болж, нарийн мэргэшин өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, судалгаа шинжилгээний ажил бүтээл хийх ёстой. Карьераа энэ салбарт зориулъя гэж төлөвлөж байна.
П.Номинбилэг