Саяхан “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг УИХ-аар баталлаа. Амьтад ч гэсэн энэ дэлхийд амьдрах эрхтэй, энэ дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй гэдгийг онцлох болсон өнөө цагт чухал хууль биз ээ. Нохой, муурыг бүртгэлжүүлж, эрүүл мэндийг нь хамгаалах үүднээс вакцин хийж, асран хамгаалах чадвартай хүмүүс тэжээх талаар уг хуулинд заажээ.
Гэхдээ бид хууль үйлдвэрлэхээсээ илүүтэй хэрэгжилт ямар байгааг бусад баталсан хууль тогтоомжууд дээрээ ярьж, хянаж, анхаарал тавих шаардлагатай байна. Манай хүн амын 3,3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг. Гэхдээ энэ хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дандаа бүрхэг явж ирлээ.
“Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь ажил, албан тушаалынхаа 4, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүмүүсийг ажиллуулна” гэж заасан байдаг. Хэрэв үүнийг биелүүлээгүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлөх тухай заасан байдаг. Энэхүү төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд зарцуулагдана гэсэн байдаг билээ.
Хуулийн яг энэ зүйл заалт хэрхэн биелдэг нь сонин. Татаас аваад цааш халамжийн байдлаар өгөхөөсөө илүүтэй аль болох ажил эрхлэхэд нь тусалдаг бодлого илүү чухал санагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа одой хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал үнэхээр ард хоцрогджээ.
2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулин дээр одой гэсэн утгаар хайлт хийж үзэхэд ердөө ганцхан удаа энэ нэршил орсон байх бөгөөд 2016-2023 оны хооронд тус хуулинд хийгдсэн нэмэлт өөрчлөлтөд нэг ч удаа энэ хүмүүсийн эрхийг хамгаалах тухайтад нэмж дурдаагүй байгаа юм. Харин тэр хуулин дээр “1.1.байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох” гэдгээс өөрөөр байхгүй. Үнэхээр онцгой хэрэгцээтэй тэдэнд ажил эрхлэх боломж хэр байдаг бол?
Тэднийг кинонд хаа нэгтээ тоглуулах нь бий. Гол дүр гэхээсээ хажуугийн өвөрмөц сонин дүр төрх болгож харуулна. Циркт бага сага гараанд гардаг байсан. Харин сүүлийн үед Ханжоугийн параолимпт бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтээр Ц.Баттулга, Д.Саруултөгс нар хүрэл, мөнгөн медаль авсан нь анхаарал татсан мэдээ болон хүрсэн юм.
Ц.Баттулгын “Үнэн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би багын л спортлог хүүхэд байсан. Ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, биллиард гээд бүгдийг нь тоглох дуртай. Одоо ч гэсэн зав гарвал заал руу гүйдэг. Надад бөөрөнцөг түлхэлтийн спортоор хичээллэх сэдлийг төрүүлсэн хүн бол Булган аймгийн Чинван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ханддорж. Зуны амралтаараа манай найзууд багшид тусалсан юм билээ. Тэр үед Хандаа багш “Тулгаа маань паралимпийн спортоор цаашид хичээллэвэл амжилт гаргах бүрэн боломжтой” гэж хэлснийг найзууд маань надад хэлж байсан юм. Би тэр тухай сонсоод спортын ямар төрлүүд байдаг, хэнтэй уулзвал мэдээлэл олж авах талаар юу ч мэддэггүй байсан. Гэхдээ л багшийн хэлснээр нэг оролдоод үзэх юмсан, өөрийнхөө юу чаддагийг мэдэхийг хүсэх болсон. Тэгж яваад нэг удаа сонирхолтой үйл явдал тохиолдсон нь өнөөдрийн эхлэлийг тавьсан. Ангийнхаа хүүхдийн төрсөн өдөрт очих гээд Спортын төв ордны урдуур өнгөрч явсан чинь пальтотой хоёр хүн намайг ээрээд явуулдаггүй. Тэгсэн нэг нь “Намайг Батдорж гэдэг. Пара хөнгөн атлетикийн ерөнхийлөгч. Энэ хүн бол манай хөнгөн атлетикийн багш Төмөр” гэж танилцуулаад надад олон зүйлийн талаар ярьсан. Тэгээд болоогүй “Чамайг паралимпийн спортоор хичээллүүлмээр байна. Хичээллэх үү” гэсэн санал тавьсан юм. Ингэж миний бодож явсан зүйл биеллээ олж өөр нэгэн шинэ зүйлийг амьдралдаа оруулах гэж хичээсэн. Тэгж паралимпийн спортоор хичээллэснээс хойш өнөөдрийг хүртэл спортдоо үнэнчээр зүтгэж байна. Тухайн үед намайг олж харж санал тавьсан багш нартаа маш их баярлаж явдаг юм.
Анагаахын дээд сургуульд сурдаг байсан учраас уншиж, судлах зүйл ихтэй, өдөр болгон шүүлэг өгдөг байсан. Үүний хажуугаар спортын бэлтгэл хийхэд амар байгаагүй. Манай бэлтгэл 15:00 цагаас эхэлдэг, хүчний болон шидэлтийн бэлтгэл хийдэг байв. Бэлтгэлээ аль болох таслахгүйн тулд хэрвээ хичээлийн цаг давхацвал ихэвчлэн чөлөө авчихдаг оюутан байлаа. Багш нар чөлөө өгөхдөө юу гэж дуртай байх вэ. Олон удаа чөлөө авсан болохоор багш нар заримдаа “Эмч болох юм уу, тамирчин болох юм уу” гэж зэмлэнгүй асууна. Гэсэн ч би алийг нь ч орхихыг хүсээгүй. Өглөөнөөс оройн 20:00 цаг хүртэл хичээлдээ явж, бэлтгэлээ хийсний дараа гэртээ харьдаг байсан юм. Тэгээд болоогүй оронгуутаа шууд унтаад 24:00 цагт босож үүрийн 04:00 цаг хүртэл хичээлээ хийж цагаа зохицуулдаг оюутан байсан. Ингэж хичээсний үр дүнд өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан” гэж ярилцлага өгсөн нь тэд ямархан потенциалтай гэдгийг харуулж байгаа юм. Гэхдээ ингэж хүчээ дайчилсан нь цөөхөн. Олонхи нь тэгш бус нийгмийн золиос болж, дэмжлэггүй суух нь элбэг.
Гэтэл гадны улс орнуудад энэ хүмүүсээ бодлогоор дэмжиж байна. Хятадад байх одой хүмүүсийн тосгонд угаалгын өрөө, гал тогоо, сандал, ширээ, ажлын байр нь бүх зүйл нь тэдэнд зориулсан байдаг. Энгийн хүмүүсийн хувьд энгийн мэт олон зүйлс тэдэнд том бэрхшээл болж байдаг. Дэлгүүрийн лангууны өндөр, сандалын хэмжээ, цахилгаан шатны товчлуур гээд дурдвал дуусахгүй. Элдэв халамжаас илүүтэй тэдэнд тогтвортой ажлын байр бий болгох нь төрийн том бодлого том дэмжлэг билээ. Одой гэдэг нь ондоо гэсэн үг биш ээ. Арай өөр хэрэгцээтэй, тусгай нөхцлийг бүрдүүлэхэд л хангалттай.