Ер нь хаврын чуулган наадмын урд өдрүүдэд хаалтаа хийдэг байсан жишиг сүүлийн жилүүдэд тогтсон. Тэгвэл энэ жилийн хаврын чуулган харьцангуй эрт буюу энэ долоо хоногт завсарлахаар байгаа билээ. Гэхдээ мягмар гаригаас эхлэн өдөр бүр хуралдаж, долдугаар сарын 3-нд хаахаар төлөвлөсөн байна. Наадам дөхүүлж ирээд, маш ноцтой хуулиудыг баталдаг муу дадал Монгол Улсын парламентад бий. Энэ тал дээр МАН гаршсан гэж болно. Энэхүү жишгээр нь хамгийн олон жил парламентад суусан С.Бямбацогт өдгөө парламентыг даргалж буй. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай горимоор явуулахаар МАН-ынхан бүлэг дээрээ базаж байна. Тэгээд маргаашийн чуулганаар батлах юм байх аа. Ингэхдээ Хүннүгийн үеийн олдвор бүхий Ноён уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчилж байгаад алт олдворлох юм гэнэ ээ.
Гацуурт, Эрээн, Баавгайт ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн зарим талбай тусгай хамгаалалтад ороод алт авч чадахгүй байгаа учраас УИХ-д байгаа бүрэн эрхийн хүрээнд ийнхүү тогтоолоор асуудлыг шийдэх гэж оролдож байна. Ямар хүчтэй лобби, ямар их түүх дурсгал, байгаль хамгааллаас давсан их сонирхол вэ. Ноён уулаа хамгаалсан ард олны тэмцэл юунд хүрч, яаж өрнөж байлаа. Гэтэл хэдхэн жил өнгөрүүлээд “Монголбанканд тушаах алтны хэмжээ болон экспортын орлогын бууралтыг нөхөх боломжийг алдах, гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэлд үзүүлэх дарамтыг үргэлжлүүлэх, төслүүдийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулах эрсдэлтэй. Иймд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төслийг яаралтай хэлэлцүүлнэ” гэнэ ээ. Энэ бүс нутагт уул уурхайн компани эрхэлж ирсэн хоёр ч компанийн эздийн охид УИХ-д гишүүнээр ажиллаж байгаа. Ийм зорилготой хүүхдүүдээ УИХ-д суулгах гэж их хэмжээний мөнгө төгрөг зарлагадсан байж болох уу? Бас эрх ашигт хөтлөгддөг УИХ-ын гишүүд, сайд нарыг идэвхжүүлж энэ тогтоолыг гаргаж гэж байна уу.
Үнэхээр эдийн засгийн асуудал хүндрээд байгаа бол Оюутолгойн зээлийн хүүгээ бууруулах ажлаа хийгээч ээ, Н.Учрал сайдаа. Өдөр бүр хүүнд 15 тэрбум төгрөг төлж байгаа хүүгээ бууруулах ёстой даалгавар өгсөн УИХ-ын 120 дугаар тогтоолоо хэрэгжүүлэхийг шаардаач ээ, С.Бямбацогт дарга аа.
Ийм өчүүхэн эрх ашигт хөтлөгдөж, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчлөх ажлыг чуулган хаахын өмнө хийх гэж чичирч болохгүй ээ.
УИХ-д олгогдсон бүрэн эрх гэж ард түмний эрх ашгийг хамгаалах бүрэн эрх болохоос өчүүхэн эрх ашиг, шуналаа дарах эрх биш. Өнөөдөр Ноён уул, маргааш Талын мэлтэс гээд тусгай хамгаалалттай газруудаас алтны ордуудыг гаргасаар байх уу.

