Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хорооноос гаргасан УИХ-ын тогтоолыг 81.2 хувиар баталлаа. Одоо хянан шалгах ажиллагаа, сонсголоос дүгнэж гаргасан Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрын ажил эхэлж байна гэсэн үг. Харин хэвлэл мэдээлэл, иргэд бид хяналт тавьж, шахаж, үргэлж анхаарч байх хэрэгтэй гэсэн үг. Тогтоолын төсөл дээр санал хэлж, асуулт асуух үед анхаарал татсан хэд хэдэн асуудал гарсныг бичихгүй байхын аргагүй. УИХ-ын гишүүдийн саналыг нээлттэй тусгах үүднээс Хяналтын түр хорооны хурал дээр гишүүд ирж саналаа хэлж, түүнийг тогтоолд оруулах эсэхийг түр хорооны гишүүд санал хураалтаар шийдсэн. Тэгвэл хорооны гишүүдийн 100 хувиар дэмжээгүй нэг санал бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Уянга нарын санал байв. Онтрэ компанийн лицензтэй холбоотой шаардлагатай бол цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хасуулах саналтай тэд орж ирсэн. Гэвч дэмжигдээгүй учраас хөтлөлцөөд ууртай гэгч нь гарч яваа нь шууд бичлэгээс харагдаж байв. Тэд “УИХ-ын гишүүн Б.Уянга тогтоолын төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж” гэж өөрчлөн найруулах, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тусгагдсан “стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд” гэсний дараа “тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэснийг хасах” гэсэн агуулгыг тусгаагүйд асар гомдолтой байгаа юм байна. Үүнийгээ ч тогтоолыг хэлэлцэх үед чуулган дээр дахин илэрхийлсэн, санал хураалт дээр ч эсрэг санал өгсөн. Уул уурхайн салбарын хүн гэдгээрээ түрий барьж хэт нэг талыг барьдаг Б.Уянга гишүүний ярианаас авах ч зүйл байгаагүй, бас түүнд олон нийт хэдийнэ итгэхээ байчихсан учраас юу ч гэхэв. Харин МАН-ын жагсаалтын 1-рт бичигдсэн гэдгээрээ олны дунд хүлээлт үүсгэж, бас ч гэж зөв зүйл яриад байна уу гэсэн найдвар төрүүлж байсан Г.Лувсанжамц гишүүн өөрийгөө хэн гэдгээ энэ удаад нэлээд сайн таниулж өглөө.
Тэрээр уул уурхайн салбарын ой болж байгаад баяр хүргээд, энэ салбар багш эмч, сувилагч, цэргийн алба хаагчдын цалинг өгдөг шүү гэж сануулаад түр хороо сайн ажилласан гэж магтаад харин лиценз цуцлах тухай хүртэл арга хэмжээ авна гэдгийг тогтоолоос хасаагүй учраас дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ер нь төөрүүлж байгаа мэт баахан хөвөнд боож байгаад саналаа хэлсэн л дээ. Харин иргэд маш мэдээлэлтэй, хэрсүү болжээ. Оюутолгойн тогтоол яриад эхлэнгүүт parliament.mn лайвын үзэлт огцом нэмэгдэж, гишүүдийн юу хэлж байгааг харж байгаа шүү гэдгээ илэрхийлж, Лувсанжамц гишүүнд найдаж байсан худлаа хүн байж, тавиул юм байна, урвагч гээд бичээд эхэлсэн.
Ер нь үеийн үед даалгавартай гишүүд танигддаг. Дор хаяж цаад талдаа ажилласан шүү гэдгээ батлахын тулд бүх шатны арга хэмжээ авсан гэдгээ нотлох гэж янз бүрээр хичээдэг. Хуулийн аргаар хулгай хийх, эрх ашигт хөтлөгдөх боломж улам бүр хумигдаж байгааг хуучин нь ч шинэ нь мэдэх цаг болсон доо.
Бас энэ үйл хэргийн хүрээнд худлаа байсан хүн бол Б.Пүрэвдорж гишүүн. Энэ хяналтын хороог байгуулахыг 89 гишүүн дэмжиж, цөөн хэдэн хүн эсрэг байсны нэг. Бас иргэдийн мэдэх эрхийг хангах сонсгол явагдаж байхад танхимын гадна талд нь ирээд “Би үүнийг эсэргүүцэж байгаа. Би хэвлэлийнхэнд яриа өгье. Надаас аваач” гэж байгаад мэдээлэл хийчихээд явсан хүн. Тэгсэн мөртлөө тогтоолын төсөлд зээлийн хүүг одоо байгаагаас нь хоёр дахин орчим бууруулах миний саналыг оруулсангүй гэж гомдоллож, чуулган даргалж байсан боломжоо ашиглаж хугацаагүй баахан ярьсан. Өдөр бүрийн 10 тэрбумын зээлийг 5.5 тэрбум төгрөг болгох тухай яриа хүмүүст таалагдана. Гэхдээ УИХ тэгж тогтоол гаргаснаар бүх зүйл шийдэгдэхгүй, зөв чиглэлийг УИХ гаргаж, Засгийн газар ухаалаг хэлэлцээр хийж зээлийн хүүг бууруулах болохоос Б.Пүрэвдоржийн хэлснээр болчихдог бол УИХ-д хэдэнтээ сонгогдож явахдаа зээлийн хүүг буулгаж байхгүй яасан юм бэ гэж асуумаар. Ер нь урьд өмнийн тогтоолууд биелэхгүй байсны шалтгаан харахад гоё, гэхдээ үр дүн шууд гарахад хэцүүгээс бүр хэзээ ч биелэгдэхгүй байдал руу оруулдаг ийм даалгавартай заалтуудаас болдог байсан гэдгийг иргэд мэддэг болсон шүү гэдгийг дахин сануулмаар байна.


