Z MAN ингэж өгүүлэв
Элбэг угаасаа элбэгхэн эр л дээ. Стэнфордод багшилж, Зелинский, Обаматай уулзаж, дэлхийгээр хэрж, энх тайван, ардчилал, хүн төрөлхтний шинэ ололтуудаас эрэлхийлж явна. Чингэж явахад Монголын Цахиагийн Элбэгдоржтой Монгол гэдэг нэр хамт явдаг. Энэ хэрээр дэлхийн геополитик, Монголд хэрэгтэй бусад шалтгаанд Элбэк Жоорж өөрийгөө зориулж яваа. Төрийн соёрхолт Б.Цэнддоо нэгэнтээ түүнийг егөөдөн ийнхүү нэрлэж бичиж байв. Элбэгээ уржигдар АТГ-ын үүдэнд мэдэгдэл хийлээ. Хэвлэлүүд бүччихэж. Түүний хэл үг тийм эрэл суралтай байна. Мань хүн хэллээ. Намайг долоон жил шалгасаан. Гэмт хэргийн бүрдэл үгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосоон гээд, “Харин намайг 2024 оны сонгуулийн үеэр увайгүй гүтгэсээн” гэж нэмээд, тэгээд АТГ руу зааж асуух юм байна гэсэн хэмээн хариулчихаад СОР17 руу явна гэж хэлээд орсон. Энэ хэдэн үгийг нь сонсох гээд хэвлэл мэдээллийнхэн эх адаггүй очсон байна лээ.

Мөн туршуул, уруулч нар ч очсон харагдсан. Тэр 2024 оны сонгуулийн үеэр гэж хэлж байгаа нь хэрэг дээрээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн суртлыг л хэлж байгаа хэрэг. Элбэгээ наадмын дараа Эрдэнэтэд очоод, наадмын төв индрийн хамгийн арын суудалд суучихсан байсан. Бас л хэвлэл мэдээлэлд бүчүүлээстэй. Тэр үеэрээ Эрдэнэтийг ард түмэнд өгөх хэрэгтэй гэж хэлнэ билээ. Өмнө нь өөр юм ярьж л явсан хүн л дээ. Гэхдээ одоо тэгж ард түмэнд өгөх хэрэгтэй гэдэг нь туйлын зөв. Эрдэнэт Монголыг тэжээдэг. Монголын улстөрчдийг мөн тэжээдэг. Идүүлдэг. Одоо ч идсээр байгаа. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр Должингийн Эрдэнэбилэгийг Эрдэнэтийг эх орондоо авчрахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Одоо болтол Эрдэнэтийн хэрүүл дуусаагүй байгаа. Төр Д.Эрдэнэбилэгээс дээрэмдчихсэн. Төр дээрэмдсэн мөртлөө өглөгөө одоо хүртэл барагдуулаагүй байгаа. Д.Эрдэнэбилэг нь дүрвэж дүрвэж сая Х.Нямбаатартай бараг хөтлөлцөөд ирэх шиг болсон. Шүүх нэг талдаа зөв ажиллаж эхэлсний шинж байх. Одоо Эрдэнэтийн үнэнийг Д.Эрдэнэбилэг, Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа, Г.Ёндон нарыг халз нүүрэлдүүлээд, балансаас балансыг бариад уг үйлдвэрийн асуудлыг нэг мөр ярих ёстой. Тэгээсэй гэж Ц.Элбэгдорж тэрхүү “Ард түмэнд уг үйлдвэрийг өгөөсэй” гэж хэлсэн байх. Ард түмний хоол болоосой, улстөрчдийнх биш байгаасай гэж тэгж хэлсэн байх. Цахиагийн Элбэгдоржийг Э.Бат-ҮҮл нь “Одоо битгий яв, хамт бай, эндээ бай” гэж хэлж ятгасан байна билээ. Э.Бат-Үүл ч, У.Хүрэлсүх ч тэгж ятгаж байх талтай. Учир нь Ц.Элбэгдорж Монголын улс төрийн геополитикт хэрэгтэй хүн. Тэгж бэлтгэгдсэн, төрсөн улстөрч. Монголын асуудал амаргүйгээр дүүрэн байна. Хагарал цууралтай, шатахуун нөөцгүй, хоёр айлын дунд “бүлтийж” л байгаа. Чухам энэ энийн учраас Цахиагийн Элбэгдорж Монголдоо байх нь хэрэгтэй. Зөндөө л явж, явж ирлээ. Одоо Монголдоо жилийн найман сарыг үзэж баймаар байна. Хоёр гурван сард нь тэр Стэнфорд, энүүгээр тэрүүгээрээ явдаг юм байгаа биз. Ардчилсан нам гэж айлыг өөд таталцах хэрэгтэй. Эрх барилцах хэмжээнд аваачих хэрэгтэй. Үүнд Ц.Элбэгдоржийн тус их. Ардчилсан намын залуус өөрсдөө энийг хэлж байна билээ. Тиймээс Ц.Элбэгдорж эх орондоо суух нь илүү өлзийтэй. Хааяа тарваганы мах идмээр санагдсан ч…
Z MAN

