2024 оны 08 сарын 27-ны өдөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан. Энэхүү үйл ажиллагааны хөтөлбөрийн “3.3.2.8.Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэж заажээ. Тус боомт нь зөвхөн монголын өв болсон Говийн мазаалайн амьдрах, суурших нутаг ба мөн хавтгай тэмээ, хулан, хар сүүлт зээр, аргаль, цоохор ирвэс зэргийн амьдрах чухал бүсэд оршиж буй билээ. Хэрэв боомт нээгдвэл тус амьтад амьдрах орчны хумигдалд орж, дайжих, устаж үгүй болох зэрэг аюул нүүрлэх эрсдэлтэй.
Нарансэвстэйн боомт нь Говь-Алтай аймгийн нутагт орших ба БНХАУ-ын Ганьсу мужтай хиллэдэг. Тус боомт нь МУ-ын Засгийн Газрын шийдвэрээр Говийн их ДЦГ-ын “А” хэсэгт 1992-1993 онд нээгдэж 4 удаа ажиллаад, боомт хүрэх замын дагуу хүн, машины хөл хөдөлгөөн ихэссэнээс мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтийн болон бусад зэрлэг амьтад үргэж дүрвэх, хөрс элэгдэл эвдрэлд орох, баянбүрд, булаг шанд бохирдох, хулгайгаар ан хийх зэрэг шалтгаанаас Алтайн өвөр говийн цөлийн экосистемд аюул учирч эхэлсэнийг харгалзан боомтыг хаах шийдвэр гаргасан юм.
Үүнээс хойш Говь-Алтай, Баянхонгор аймгийн удирдлагаас боомт дахин нээх талаар тавьсан хүсэлтийн дагуу УИХ, Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг 1998 он, 2002 онд тус дархан газарт явж ажилласны дүнд: боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй хэмээн дүгнэж, уг хүсэлтүүдийг дэмжээгүй ба харин ДЦГ-ын хамгаааллыг нь улам сайжруулах шаардлагатай хэмээн үзэж УИХ-ын Байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгч байсан юм.
Нарансэвстэйн боомт нээсэн тохиолдолд ГИДЦГ-ын А хэсэгт гарч болзошгүй бодит аюулын тухай товч хүргэе.
- Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд тухайн үедээ дэлхий дээрх хамгийн өргөн уудам нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газар байв. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын хувьд ач холбогдолтой төдийгүй олон улсад үлгэр жишээ болж, үлэмж хэмжээний нутаг дэвсгэр бүхий дэлхийн тусгай хамгаалалттай газрууд байгуулагдахад томоохон түлхэц болсон юм.
- ГИДЦГ-ын А хэсэг нийт 4.6 сая га талбайг хамран оршдог, Монгол Улсын хамгийн том басхүү хамгийн онгон зэлүүд нутаг билээ. Төвөөс алс, хүний ул мөр багатай, өргөн уудам нутгийг эзлэн оршдог нь тус ДЦГ-ын байгалийн зүй тогтол өнөөг хүртэл хөндөгдөлгүй, бүхэлдээ хадгалагдаж ирсэн үндсэн нөхцөл бөгөөд байгалийн ер бусын үнэ цэнийг бий болгосон байна.
- Энэхүү элчилгүй цөлийн амьдрал хатуу ширүүн бөгөөд тэнд орших амьтан, ургамлаас амьдрах орчиндоо дасан зохицох онцгой чадварыг шаарддаг. Том биет хөхтөн амьтдын эсэн мэнд оршихуйн үндэс нь чөлөөтэй нүүдэллэн шилжих өргөн уудам орон зай, саад тотгоргүй хүрэх уст цэг юм. Ийм эрс тэс амьдрах орчинд дасан зохицсон амьтдын тоо толгойн хувьд гаднын ямарваа нэг дуу чимээ, хөдөлгөөн, хүний нөлөөтэй хорогдол хүнд гарз дагуулдаг.
