Боловсролын сайд П.Наранбаяр ажлаа авсныхаа дараа багшийн хомсдолыг арилгана гэж мэдэгдэж байсан. Тэрээр асуудлыг шийдэхээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны багшлах эрхийн сургалтад хамруулж багшлах эрх олгохоор журамлажээ. Үүнтэй холбоотой багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үйл ажиллагааны журам ч баталсан байна.
Журмаар математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавр зэрэгтэй иргэд багшлах эрхийн сургалтад хамрагдах боломжтой болжээ. Мөн эдгээр чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд ч багшлах эрхийн сургалтанд хамрагдан ардын багш болох юм байна.
Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулах аж. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм байна.