Z MAN ингэж өгүүлэв.
Ардчилсан нам одоо айлын дайтай айл болох болсон баймаар. Айл гэдэг чинь хамгийн эхлээд өөрийн гэсэн гэр оронтой байх шалгууртай байдаг л даа. Монгол утга, үүтгэлээр гэр харагдаж байвал энэ айл байна гэж үздэг, тэгж ойлгодог. Гэтэл Ардчилсан нам өнөөдрийг хүртэл айл болж харагдсангүй. Гэр байдаггүй. Үргэлж айлын хаяа өрөөнд, түрээсний байрт толгой хоргодсоор энэ хүрчээ. Одоо гэхэд МҮДН-ын Дондогдоржийн Эрдэнэбатын буудалд тулгалсан байдалтай байж байгаа. Харьцангуй шударга соцдек Адьяагийн Ганбаатар АН-ыг “Даргыг нь өрөвдөх үү, намыг нь өрөвдөх үү” гэж үгээ хэлж. Хоёуланг нь л өрөвдмөөр байна даа. Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл эрүүл мэндийн шалтгаанаар, турсаны улмаас гоо сайханы хагалгаанд орж. Татуулах үйлчилгээ хийлгэсэнээ ард түмнээсээ нуусангүй. С.Зоригийг хөшөөний асуудлаар, АН-даа “өмчлөхийн” хувиар гараад мэдэгдэл хийхдээ, хавдартай нүүртэйгээ харагдлаа. Ээжээсээ уучлал гуйна билээ. Энэ хагалгаанд орсноо мэдэгдээгүйдээ. Тэр болох. Гэхдээ О.Цогтгэрэл одоо хүртэл АН-аа байртай болгож чадаагүйдээ энэ намыг дэмжигч бүгдээс уучлал гуйх нь илүү зохимжтой байж мэдэх. А.Ганбаатар мөн хэлсэн байна билээ. АН-ынхаа өнгөн дээр сээрэлхүү, бяралхуу, өмчирхүү болсон хэдэн хүнээ нэрлээд ганц ганц тэрбумыг гаргаад намаа байртай болгочихооч дээ гээд. Тэдний эхэнд О.Цогтгэрэл даргыг нэрлэж байгаа юм. О.Цогтгэрэл дарга нүүртээ, биедээ анхаарал тавих нь зөв зөв. Тэгэх учиртай. Гэхдээ Монголын тулгуур хоёр намын нэгийг даргалж байгаагийн хувьд АН-аа байртай болгох туйлын зөв юм. Гэхдээ тэр үүнийг хийгээгүй байна, хийх нь ч эргэлзээтэй бололтой. Ингэхээр АН утгаараа том байх, эвлэх, дэвлэх, сонгуульд ялахад хэцүү харагдана. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хөшөө хотоор тэнүүчлэн энд тэнд очин явна. Эргээд нэг юм байсан байртаа ирэх шиг боллоо. Энэ бол хэрэг дээрээ АН-ын толгойлогч нарын хоорондын зөрчил, эв хавгүй байдлын л илэрхийлэл болж байна. Үүн дээр Ардын намын залуу дарга нар тоглон, АН-д заяагдмал хүний эрх, дээдлэх үзэл санаа, үнэт зүйл, маргашгүй ололтыг нь С.Зоригийн хөшөөг буцааж байранд залж баатарлалан, оноог МАН-даа нааж байна. Товчхондоо, С.Зоригийн өвийг АН хайрлаж чадахгүй байна, МАН харин чадаж байна л гэдэг утгыг илэрхийлээд байна. АН өнгөрсөн он жилүүдэд дотоод тэмцэл, тамга тэмдэг суудлын хэрүүлээр нам гэхэд ч хэцүү байж ирсэн. Тэр хооронд МАН-ын хүнийхэн эрх ярьж, ардчилал ярьж, бараг өөрсдөдөө нааж чадсан. АН одоо хөшөөний асуудлаар хэмлэлдэж, нэг нь явуулж нөгөө нь авч тавьж гурав дахь нь бүгдийг буруутгаж байх хооронд МАН буцаагаад суурьт нь залж оноог нь авч байна. АН энэ янзаараа, ийм бүдүүн, ийм эв муутай байдлаараа ирэх сонгуулиудад ялах уу. Хэцүү л харагдана.
Z MAN

