Z MAN юу гэж өгүүлэв…
Он гараад дараалсан хоёр сонгуулийн буухиа эхэлнэ. Манайдаа хоёр том намын ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хөнгөхөн харьцуулаад нэг харцгаая. Сангажавын Баярцогт Янгугийн Содбаатараас долоо ах. Я.Содбаатарыг арван зургаан настай байхад С.Баярцогт хэдийнэ улс төрд орчихсон, Улсын Бага Хурлын гишүүн буюу Ардын Их хурлын депутат болчихсон байсан. Мөн С.Баярцогт 1996 онд байнгын ажиллагаатай парламентын гишүүн болсноос 16 жилийн дараа 2012 онд Я.Содбаатар анх жагсаалтаар гишүүн болж байв. Я.Содбаатарыг УИХ-ын гишүүн ч болоогүй байхад С.Баярцогт Байгаль орчны сайд, Сангийн сайдын албан тушаалыг хашчихсан байв. Зөвхөн эдгээр хэдэн үзүүлэлтээс үзэхэд С.Баярцогт улс төрийн туршлагаараа Я.Содбаатараас ихээхэн хол түрүүлсэн нь ойлгомжтой. Ийм ялгаа бий ч , сүүлийн 14 жилд С.Содбаатар богино богинохон хугацаанд Зам тээврийн сайд, Шадар сайдын албыг хашиж амжсан. Мөн тэгээд Ерөнхийлөгчийн Тамгын даргын албыг хашсан нь арай илүү тогтвортой ажилласанд тооцогдож болох. Гэвч энэ хугацааны зэрэгцээнд С.Баярцогт УИХ-ын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг хариуцлагатай албыг хашин, албан тушаалын жингээ хадгалжээ. Я.Содбаатар бол цэвэр У.Хүрэлсүхийн төлөөний “албат”. С.Баярцогт нь Ц.Элбэгдорж талыг гүн баримтлагч. Энэ хоёр хүн У.Хүрэлсүхийг өнгөрөгч жил Чех, Польшид айлчлахад шадарлан явсан агаад мөн явдлаас улбаатайгаар С.Баярцогт нь эдүгээ АН-ын генсекийн суудалд суучихсан байгаа нь үнэн. Энгийн логикоор харахад энэ хоёр хүнийг нэгийг нь АН-ын, нөгөөг нь МАН-ын генсекээр хэн тавив гэхээр мөнөөх айлчлалын тэргүүн хүн нэрлэгдэнэ. У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж хоёр алсуур найрт, нэгнийхээ талаар муу үг үл унагах бөгөөд энэ зохионгуйд үндэслэгдэн С.Баярцогт “тугаа” мандуулж эхэлсэн нь нууц биш. С.Баярцогт түрүүлж ургасан чихийн хувьд, улс төрийн элдэв лай ланчиг, үйл кармагаа эдлээд хар гэрт хүртэл суугаад гарчихсан. Тэр таван зуун хоног тэр гэрт түгжигдэхдээ гар дээрээ сунайж, мөнөөх “учралт” гэрийнхээ шал ханыг угааж хэр хатуу хүн гэдгээ бусдада ч өөртөө ч харуулсан байдаг. Тэгээд арван жилийн ялаа хоёр жил орчимд эдлээд, дээд шүүхийн дэнслэлээр ивээлт боломж эдлэн эдүгээ эрх чөлөөнд яваа хүн. Я.Содбаатар нь ЖДҮ тэргүүт, маш олон лоосуут, булхайт, идлэг уулгын “эмээлд” эзэн нэрлэгдэж, цэвэргүй түүхтэйгээр энд ирсэн нь үнэн юм. Хэрэг үл хуучрах, хэрээ үл цайрах гэдэг үгтэй. С.Баярцогт “Оюу толгойн гэрээг хийсэндээ үргэлж бахархдаг” гэж хэлдэг. Энэ нь эхлүүлсний бахархал байж болох ч , үр дүн, үйл явц маш өөрийг, ерөөс С.Баярцогтын бахархахгүй байх шалтгаанаар дүүрэн байгааг Монголын ард түмэн ойлгочихсон. Яг энэ үзэл санаанаас авч үзвэл С.Баярцогтын хэрээ цайрах боломгүй л харагддаг. Я.Содбаатар өнөөдөр спикерийн өмнөөс УИХ-ыг хуралдуулах тухай ярьж, их мөнгөтэй бөхийн өргөөнд хөзөр даалуу өрж, эрх ашиг ярьж, улсын сан, эрүүл мэнд мэдэгч гэх залуус хөлхүүлсэн шиг л явна. Гэтэл Ардын намын байр хулширч, салхи савар, эрүүл байдал, жигд ажиллагааны хурд үлэмж саарсан нь илтэд. Оюун санаа, бодлого, хурд, төлөвлөлт, судалгаа энэ бүхэн МАН-д ямар агуулга илэрхийлж байгааг тааж ядамгүй, тодорхой уналтын төлөвтэй нь ажиглагдана. Д.Амарбаясгалан гэж хүн генсек байхад МАН-ын байр бодлогын байр байлаа гэж Ардын намынхан өнөөдөр бүгд шахуу санагалзах болсон нь нууц бус аа. С.Баярцогт бол одоо алдах эрхгүйгээр АН-ыг удирдана. Байргүй намыг тэр буурьтай удирдана. Тэр бол ажлын арга барил, хурд, сэтгэлгээ, ширхэгээрээ, зовлон үзсэнээрээ МАН-ын генсекээс хэд дахин илүү. Тэр учир л Ардын намынхан Д.Амарбаясгалангаа үгүйлээд байх шиг байгаа юм. Намын байгууллагууд гэдэг оюун санаа, хөгжлийн хөтөлбөрийн уураг тархи, боловсруулагчид байх ёстой. Монголын толгой хоёр намын уураг тархи хэрхэн ажиллаж байгааг, өнөөдөр шатахууны хомсдолдоо уурссан ард түмэн тэгш сондгой дугаарын сонголттой байгаагаар хэмжихэд буруудахгүй. Ардын нам арван жил засаглачихсан, Ардчилсан нам арван жил засаглахын төлөөх “мөрөөдөлд” цангасан ийм байдалтай л байна даа. С.Баярцогтыг Х.Баттулга гэсгээж хорьсон бол, Х.Баттулга АТГ-д байцаагдаж ирүүт Я.Содбаатарын албан тасалгаанд морилоод, мөн өрөөнөөс Сөүлд нисэн одож байв.
Z MAN


