нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Байгаль, экологи

СОP-ийн хурлаар нэг орон ч биш, нэг бүс нутаг, нийт дэлхий байгаль орчны асуудлаа хамтдаа шийддэг

  • By E. Erel
  • 2026-08-05

СОP (Conferene of the Parties) буюу Талуудын бага хурал Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц (UNFCCC), Биологийн олон янз байдлын тухай конвенц (CBD), Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) гээд гурван том суурь конвенцийн хүрээнд тус тусдаа болдог энэхүү конвенцид нэгдэн орсон улс орнуудын хэлэлцээр хийдэг томоохон индэр юм. Тийм учраас конвенц тус бүрийн хүрээнд болдог СОP хурлууд тусдаа, дугаарууд нь өөр өөр байдаг хэрэг.

2026 оны наймдугаар сарын 17-28-ны хооронд манай улсад болох СОP17 хурал бол НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ийн Талуудын 17 дахь удаагийн бага хурал юм. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх дэлхийн цорын ганц олон улсын гэрээ гэгдэх энэхүү конвенцид дэлхийн 197 улс нэгдсэн. Хоёр жил тутам дэлхийн улс орнууд газрын тогтвортой менежмент, ган гачгийн асуудал, санхүүжилт, цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа хэлэлцэж ирсэн бөгөөд 2022 оны СОP 15 хурлын үеэр 17-р хурлаа Монгол Улсад хийх шийдвэрийг гаргасан байдаг. Дэлхийн энд тэндгүй цөлжилт эрчимтэй явагдаж, ган гачиг нүүрлэж, газар нутгийн хөрсний доройтол ихэссээр байгаа нь эргээд хүнсний хомсдол, бэлчээр усны асуудал, эко системийн тогтвортой байдал алдагдахад хүрсэн учраас анхаарлын гадна орхихын аргагүй том сэдэв болсоор ирсэн юм.

СОP хурлуудын сайн санаачилга, төслүүд юу вэ?

Дэлхий даяар далаад оны сүүлчээс цөлжилтийн асуудлыг ярьж, ерээд оноос газрын доройтлыг хөндөж, улмаар Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийг 1994 онд баталсан цагаас хойш хэрэгжүүлэлт, хяналт хамтын ажиллагааныхаа хүрээнд СОP хурлаа зохион байгуулж ирсэн билээ. 2017 онд БНХАУ-ын Өвөр Монголын Ордост болсон СОP 13-аар шинээр доройтож байгаа газрын хэмжээг нөхөн сэргээх замаар тэнцвэржүүлэх нь чухал гэсэн санаачилгыг гаргаж, газрын нөхөн сэргээлт бол эдийн засгийн ойлголт гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрсөн. Тэр ч утгаар дэлхийн 130 гаруй орон энэ хүрээнд зорилтоо боловсруулж байжээ. СОP 16-ын үеэр гангийн асуудлыг хурцаар хөндөж, ган хэмээх байгалийн гамшиг бол цөлжилтөөс гадна дэлхийд бие даасан эрсдэл гэж үзэхээс аргагүй гэдэг дээр талууд санал нэгдэж байлаа.

Яг СОP хурлын шийдвэрээр биш ч идэвхжүүлэлт санаачилгаар дэмжигдэж ирсэн сайн төслүүд ч бий. Үүнд Африкийн Ногоон хэрэм төслийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Африк тивд улам бүр хүрээгээсээ тэлсээр байсан Сахарын элсэн цөлийг багасгахын тулд хэдэн арван сая га газарт нөхөн сэргээлт хийж, Ногоон хэрэм байгуулах үйл ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа. Энэ үйл ажиллагаа бол зөвхөн Африкийн улс орнууд, тэдний иргэдийн асуудал байгаагүй. Байгаль орчны салбарын хамгийн том нөхөн сэргээлтийн төсөл гэгддэг энэхүү төслөөр 1980-аад он гэхэд ган гачиг, бэлчээрийн доройтолд өртөж, улам бүр хүрээгээ тэлсээр байсан Сахарын цөлийн урагш тэлэх нүүдлийг зогсоох хэдэн мянган км үргэлжлэх их ногоон хэрмийг эхлүүлсэн билээ. Зөвхөн мод тарих ч биш хөрсийг нөхөн сэргээх, ус хуримтлуулах, бэлчээрийг сэргээх, тогтвортой тариалан хөгжүүлж, моддоо хамгаалан, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон хөтөлбөр юм. Нигерт гэхэд хөрсөндөө үндэс нь үлдсэн моддыг хамгаалснаар 200 гаруй сая мод дахин ургаж, газрууд сэргэж, ургац нэмэгдэж, хөрсний чийг хадгалах чадвар сайжирсан байдаг. Нутгийн иргэд, тариаланчид газраа хамгаалах том хүч гэдгийг баталж байгаа төсөл. СОP хурлын үеэр талууд нэгдэж, санхүүжилтээ шийдэж, хөгжингүй орнууд болон олон улсын байгууллагаас хөрөнгө татаж чадсанаар энэ мэт олон төсөл амжилттай явсаар байгаа юм. Зөвхөн Африкийн улс орнуудад ашигтай гэсэндээ биш харин дэлхийд ашигтай гэж, дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд сайнаар нөлөөлнө, хүнсний хомсдол, дэлхийн хоол хүнсний үнийн өсөлтөд ч дам дамаа нөлөөлдөг учраас талууд тухайлсан төсөл дээр нэгдэж хамтарч ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дор хаяж ган гачиг болсон нутаг, өлсгөлөн ядуурлын улмаас хэдэн сая экологийн дүрвэгчид үүсч бий болох эрсдэлээс хамгаалах учраас дэлхийн улс орнууд нэгдэж хөрөнгөө гаргаж, хамтдаа асуудлыг шийдэхийг оролддог юм.

