COP 17 хурал болох талаар хэвлэл мэдээллээр бичигдээд удлаа. Төсөв нь ямар юм, хэн яаж үрээд байгаа юм гэдэгт анхаарч байгаагаас энэ яг ямар учиртай, ямархуу хэмжээний хурал юм, юуг шийдэх юм. Дэлхийн хэмжээнд юуг шийдэх, бүс нутгийн хэмжээнд тэгээд манай улсад ямар хамааралтай юм бэ гэдгийг ярьж байгаа хүмүүс цөөн байх шиг.
Энэ бол спортоор бол олимп шиг байгаль орчны салбарын томоохон арга хэмжээ юм. Улс төр эдийн засгийн нөхцөл байдлыг Давосын чуулганаар, улс төр, дипломат харилцааны асуудлыг АСЕМ-аар ярилцдаг бол байгаль орчны асуудлыг COP-оор ярилцдаг. НҮБ-ын хүрээнд гурван том COP (Conferene of the Parties) байдаг. 1992 онд НҮБ-ын гишүүн орнууд дэлхий даяараа тулгамдаад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцийг баталсан. Энэ конвенцийнхээ хүрээнд талууд цуглаж, асуудлуудаа хэлэлцэж шийдэл гаргаж байдаг хурал. Өнөөдөр нэг улсын, нэг бүс нутгийн байгаль орчны асуудал гэж байхгүй. Бүгд нэгэнтэйгээ хамааралтай учраас цуглаж ярилцаж, асуудлаа хамтдаа харж, хөрөнгөө оруулж, бас тэндээс үр шимээ хамтдаа хүртэх тухай асуудал билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган гачиг нэмэгдэж, хөрсний доройтол хэрээс хэтэрч, дагаад хүнсний аюулгүй байдлын асуудал яригдаж эхэлсэн. Хүнсний асуудал гэдэг хүн төрөлхтний асуудал тэр чигтээ учраас хамгийн чухал асуудлаа шийдэх талбар болдог. Тиймээс Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн хүрээнд улс орнууд заавал хэрэгжүүлэх олон улсын хэлэлцээрүүдийг хэлэлцдэг талуудын хурлын хүрээ, нөлөөлөл нэмэгдсээр байгаа гэж болно. Энэхүү чухал хурал буюу COP 17 манайд зохиогдох болсныг бид өргөн хүрээний боломж гэдэг талаас нь харж, тултал нь боломжийг ашиглах хэрэгтэй.
Монголчууд өөрийн нутагтаа болж байгаа энэ удаагийн хуралд “Steppe action agenda” буюу “Тал хээрийн төлөвлөгөө” гэсэн стратегийн гурван санаачилгыг дэвшүүлж байгаа. Монгол улсыг дэлхийд хязгаар нь үл харагдах, өргөн уудам тал нутгаар нь төсөөлдөг. Тиймээс энэ онцлогтоо тулгуурлан тулгамдаж байгаа асуудлуудыг холбон, ойлголтыг өгөхөөр хичээжээ.

Юуны өмнө дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавихыг зорьж байгаа аж. Мөн усны нөөцийн нэгдсэн менежментийг цөлжилт, газрын доройтолтой уялдуулж, олон улсын хамтын ажиллагааны нэг шинэ чиглэл болгох зорилготой. Мөн тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг стратегийн гуравдахь санаачилгаа болгон дэвшүүлж байгаа юм.
Цөлжилтийн эсрэг конвенцид дэлхийн 190 гаруй улс орон нэгдсэн байдаг. Дэлхий бүхэлдээ гэсэн үг. Тэр бүхий л орны төрийн тэргүүнүүд, удирдагчид, байгаль орчны салбарынхан, нөлөө бүхий хүмүүс, санхүү бизнесийнхэн, эрдэмтэн судлаачид ирнэ. Гэхдээ энэ хурал зөвхөн зочид хүлээн авах асуудал төдий биш юм. Тэр бүхий л улс орны төлөөлөл, Монголыг мэднэ, Монголд тулгамдаж байгаа байгаль орчны асуудлыг харна, сайн жишээ туршлагыг судална. Өөрсдийнхөө төлөвлөсөн сонирхсон сэдвүүдийнхээ хурлуудад оролцоод, хөдөө орон нутгаар явна. Танилцана, аялна. Нүдээр харж асуудлыг шийднэ. Урьд өмнө нь зөвхөн Засгийн газрууд хоорондын талуудын хэлэлцээрийн индэр байсан бол сүүлийн жилүүдэд эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан, залуус, малчид тариаланчид гээд бүхий л салбарын төлөөллийнхний хамтын талбар болсон. Тэгэхээс ч аргагүй. Байгалиа хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг дарга нар, томчууд л тэмцээд болчихдог юм биш. Байгальтайгаа харьцаж байгаа хүн бүр хамааралтай. Байгаль хамгаалагч гээд мотоцикль унаад хөдөө хээргүй довтолгож байдаг хүмүүсийн асуудал биш харин булгийн эх шандаа булингартуулахгүй усаа авчихдаг малч хүүхдүүд, өдөр тутам уул хангайдаа явж байдаг малчид, болох болохгүй бордоо мэдлэг мэдээлэлгүй хэрэглэх биш судалгаан дээр суурилж ажилладаг тариаланч, түүнийг ойлгуулж түншлэн ажилладаг иргэний нийгмийнхэн, хэвлэлийнхэн гээд бүхий л хүмүүс байгаль хамгаалагчид билээ. Тиймээс хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа COP 17 хурлыг бид өөрсдөдөө хамаагүй мэтээр ойлгож огтоос болохгүй. Хэдэн мянган төлөөлөгчдийн байрлах байр, зочид буудал, хоол хүнс, бэлэг дурсгал худалдан авах, манай хөдөө орон нутгаар аялж оруулах орлого бол техник үйл ажиллагааны зардал. Харин бид түүнээс давж, Монголын санаачилгыг дэлхийд таниулж, дэмжүүлж бас Монголын байгаль орчны нөхцөлийг сайжруулж, доройтсоор байгаа газар нутгийн асуудалдаа сайн шийдэл олж, хөрөнгө оруулалт татаж, хамтдаа хожих тухай боломжийг энэ өдрүүдэд харах ёстой юм.
Бас онгон дагшин газар нутагтай гэж боддог ч өөрсдөө гамгүй эдэлж, хайрлаагүй ирсэн алдаагаа ойлгож, хамгаалах дадалд ч суралцах ёстойг энэ өдрүүд бидэнд ойлгуулах болов уу. COP 17 бол хэдэн дарга нар, гадны зочид, байгаль хамгаалагчдын асуудал бус бүх монголчуудад хамааралтай дэлхийн чухал арга хэмжээ.
З.ГАЛ

