Монголчууд бид өргөн уудам, онгон дагшин газар нутагтай гэж бахархан ярьдаг. Нэг талаар тийм, нөгөө талаар үгүй. Үгүй гэж байгаагийн шалтгаан нь Монгол Улсын газар нутгийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Харин энэ цаг үед СОP 17 олон улсын хурал Монголд болж байгаа нь бид хаана зогсч байгаагаа ойлгож, бас дараа дараагийн алхмуудаа хэрхэн зөв хийхээ тодорхойлох нэг боломж юм. Монгол ч гэлтгүй дэлхийн нийт хүн амын бараг тал хувь нь газрын доройтолд өртсөн бүс нутагт амьдарч байгаа учраас энэхүү хурлын ач холбогдол хэзээ хэзээнээсээ илүү чухал болсоор байгаа билээ.
Монголчууд газрын доройтлын асуудалдаа анхаарал хандуулахгүй бол 2050 он гэхэд эргэн сэргэхгүйгээр хөрсний доройтолд орно гэсэн гадныхны судалгаа байдаг. Бэлчээрийн талхлалт, тоо хөөсөн мал өсгөх бодлого гээд олон зүйл өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Нийт газар нутгийн маань 70-80 хувь нь цөлжилт, газрын доройтолд хүрээд байгаа гэдгээ бид хүлээн зөвшөөрч, ойлгож урагш зөв алхам хийх түүхэн нөхцөл үүсээд байна. Харин энэ цаг үед Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын хурал Монголд болж байгаа нь нэгийг хэлж байна. Биднийг асуудлаа ол, асуудлаа цэгцэл гэсэн цаг хугацааны тохироо гэж ойлгож ч болно.
Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяараа газрын доройтлын асуудал тулгамдсан асуудал болж байгаа. Дэлхийн хүн амын бараг тал хувь нь ийм асуудалтай газар нутагт амьдарч байгаа юм. Тиймээс бид цугтаа энэ асуудлаа ярилцаж, цугтаа шийдлээ олж, чадалтай нь хөрөнгө оруулалт хийж, тулгамдсан газрууд нь сайтар хэрэгжүүлж, чингэхдээ сайн туршлагаа хуваалцаж, алдаагаа давтахгүй байх нэг зорилго дээр энэхүү хурал болж байна.
Тийм ч учраас энэ удаагийн Монголд болох СОP 17 хуралд оролцох зочдын тоо нэмэгдсээр байгаа биз ээ.

Дэлхийн улс орнуудад болдог өмнөх хурлуудаас илүүтэй санал санаачилга, төсөл хөтөлбөрүүд Монголын талд болох энэ хурал дээр яригдахаар төлөвлөгдөж байгааг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэн. Нийтэд санал болгож байгаа павилонууд хэдийнэ захиалгадаа дарагдаж байгаа учраас үндэсний компани, байгууллагууд хоцролгүй идэвхтэй оролцоорой гэж сануулж байна лээ. Энэхүү талуудын хурал нь дэлхий тэр чигээрээ цуглаж, тулгамдсан асуудлаа хоорондоо ярьж, нэгдсэн хэлэлцээрт хүрдэг асуудал учраас бид эзэн орны хувьд нөлөөтэй, өөрсдөдөө үр дүн нь ирэхүйц хэмжээнд оролцох нь зөв юм. Манай зүгээс лав “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн стратегийн гурван санаачилгыг дэвшүүлж байгаа юм билээ. Энэхүү стратеги нь ямар чиглэлд байгаа, юу юуг бид санаачилга болгож дэвшүүлж, ямар өөрчлөлт сайн талыг Монголдоо, дэлхийд авчрах гэж байгаагаа сайтар ойлгуулах нь эхний том алхам болох учиртай. Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлд уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзэж байгаагаа энэ өдрүүдэд олон улсын өмнө санал болгоно. Харин иргэд нь манай Засгийн газраас ямар санаачилгыг дэвшүүлж байгаа, байгалиа хамгаалах уламжлалт ямар соёл бидэнд байдаг, ямар нөхцөл байдал өнөөдөр тулчихаад байгаагаа ойлгож, бас иргэн бүрт нээлттэй байх Ногоон бүсээр зочилж, санал бодлоо хуваалцах эрмэлзэл, итгэл үнэмшилтэй байх нь чухал билээ.
Э.ЭРЭЛ