Монголд болох хурлаар монголчууд, Монголын Засгийн газар ямар санаачилгыг гаргаж байгаа вэ?

Монгол Улсын Засгийн газар “Steppe Action Agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн гурван стратегийн санаачилгыг дэвшүүлж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Нэгдүгээрт, дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Бэлчээрийн эко систем гэдэг бол зөвхөн мал бэлчдэг газар биш. Харин хүнсний аюулгүй байдал, уур амьсгал, ус биологийн олон янз байдал, эдийн засгийн асуудлыг хариуцдаг стратегийн эко систем юм.

 Хоёрдугаарт, далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байгаа.

Гуравдугаарт, тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг гаргаж тавьж байгаа. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой учраас дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэхээсээ газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх ёстойг сануулна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгоно гэсэн үг. Тал нутгийн улс учраас энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа гэж болно.

Бэлчээрийн асуудал дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг хамардаг учраас манай энэ санаачилга дэлхийн олон улс оронд шууд хамааралтай. Бэлчээрийн ургамлын үндэс хөрс ойгоос ч дутахгүй нүүрстөрөгч шингээдэг. Бядтай эрүүл бэлчээр нүүрстөрөгчийг хадгалж, газрын доройтлыг бууруулдаг, борооны усыг хөрсөнд шингээж, үерийн эрсдэлийг бууруулдаг. Улмаар хөрсний чийгийг хадгалж, булаг, гол мөрнийг тэтгэдэг гээд бичвэл зөндөө. Үүнийг дагаад олон төрлийн өвс ургамал, амьтдыг хамгаалж, биологийн олон янз байдлын асуудлыг шийднэ. Тиймээс тал хээрийн экосистем доройтох нь асар хор хөнөөлтэйгээс гадна бэлчээрийн доройтол нь уламжлалт мал ахуйгаа дагаад үндэсний соёл өв уламжлал, хүмүүсийн амьдралын хэв маягийг ч өөрчлөх аюул бийг онцлох учиртай.

Бэлчээр бол зөвхөн мал бэлчдэг газар биш дэлхийн хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, хүний амьдрал ахуйтай холбоотой стратегийн экосистем гэдгийг бид Монголд цугларсан талуудад ойлгуулж, энэ бүхнийг хамгаалан авч үлдэхийн тулд санхүүжилт, хөрөнгө оруулалт татах болно.

Байгаль орчны асуудал тэр дундаа цөлжилт, газрын доройтол нэг орны асуудал биш бүс нутгийн, бүх дэлхийн асуудал болсон гэдгийг мэддэг хүмүүс цугларч байгаа энэ өдрүүдэд монголчууд санаачилгаа танилцуулж, уламжлалаараа бид асуудлаа шийдэж ирсэн сайн туршлагууд байдгаа ч хэлж, өнгөрсөн цаг хугацаанд алдсан тулгамдсан асуудлуудаа шийдэх шийдлийг ч хамтдаа ярилцах нь зөв.

Монголын говь, тал хээрээс боссон шар түйрэн Хятад, Солонгос, Япон цаашлаад Номхон далайг дамнан Хойд Америкт хүрч асуудал үүсгэдэг.  Мөнөөх л бэлчээрийн даац хэтэрсэн, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хуурайшилт, цөлжилт, газрын доройтол. Тухайн хотуудын агаарын чанарыг дээшлүүлж, эрүүл мэнд, эдийн засгийн асуудлуудыг шийдье гэвэл Монголын говь цөлийн шуурганд нэрвэгдэхгүй гэвэл хамтрахаас аргагүй.

СОP-ийн хурлаар энэ мэт олон асуудлыг хамтдаа шийдэж, хамтдаа гарц гаргалгаа олж, хамтын ажиллагаагаар бэрхшээлийг давдаг билээ.

Э.ЭРЭЛ

Post Views: 39

About Author / E. Erel

Previous post
С.Баярцогт, Я.Содбаатар хоёрын хэн нь илүү вэ!

You Might Also Like

Байгаль, экологи

Монгол залуучууд COP17-д хүргэх уриалгаа баталлаа

2026-03-06
Байгаль, экологи

Архангайн Цэнхэр суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2024-06-05
Байгаль, экологи

Нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт хэвийн байна

2024-06-03
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search