Z MAN УУРТАЙ БАЙНА….
Архи уусан этгээдийг гэрт оруулахгүй байх агуулгатай хуулийн үйлчлэл эхэлж. Үүнээс үүдээд улирагч парламентын эмэгтэй гишүүд рүү нийгмийн зарим хэсэг дайрч байх шиг байна. Баталсан байлаа гэхэд юу нь буруу юм. Хэрэг дээрээ архи уугчид биз. Үнэндээ бол энэ хуулийг Засгийн газар санаачилж батлуулсан юм билээ. Ямар ч агуулгаар, урхи уугчдыг зөвтгөх аргагүй. Нэг хүнийг архинаас гарахад хорин хүний сэтгэл амардаг гэдэг. Үүн шиг үнэн юм байхгүй. Архи бол ерөөсөө амьдралыг бусниулагч, сайны гэгээ огтхон ч байхгүй зүйл. Архины дэв хорлолын талаар өчнөөн яриа, суртал бий. Үнэн ч буй байх, дэгс нь ч бий л байх. Гэхдээ л архинд зөвтгөл өгөх ердөө хэрэггүй. Шулмасын сарын хир гэж бичсэн байдаг. Үнэн байх. Яагаад гэхээр архи уугчаас шулмын л дэв, хорлол гардаг. Ер олигтой юм байдаггүй. Архичин байгаа айлаас аз жаргал үргэнэ. Аз жаргалыг бий болгодог нь архичингүй, амар тайван амьдрал л юм. Энэ учраас Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачлан батлуулсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн мөнөөх тэр, “архи уугчийг гэртээ үл хонуулах” заалт бол сонгодог заалт. Гэр бүлийн аюулгүй, амар тайван байдлыг хангах эн төгс заалт. Цаашлаад Монголын ирээдүйн иргэд өнөөдрийн жаалхан хүүхдүүдийн сэтгэлийг амар байлгах том алхам. Энэ учраас Л. Оюун-Эрдэнийг зэмлэх олон асуудал байгаа ч, гагцхүү зөвхөн энэ хуулийн дэвшлээр бусдыг нь цагаатгаж ч болох юм. Өрх гэр нийгмийн үндэс. Өрх гэрийн сайн сайхан, амар тайван амьдрал гэдэг бол юугаар ч сольшгүй үнэт зүйл. Монголчууд дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж хүрт энэ тэр гэсэн номлолтой. Үүнийг амьдралынхаа эрх ашгийн үүднээс хувьсгаж, их өөрөөр бодож ойлгох хэрэгтэй. Юуны өмнө монгол хүн дөч хүрэхдээ амьдралаа бүрэн чанаржуулсан байх хэрэгтэй. Байрны зээлгүй болчихсон байх хэрэгтэй, хамгийн наанадаж. Тавь хүрээд дэлхийн стандарт амьдралтай тэнцсэн байх хэрэгтэй. Жар хүрэхдээ, аз жаргалын индексээрээ түрүүлж биш гэхэд, зэрэгцэж алхдаг болох ёстой юм, монгол хүн. Жар хүрэхдээ энүүхэн төдий энтэй амьдрахад, хүн зөв өтөлнө. Дал, наяа дөмөгхөн хүрчихнэ. Эрүүл амьдралын журам дархлаажина. Монгол эрчүүд юундаа архи гудрах эрх яриад байгаа юм. Жар хүрэв үү, үгүй юу л үхэцгээгээд өгч байж. Ертөнцийн хүний жишгээр наслах хэрэгтэй. Эрүүл бус, замбараагүй архи, хоол гударч насаа улам бүр богиносгоод л, чулуу дэрлэж байж юун их хүний эрхсэг, гэртээ архи ууж ирэх, хонохын эрх нэхнэ вэ. Жаахан ухаантай, голтой байх хэрэгтэй ээ, монгол эрс. Улирагч парламентын эмэгтэй гишүүдийг үүгээр баалахаасаа ичицгээ, зүгээр залбирцгаа, Монголын архичид аа! Засгийн газрын санаачлан батлуулсан тэр хууль дээр , эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, Ч.Ундрам, П. Анужин, Х.Булгантуяа нар манлайлсан бол харин ч тэдэнд алга таш. Бүр үнэнээсээ таларх. Амьдралд хайртай байлгахад зориулсан хууль баталсанд нь баярлах хэрэгтэй. Монгол эрчүүд, архи уухаасаа өмнө амьдралын чанар гэж юу болохыг ойлгох, бодох, эргэцүүлэх хэрэгтэй. Хүн төрөлхтний бүтээсэн амьдралын чанарыг монгол эрчүүдийн 99 хувь бүтээж чадахгүй байгаа. Ийм байж зүгээр л Хүүхэд хамгаалах хуулийн дор өчиггүй захирагд. Арх уусан бол гудамжиндаа л нохой мэт хонох хэрэгтэй. Ийм болохоор архичдад салаавч үзүүлсэн Л. Оюун-Эрдэнийн Засгийн хуульд өчиггүй таларх, монгол эрчүүд ээ!
Z MAN