Татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах эрх мэдэл улстөрчид, төрийн нэрээр албан тушаал хашиж байгаа хүмүүс байдаг. Хэрэв тэд миний, таны мөнгөөр надад, танд үр ашиг нь ирэхээр биш харин өөртөө, өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд давуу эрх олгож, тэдэнд илүү боломжийг өгөөд байвал яах вэ. Мэдээж, үр дүн бидэнд мэдрэгдэхгүй, бид улам ядуурч, харин хэсэг бүлэг хүмүүс дандаа зунаараа байдаг аль нэг арал дээр хүссэн үедээ очиж амьдарсаар байх болно.
Монгол бол хөдөө аж ахуйн орон гэгддэг. Бас энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө төрөөс томоохон татаас дэмжлэгийг өгсөөр ирсэн. Тэгсэн атлаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дийлдэхийн аргагүй болчихлоо. Дэлхийн өндөр цалинтай, өндөр хөгжилтэй орны хүмүүсээс ч илүү үнээр бид хүнсээ авч идэж байна. Үнэхээр төрийн бодлого байгаа онож, салбараа хөгжүүлж чадаж байсан бол бид үнэ буудаггүй юмаа гэхэд хэд дахин нугалсан үнээр мах, сүү, гурил төмсөө авч идэхгүй л байсан. Зарим нэг хуучны үнийг санах гээд үзье л дээ. 2008 онд үхрийн мах 1 кг нь 3674 төгрөг байсан бол одоо дундажаар 33882 төгрөг, төмс 650 төгрөг байсан бол 3712, гурил кг нь 750 төгрөгөөс 3450 төгрөг болж, сүү литр нь 843 төгрөгөөс 4000 төгрөг болтлоо нэмэгджээ. Монгол хүний үндсэн хэрэглээний эдгээр бүтээгдэхүүн даруй 8-10 дахин өссөн байгаа юм.

Гэтэл өнгөрсөн 18 жилийн хугацаанд төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх нэрийн дор 1.3 их наяад төгрөгийг элдэв татаас, дэмжлэг нэрээр гаргажээ. Нөгөө элдэв төрлийн сангуудын маапаан л энд яригдах гээд байна л даа. Үнэхээр энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө очих ёстой хүмүүстээ очиж байсан бол ийм байдалд хүрэхгүй л байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй.
Явж явж манайд тариалдаггүй цагаан будааны үнэ хамгийн бага буюу 4-5 дахин өссөн байгаа юм. Хэрэв манайд цагаан будаа тариалдаг байсан бол бас дэмжлэг нэрээр, төр оролцож төрийн нэрээр ашиг хийдэг нөхдийн лайгаар 10 дахин өсөх байсан биз. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих нэрээр гаргасан 1.3 их наяд эздэдээ хүрсэн бол бид ийм үнээр мах, төмсөө авч идэх байсан уу?
Энэ бол өөрийн эрхгүй тавигдаж байгаа сэдэв. Одоо хэм хэмжээ мэдэхгүй, өөрөөсөө өөр бусдыг бодохгүй энэ асуудлаа зогсоох цаг болсоон. Оюутолгойн олон асуудал нууцын дардастай явж ирсэн. Бид мэддэггүй байсан. Харин өнгөрсөн жил УИХ дээр сонсгол хийснээр одоо бүгд ойлголттой болсон, нэхдэг ярьдаг болсон. Түүн шиг хөдөө аж ахуйн салбарын энэ олон жилийн татаас урамшуулал хэр бодитой байснаа эргэн харах сонсголыг ирэх намар УИХ хийх гэж байна. Шаардлагатай баримт мэдээллээ ХХААХҮЯ өгөхгүй байгаа сурагтай. УИХ-ын сонсголд хэрэгцээтэй мэдээллээ бүхий л газрууд өгөх ёстой юм. УИХ бол Монголын ард түмний өөрсдөө төлөөлөөд явуулсан байгууллага. Өнгөрсөн он жилүүдэд оносон бол оносноо яриад, алдсан бол алдаагаа дэнсэлье гэж байна. Ингэж байж зөв бодлогоо гаргах болохоос дахиад хэдэн жилийн дараа 1 кг махаа хэдэн зуун мянган төгрөгөөр авч иддэг болтлоо хүлээх хүлцэнгүй хүмүүс биш шүү.
Э.ЭРЭЛ

