БЗД-ийн 26-р хороонд хэл амтай хэдэн айхтар хүмүүс амьдран суудаг гэж бодох хүмүүс бий. Айхтар хэл амтайдаа биш хүн амьдрахад хэцүү нөхцөл бий болгож, хүн амьдардаггүй мэт төрийн шийдвэр гардаг учраас аргаан ядаж асуудлаа ярьснаас айхтар хэл амтан шиг болчихдог билээ. Хорооны маань ширэнгэн ой шиг шигүү барьсан барилгууд нь Хонконгт байгаа мэт санагдуулна. Гэвч амьдрах орчин нь шал өөр Хонконг. Тэнд шигүү ч эмх цэгцтэй, цэвэрхэн. Харин энд өөр. Бид нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг гэх.
Алдарт БЗД-ийн 26-р хороонд амьдрал хэцүү байна. Том байна гээд хуваагаад 36-р хороотой болсон. 26 ч байсан 36 ч болсон асуудал яг хэвээр. Улсын сургууль ч цэцэрлэг ч ховор. Нөгөө бөөн хэл ам дагуулсан бордюрын асуудал манай энд сар үргэлжилж, одоо болтол зам дээр бордюрууд хөглөрсөөр, явган хүний замыг нь хуулсан, ундуй сундуй байдалтай хэвээр. Явган хүний зам дээр тэргэн дээрээ балчрууд донсолж, эцэг эх эмээ өвөө нь уран жолоодлого хийх гэж чадвараа шалгаастай. Буруу төлөвлөлттэй хотын азгүй оршин суугчид бид байнгын нийгмийн стресстэй, машинаасаа буугаад бие биенээ алгадаад авахад бэлэн явна. Энэ хороо хамгийн их нятралшилтай мөртлөө машины нийтийн зогсоол байхгүй. Тиймээс үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх гэсэн хэдэн машинууд нь “орк” гэсэн наалт наалгуулахаасаа ч айхгүй 1-р эгнээнд машинаа байрлуулсаар л. Одоо ямар тэгээд агаар дээр машинаа байршуулалтай биш. Тэднийг зүхэхээсээ амьдралаас хол төлөвлөлт, шийдвэрт бухимдаж байна.
Уг нь цөөхөн хэдэн хүнийг тухтай аюулгүй орчинд амьдруулахад тийм хэцүү зүйл биш. Хамгийн гол нь хүсэл л байхгүй явж ирснээс бид ингэж амьдраад байгаа мэт. Хамгийн сүүлд шахам баригдсан энэ хороог хамгийн сайнаар төлөвлөж болох л байсан. Гэтэл хамгийн муугийн жишиг болсон учраас эндхийн оршин суугчид хамгийн муугаар, хамгийн ууртай амьдарч байна. Монголчууд бид ажил төлөвлөж сураагүй, туршлагүй гэж хэлэхэд хэцүү. Учир нь бид дэлхийн том том төслүүд дээр ажиллаж байна. Уг нь бид “би чадна” гэсэн хэдээсээ арай гайгүй “мундгуудаа” ажил хийлгэх гээд цалин хөлсийг нь өгөөд төлөөлөл болгоод дээш нь гаргачихсан байгаа гэж ойлгодог ш дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, эрх мэдлийн боломжийг хамаг сайнаараа эдэлж байгаа хүмүүст энэ боломжийг өгсний хувьд эргүүлж бид асуух ёстой гэж бодох юм.
Хотын дарга маань уур нь хүрэхээрээ “Би хийхээ болчихьё” гэж ялархаж харагдах юм. Хийнэ гэж оччихоод дундаас нь хүүхэд нохой айлгаж байгаа мэт энэ мэт зан гаргадагаа одоо байчихмаар байна. Уг нь гуйгаад энэ албанд тавьчихсан юм байхгүй байгаа шүү гээд хэлчихмээр. Гэхдээ нөгөөхийн маань энэ зан заримд маань таалагдах юм аа бас. Бүүр ажил хийж байгаа хүнийг ажлыг нь хийлгэж, ааштай ч гэсэн хийгээд байгаа юм, тэгж байгаад уурлуулаад хийхээ болиулах нь гэж ирээд явж өгнө. Жинхэнэ тархидуулчихсан гэдэг нь энэ байх.
Бид нар гуйж хийлгүүлээд байгаа юм биш ээ. Харин өөрөө энэ сонголтоо хийж, ажиллана гэж ирчихээд айлгаад байж болохгүй ээ гэдгийг ойлгочихоор байна, манай хорооныхон, манай хотынхоон.
Ажлыг хэрэлдэхгүй, айлгахгүй, гоншигонож, янз бүр болохгүй хуульд ямар байна, журамд юу гэж заасан байна тэгж хийдэг зарчимд суралцмаар байгаа юм.
Үе үеийн хотын дарга нар өөрийгөө биш өмнөх хотын дарга нарлуугаа алдаагаа чихэж, систем нь угаасаа алдаатай байлаа хэмээн бусдыг шалбаагт унагаад сурчихсан байдаг. Уугаасаа болж бүтэхгүй, болдгүй ажил дээр ирчихсэн болохоор тэгээд гоё хоттой болохгүй л гэсэн үг юм болов уу даа.