“Урт цагаан”-ы барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох шийдвэр гарсантай холбоотой барилгыг баруун хэсгээс нь эхлэн барилга нураалтын ажил явагдаж байна.
Социализмын үеийн Монгол Улсын хамгийн анхны худалдаа, үйлчилгээний нэгдсэн төвийн барилга болох “Урт цагаан”-ы барилга нь 1958 онд баригдсан. Уг барилгад баригдсанаас нь хойш ганц ч удаа урсгал засвар хийгдэж байгаагүй. Тус барилга нь 65 жилийн өмнө хотод ирсэн хүмүүсийн үзвэл зохих гудамж байсан бол одоо хотын төвд байрлах навсгар байшин болжээ. Тэнд үсчин, гоо сайханч, гуталчин, оёдолчин, цаг засварчин, цайны газар, ломбард, гээд үйлчилгээний газрууд байдаг ч иргэдийн хувьд алт мөнгөний ченж, алт мөнгөний дархан хэрэгтэй бол очдог болсныг хэн хүнгүй мэднэ.
Тус барилгад Мэргэжлийн хяналтын газраас буулгах шийдвэрийг 2019 онд гаргасан боловч өдийг хүртэл хэрэгжээгүй байсан. Харин Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар томилогдсон даруйдаа “Урт цагаан”-ы барилгыг буулгах шийдвэр гаргасан.
Уг барилгыг нураах шийдвэр гаргаснаас хойш буюу 2020 оноос тус барилгын түрээслэгчдээс түрээс авалгүй явсан байна. Уг барилгыг нураах шийдвэр 3 сар биш 3 жилийн өмнө гарсан боловч тус барилгад үйл ажиллагаа явуулж буй иргэд барилгыг бүрэн чөлөөлж өгөөгүй байгаа аж. Барилгын түрээслэгч нарыг өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 19-ний дотор барилгыг чөлөөлөхийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч барилгыг чөлөөлөөгүй байна. Улмаар тог цахилгааныг нь хязгаарласан боловч зарим түрээслэгчид барилга дотор мотор ажиллуулан сууж нураалтын ажилд хүндрэл учруулсан байна.
Барилга нураалтын ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ны өдөр албан ёсоор эхэлсэн байна. Нэг талаараа өнөөдөр балгас болсон “урт цагаан”-ыг нурааж цэцэрлэгт хүрээлэн болгох нь зөв ч нөгөөтэйгүүр эрх баригчид энэ мэт түүхэн дурсгалт барилгаа арчилж тордож урсгал завсар хийгдэж байсан бол энэ хэвээр нь ч үлдээх байсан байх гэсэн иргэд байхад одоо хотын төвд барилга хэрэггүй ногоон парк хэрэгтэй хэмээн дэмжиж байгаа нэгэн ч байна.
“Урт цагаан”-ы барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох талаар цахим санал асуулга явуулахад 3564 иргэн санал асуулгад оролцсоноос 3419 нь ногоон байгууламж барихыг дэмжсэн байна.