Айлд нөхрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэдэг үг бий. Энэ нь тухайн айл ямар сэтгэгдэл үлдээх нь эхнэрээс шалтгаалдаг гэсэн үг. Яг үүнтэй адил аймаг орон нутгийн өнгө төрх ямар байхад эмэгтэйчүүдийн оролцоо чухал байдаг бололтой. Угаас эмэгтэй хүмүүс гэр бүлийнхээ сайн сайхандаа илүү анхаардаг шигээ амьдарч буй орчин, нийгмийнхээ сайн сайхны төлөө анхаарлаа хандуулж байдаг. Үүний илрэл нь аймгуудын өрсөлдөх чадварын индексээс харагдаж байна. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь аймгуудын өрсөлдөх чадварын индекстэй шууд хамааралтай гэж дүгнэж болох юм.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.
Аймгуудын өрсөлдөх чадварын 2022 оны тайланд 21 аймгийн өрсөлдөх чадварын индекс 65 болж өмнөх жилийнхээсээ зургаан оноогоор буурсан. Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд тэргүүлсэн хэвээр. Харин Дундговь аймаг хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн. Нийт 17 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн жилээс буурсан юм.
Аймгийн өрсөлдөх чадварынх нь оноо хамгийн их буурсан аймгуудын тоонд Увс, Баян-Өлгий, Ховд багтаж байна. Үүнийг задлаад харвал, тухайн аймгуудын шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага түвшинд байгаа нь харагдаж байгаа юм. Тухайлбал, Увс аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь ес, Баян-Өлгий аймагт 12 хувьтай байна. Гэхдээ энэ тайлан 2022 оных буюу Ховд аймаг эмэгтэй Засаг даргатай болохоос өмнөх үеийн үзүүлэлт гэдгийг хэлэх ёстой байх.
Харин өрсөлдөх чадвараараа тэргүүлж буй Дорноговь аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 22 буюу бусад аймагтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
Дээрх баримтаас харвал жендэрийн мэдрэмжтэй сонгогчидтой аймгууд өрсөлдөх чадвар сайтай байна. Мөн ИТХ-ын даргаар нь эмэгтэй хүн ажиллаж буй Сэлэнгэ, Хэнтий аймгууд өрсөлдөх чадвараараа дээгүүр жагсаж байгаа юм. Ийнхүү удирдлагын багт нь олон эмэгтэй ажиллаж буй аймгууд өрсөлдөх чадвар сайтай байгаа нь санаандгүй тохиолдол биш бололтой.
Зарим аймгийн ИТХ-д нэр дэвшсэн эмэгтэйчүүд бараг бүгд сонгогдож байгаа нь сонгогчид ч жендэрийн мэдрэмжтэй болж, эмэгтэй улстөрчдөд илүү итгэх болсон нь харагдаж байна. Тухайлбал, 2020 оны ИТХ-ын сонгуулиар Ховд аймагт есөн эмэгтэй нэр дэвшсэнээс долоо нь сонгогджээ. Энэ нь олон нийт эмэгтэйчүүдэд итгэж саналаа өгдөг гэдгийг батлахаас гадна цаашдаа эмэгтэйчүүдийн квотыг нэмбэл орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхээр байгааг харуулж байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхыг хуульчилж өгсөн бол Орон нутгийн сонгуулийн тухай хууль хуучнаараа буюу 20 хувийн квоттой байгаа. Одоо шинэчлэн найруулах үедээ энэ хувь хэмжээг 30 хувь ч биш наанадаж 40 хувьд хүргэх нь орон нутгийн хувьд зайлшгүй шаардлага болж байгаа юм.
Олон жилийн турш эрчүүдээр аймаг орон нутгаа удирдуулж үзсэн сонгогчид одоо эмэгтэйчүүдэд илүү итгэх хүлээлгэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь ч шууд болон шууд бусаар үр дүнгээ өгсөөр байгаа нь аймгуудын өрсөлдөх чадварын индексээс харагдаж байна. Үүнээс үзвэл ирэх жилийн ИТХ-ын сонгуулиар хэр олон эмэгтэйд итгэх хүлээлгэхээс тухайн аймгийн өрсөлдөх чадвар ямар байх нь шалтгаалах бололтой.
Эх сурвалж: eagle.mn