- ГИДЦГ-ын А хэсэг бол дэлхийн өөр хаана ч үгүй, түүхэн хөгжлийнхөө явцад цөлийн эрс тэс нөхцөлд дасан зохицож, тусгаарлагдан үлдсэн Мазаалай баавгайн өлгий нутаг юм. Мазаалайн тоо толгой үлэмж цөөрсөн бөгөөд тэр хэрээр устах аюулд улам бүр өртөж буй амьтан. Өмнө нь мазаалай баавгайн тархац ГИДЦГ-ын А хэсгийн нутаг дэвсгэр болон ойр орчмын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч байсан бол өнөөдөр түүний тархац нь хилийн хамгаалалтын бүсийг оролцуулан ДЦГ-ын хамгийн алслагдсан өмнөд хэсгүүдээр хязгаарлагдах болжээ. ДЦГ-нд нүүрлээд удаж буй хууль бус алт олборлолт, орчны бүсийн малын тоо толгойн өсөлт, хилийн хашаа шинэчлэл зэрэг аливаа нэмэлт дарамт, шахалт нь Монгол Улсын үндэсний бахархалт амьтан төдийгүй дэлхийн өв болсон Мазаалай баавгайг мөхөл рүү түлхэж байна.
- Хавтгай тэмээ дэлхий дээр гуравхан газар үлдэж хоцорсны нэг нь Их говийн ДЦГ-ын А хэсэг юм. Хавтгай тэмээ өргөн уудам нутагт бэлчээрлэдэг, маш үргэмтгий амьтан. Тэмээний амьдрах орчин нь хилийн хамгаалалтын бүсэд, ялангуяа зүүн өмнөд хэсэгт багтдаг. Тээврийн хэрэгслээс гарах аливаа дуу чимээ нь нэг үргэвэл нисэх мэт хурдаар асар хол зам туулан дайждаг хавтгайн зан төлөвийг өдөөх үр дагавартай. Өнгөрсөн хэдэн арваны турш хавтгайн тоо толгой нэмэгдээгүй, харин ч ДЦГ-ын орчны бүсэд буюу умард хэсэгт хүний нөлөө нэмэгдэхийн хэрээр тархац нь
хумигдсаар байна . - ГИДЦГ-ын А хэсэг нь Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц (CMS) д орсон хавтгай тэмээ, хулан, хар сүүлт зээр, аргаль, цоохор ирвэс зэрэг таван зүйлийн хөхтөн амьтдын өлгий нутаг бөгөөд хил дамнасан нүүдлийн чухал нутаг болох нь тогтоогдсон . Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн Төв Азийн хөхтөн амьтдын санаачилгад зориулсан үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу энэ бүс нутгийг хөхтөн 1 амьтдын үндэсний болон олон улсын хэмжээнд чухал холбоос нутаг байдлаар
хамгаалах арга хэмжээнүүд төлөвлөсөн байна. - ГИДЦГ-ын А, Б хэсэг, Говийн бага ДЦГ-ын А, Б хэсэг болон тэдний орчны бүсэд байдаг хайрхан уулсын хамт “Монголын говь” нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэх санал дэвшүүлээд байна. Ийнхүү Монголын говийг нэр дэвшүүлж буй гол үндэслэлүүдийн нэг нь: Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд оршдог ч унаган төрхөө хадгалж үлдсэн, цөлийн олон янзын ландшафтыг цогцлоосон үлэмж хэмжээний энэхүү нутаг бол ховор, ховордсон болон унаган зүйл амьтан, ургамлын гайхалтай иж бүрдэл бүхий маш чухал амьдрах орчин төдийгүй зэрлэг амьтдын өргөн хүрээг хамарсан нүүдэл шилжилт хийх орон зай болдогт оршино. Энэхүү говь цөлийн бүс нутаг бол олон зүйл амьтад, ялангуяа том биет хөхтөн амьтдын амьд үлдэх сүүлчийн ганц түшиц нутаг юм.