Спикер С.Бямбацогт банкны хар жагсаалт гэдэг юмыг цэгцэлнэ ээ, зөв болгоно оо гэж хэлээд 48 цаг болж байх шиг байна. Гэтэл энэ цаг дотроо Монгол банкны Ерөнхийлөгч Санжаагийн Наранцогтыг хүлээн авч уулзаад, ажлыг гуч хоногийн хугацаанд амжуул хэмээгээд үүрэгжүүлээд гаргаж. С.Наранцогт ч хэлсэн хугацаанд нь ажлыг гүйцэтгээд, тайлагнана гэдгээ өчжээ. Хурдтай ажиллах нэн сайн. Үр дүн нь мөн хурдтай гарч, нийгэмдээ эерэг зөвийг бүрдүүлж байвал хүн арддаа л тустай. Үнэндээ төрийн үүрэг бол нийгэмдээ үйлчлэх л шүү дээ.

Монгол банк бол маш их ажил хийх ёстой газар. Улсын эдийн засгийн үндэс төв банкаас бүрэн хамааралтай. Энэ банк арилжааны банкуудын хүүг ард түмэнд ойртуулах, хөрөнгө оруулалтын орчныг зөв бүрдүүлэх, санхүүгийн олон талт үйлчилгээг иргэнд ээлтэй болгох талаар мөн чиг их хийх ажил бий дээ. Юутай ч зээл авсан иргэдийн ямарваа нэг эндлээс болж, хар жагсаалтад таван жил тамгалагддаг байдлыг халж, илүү уян хатан, мэдрэмжтэй болгох ажлыг УИХ-ын дарга эхлүүлсэн нь гараанаасаа тун хурдтай гарч байгаа нь сайн хэрэг. Хар жагсаалтад нэг орчихсон хүн, аж ахуйн нэгжийг ерөөс хойт талын хар овоохойн үлгэрээр “мөнх” адлаж болохгүйг УИХ-ын дарга, Монгол банкны удирдлагыг томилдог байгууллага ойлгосон нь, үйл ажиллагааны нь тортог, бөглөрлийг ийнхүү гаргах болсон нь талархалтай. Цааш уламжлаад, Монгол банк дахь ургийн мод, дарга ихэсийнхний үр садын цус ойртсон боловсон хүчний бодлогыг ч өөрчлөх ёстой. Иргэн, аж ахуйн нэгж нь эдийн засгийн хүчтэй байж л улс орон хөгжинө. Гэтэл иргэнээ, аж ахуйн нэгжээ Төв банк хар жагсаалтад чөдөрлөөд аливаа эдийн засгийн хөдөлгөөн хийх боломжгүй болгосныг засах нь шинэ эргэлт үүсгэнэ, маш сайны дохио. Адаглаад иргэн, аж ахуйн нэгжийн урам зориг, санаачлагад ямар их сайн өөрчлөлт гарахыг харж ядах зүйлгүй. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогтын санаачлага, эрх мэдлийн хуваарлилтаар оноогдсон байгууллагадаа, тэр тусмаа Монгол банкинд эдийн засгийн эрх чөлөөний шинэ агаар, урсгал үүтгэж байгаа энэ ажлыг ард түмэн ч, нийгмийн нийтлэг эрх ашиг ч бодьтой дэмжих биз ээ. Тиймээс Сандагийн Бямбацогтын өгсөн гуч хоногийн хугацаат үүргийг Санжаагийн Наранцогт хэрхэн биелүүлэхэд хяналт тавьж ажиллах нь, бүхний эрх ашиг болно. Энэ бол Төрийн эрх барих дээд байгууллагын хяналт шалгалтын зарчимтай утга ижил юм. Төр бол нийт ард түмний сонголтоор байгуулагддаг.
Z MAN

