Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ оны мэндчилгээний үеэр гэрийнхээ зурагтын өмнө дунд хуруугаа гаргаж, зураг авч сошиал сүлжээнд оруулсан гурван иргэн тус бүр 100 мянган төгрөгөөр торгуулав. Цагдаагийн байгууллагаас хэн нэгний гомдлоор хийгээгүй Ерөнхийлөгчийн тухай хууль, эрхзүйн хамгаалалтын хүрээнд энэхүү ажиллагааг явуулсан хэмээн тайлбарлаж буй.
Өнгөрсөн намар түүний бичлэгийг хиймэл оюун ухаан ашиглан хятадаар яриулан сүлжээнд түгээсэн хүмүүс хоригдож байгаа төдийгүй цагдан хорих сарыг нь дахин сунгахаар болжээ. Мөн Ерөнхийлөгчийн найз А.Сайханбаярын удирддаг батлан хамгаалахын салбарт нүүрлэсэн асуудлыг сөхөж бичсэнээр буруутан боллоо хэмээж байсан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоригдох нэг сарын хугацаа дуусаагүй байхад нэмж сунгаж хүчийг үзүүлсэн явдал оны өмнө болсон. Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн хорих шаардлагагүй, гадуур шалгаж өгөөч хэмээн хэвлэлийн хурал хийлээ.
ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд хурандаа С.Тайван цахим орчинд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 19-ний өдөр нийтэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт болгосон бичлэгийг “Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Дэлхийн улс орнуудад ийм хэргүүд гардаг уу гэвэл гардаг. Обама ч, Путин ч ийм байдалд орж, Украины Ерөнхийлөгч Зеленский бэлхүүсний бүжиг ч хийж байсан удаатай. Энэ тохиолдолд иргэд нь ч ойлгодог, хэвлэлүүд ч факт чек хийж зарладаг, улстөрчид ч худлаа шүү гээд зарладаг. Харин манайд зарим нэг хүмүүс их эмзэг байна уу, өмнөөс нь хүмүүс эмзэгшиж гүйгээд байна уу нэг тийм хаана хаанаа таагүй байдал үүсээд удлаа.
Шинэ жилийн орой болсон хуруу гаргалт дээр тэртээ тэргүй олон нийт дүгнэлтээ өгчихсөн. Муу сайн ч төрийн тэргүүн, ёс ёмбогор, төр төмбөгөр өөрсдөө ч ийм байдал гаргаж, үр хүүхдээ ч ингэж болохгүй гээд ёс зүйн асуудал дээр олон нийт дүгнэлтээ гаргачихсан зүйл дээр цагдаа мөрдлөг хийж, торгууль тавьж байгаа нь илүү хэрэг болсон.
Манай Ерөнхийлөгчийг хятадаар “ярих”-ын өмнөхөн буюу аравдугаар сарын 26-ны өдөр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодог мөн хиймэл оюун ухаан ашиглан хятадаар яриулж, тик ток дээр тавьсан байсан. Энэ бичлэгийг нь хэдэн сая хүн үзсэн байсан бөгөөд манайх шиг хэрэгтнийг олж цээрлүүлсэн мэдээ сэлт төдийлөн харагдахгүй байгаа юм. Зөвхөн Мэдээлэл харилцаа технологийн сайд нь хуурамч бичлэг гэж мэдэгдсэн. Англи дээр ярьсан 2015 оны бичлэгийг ашиглаж, хятадаар яриулсан энэ бичлэгийн дор олон нийт “Гайхалтай манай ерөнхийлөгч мандаринаар ярьж байна”, “Амыг нь маш сайн бариулсан байна” гэх агуулгатай байжээ. Харин манай Ерөнхийлөгч хятадаар ярьсан энэ хэрэгт олон нийтийн үзүүлж байгаа хандлага, төрийн тэргүүний зүгээс гаргаж байгаа зэрэг хандлага нь урд хөршийн харилцаанд тийм ч таатай зүйл авчрахгүй байх магадлалтай. Гадны улс орнуудад ийм хэргүүд гарвал дотооддоо шуугиад өнгөрөхөөс гадна олон улсын харилцаанд ямар эрсдэл дагуулахыг аль аль шатандаа сүрхий тунгаадаг гэх юм билээ.