1990 онд би 27 настай, нөхөр маань цагдаагийн офицер, хоёр хүүхдийн хамт амьдардаг, нягтлан бодогч мэргэжилтэй залуу бүсгүй байв. 1988 оноос ганзага наймаа түгж эхэлсэн цаг үе. 1988 он гэхэд Чойр гэх буйдхан газарт бараа таваар, наймаа арилжаа хэдийнэ дэлгэрсэн байв. Тиймээс зах зээл, эдийн засгийн эрх чөлөө гэх шинэ харилцаанд хамгийн талархалтай хандаж, басхүү зоригтой оролцож байсан анхны эмэгтэйчүүдийн нэг би яах аргагүй мөн.
Орос цэргийн арми, геологийн экспедиц, орос мэргэжилтэн гээд төмөр зам дагасан газарт олноор байв. Би Чойр гэх буйдхан тосгонд төрж өссөн. Аав Төмөр замд замын техникч, ээж цэцэрлэгийн тогооч. Би 7 хүүхэдтэй айлын том охин. Манайх орос хүмүүстэй ойр харилцаатай, тэдний суурин иргэншил, ахуй соёл, олон тооны амьдралын хэв маягт дасан зохицсон өрх айлын нэг байлаа. Чойрт дунд сургууль төгсөөд, Улаанбаатарт Санхүү, эдийн засгийн техникумыг дүүргэж нутагтаа очин аавынхаа ажилладаг төмөр замын, замын гуравдугаар ангид ня-бо-гоор ажилласан. 1984 онд гэрлэж, 1989 онд Чойроос Улаанбаатар хот руу ам бүлээрээ шилжиж ирсэн юм. Тэр үед миний хоёр эрэгтэй дүү Орост дээд сургуулийн оюутнууд байж, том эгч дүү нарынхаа амьжиргааг чиглүүлж, Орост борлогдох тарваганы арьс бас бус хурдан гүйдэг эд барааг бэлдэж зэхдэг, мөн тэндээс Монголд эрэлттэй тавилга сэлтийг зарж борлуулдаг байв. Санхүүгийн мэргэжил маань тооцоо данс бүртгэлд түүртдэггүй байхад тун хэрэг болж байлаа. Ганзага наймаанд толгойтой бүхэн явж эхлээгүй байхад найз нөхдөө “уруу татаж” сав боодол хийх ажилдаа туслуулдаг, шанд нь мөнгө өгөх бус, Оросоос оруулж ирдэг гурван хавтастай толь, эвхдэг ширээг бэлэглэнэ. Тэр үед бүгдэд л мөнгөний хэрэгцээ их байсан ч найз нөхдөө мөнгөөр хөлслөх харилцаа бидэнд ер байгаагүй. Ерээд оны дунд үеэс бид ганзагад явж, гахай үүрэх наймаанаас шилжиж хувиараа эрхлэх аж ахуй байгуулж эргэлтийн хөрөнгө, ажиллах хүч бий болгож, хөл дээрээ босож ирсэн. Нийгэм, эдийн засгийн цоо шинэ шилжилт нь ороо бусгаа байдлыг бий болгож гуч хүрэх насны бид юу хийх, яах ёстойгоо дүгнэж, сэдэл бүр маань амьжиргаанд хүрэх зорилготой байсан. Дэлгүүрт давснаас өөр бараагүй байсан үе бий. Гахай үүрч ганзаганд гарсан залуус амьдралаа босгож Улс оршин тогтносон түүхийн гэрч бол бид.
Цагаан морин жилийн хувьсгал, монгол хүний амьдралыг цоо шинээр босгосон үйл явдал түүхэн хүндлэл төрүүлдэг билээ. Орчин цагтайгаа хөл нийлэх ирээдүй хойч үе, иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ч ухамсарлан зүтгэж байсан.
Бид өөрчлөлт шинэчлэлт рүү мацаж байхдаа ахуй амьдралын аар саархнаас илүүтэй хойч үе, бяцхан иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ч ухамсарлан зүтгэж байсан. 1996 онд манайх гурав дахь хүүхдээ өлгийдөж, хүүгээ Энхсайхан гэж нэрлэсэн. Ардчилал хүчээ авч төрийн эрх барих боломж нээгдэж байсан үе. Тэр цаг үеийг бэлгэшээж, царай зүсийг зурагтаар харснаас хэтрэхгүй, Ерөнхий сайдын үйл хэргийг ерөөж хүүхдэдээ нэр хайрлаж байв.
Цаг хугацаа өнгөрсөөр улс төрийн тухай ойлголт тодорч ардчиллыг дэмждэг энгийн нэгэн болов. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд сурч оюутан, өөрийн үүсгэн байгуулсан “Хан талст” ХХК-даа Санхүүгийн алба хариуцан ажиллаж байсан үе юм. Би АН-д 2001 онд анх элсэж, 2007-2012 онд Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, 2009-2012 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. УИХ-ын 2008, 2012 оны сонгуульд өрсөлдөн “өвдөг шороодов”. Тухайн цаг үеийн сонгууль шударга байсан тухайд эргэлздэг. Энэ бол Монголын улс төрийн сонгуулийн тухайд цаг үеийн бодит зөрчил болон тэмдэглэгдэн үлдсэний нэг жишээ 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг явдал. 2012-2016 онд Хүүхдийн төлөө Үндэсний газрын даргаар ажиллаж байлаа. Бас төрөлх Говьсүмбэр аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргын албыг ч хариуцлагатай хашиж ирсэн. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт уулзсан хэнтэй ч шударга ёс тогтох, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодог, итгэл төгс, бардам иргэнтэй болсон цагт Төр Улс хөгжинө гэж боддогоо хуваалцсаар ирсэн, хуваалцсаар ч байх болно.
Хүнийг үзэл санааны эрхээр ялгаварлан гадуурхдаггүй нийгэм ирсэн гэдэгт бас итгэдэг. 1990 оны үйл хэргийг эхлүүлсэн Ардчилсан нам хойшид ч манлайлах болно. АН-ын гишүүний хувьд миний бие улс төрд сул, идэвхгүй оролцогч байхыг хүсдэггүй. Улс төрийн нам хэн нэгнийг тэтгэвэрт гаргадаггүй, орчин цагт нас хүйс бол гэрт суух шалтгаан биш гэж үздэг. Ардчиллын үнэ цэн хийгээд ирээдүйн бяцхан иргэдийн амьдралын төлөө өөрийн сэтгэл оюун, цаг хугацаа, хүч бололцоогоо зарцуулахыг хамгийн зөв буян хэмээн эрхэмлэн зүтгэж байна. Цаг үе биднийг идэвхтэй амьдар гэж захиалж байна. Ирээдүйн улс эх орныг авч явах иргэд болсон үр хүүхдийнхээ төлөө туулсан туршлагаараа хүчээ өгөх нь бидний хариуцлага. Яг одоо миний улс төрийн оролцооны хамгийн хариуцлагатай үе эхэлж байна.
Б.ЭНХЦЭЦЭГ