Улиран буй оны улс төрийн гол хүн бол эргэлзээгүй Ням-Осорын Учрал. Тэрбээр зуун элээсэн Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын даргын албан тушаалыг эзлэн авав. Дөнгөж дөчин насны босгон дээр. Мөн төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын албан тушаалыг энэ л залуу насандаа эрхшээн хаших хувь тохиов. Идрийн идэр дөчин насандаа ийм чухал албан тушаалуудыг эзэгнэж, төрийн өндөр дээд жолоонд суусан нь ихээхэн онцлогтой байна. Улс төрийн их амны хишигтэй хүн юм, Н.Учрал. Ингэж амны хишгээ хүртэх гол үзүүлэлт түүний өөрийнх нь шалгарал, манлайллаас үүдэлтэй нь ойлгомжтой. Цээжинд давхиж, цэцэлж улс төрийг давтан эхэн түрүүнд шоволзсоноос энэ өндөрлөгт хүрсэн нь эргэлзээгүй юм. Гэхдээ ийм залуу насанд энэ түвшинд ирэхэд заавал л дэм хамжлага байдаг. Дээрхийн гэгээний үг байдаг. Ямар ч аугаа хүний дээд боломж гагцхүү бусдын тус дэмийн хүрээнд л буй болноо гэсэн үг байдаг юм. Н.Учралыг өнөөдрийн эрэмбэд ирэхэд Монгол ардын намынхан гоц дэмжлэг үзүүлсэн. Энэ бүхний оройд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байсан нь маргаангүй юм. Амаргүй цаг үеийн Ерөнхий сайд Г.Занданшатарын намын даргын төлөөх зүтгэл Ардын намын үе хоорондын тэмцэлд элж, санасандаа хүрээгүй нь ч Н.Учралд чухал завшаан болсон нь эргэлзээгүй билээ. Өөрийн нь үеийн наяад оны дарга нар уруудан доройтож, жар далаад оныхонтойгоо харгалдаад, хүчин мөхөстөн ойчсон нь, эрх тушаалаасаа ховхорсон нь ч Н.Учралд мөн л сайн “ивүүр” боллоо. Нөгөөтэйгүүр Ардын намын үе үеийнхэн Н.Учрал дээр санал нэгдсэн нь хүлээн зөвшөөрөгдсөний нь илэрхийлэл. Ардын намд өнөөдөр нэр цэвэр хүн их цөөн болсон. Ихэнх нь авлига, албан тушаалын аливаа лоосуунд өртөцгөөж, өөрсдөдөө бараан тамга дарцгаасан нь нууц биш. Энэ утгаараа Ардын намын өнөөдрийн лидер гэгдэгсдээс ард түмэн үнэмлэхүйгээр уйдан түвэгшээх болсон нь үнэн. Эдүгээ Ардын намын өнгөлөх нэр хүндтэн, итгэл хүлээлгэж болох гол хоёр хүн бол Н.Учрал, Г.Занданшатар хоёр болоод байна. Н.Учрал намын дарга болоод хэлсэн үгсээс нь хамгийн орой нь Ардын нам шилэн тунгалаг санжүүжилттэй байна гэсэн нь. Нөгөө нэг гол үг нь бол ард түмнийхээ сэтгэлд эргэн ирнэ гэсэн нь юм. Үнэхээр Н.Учралын хэлсэнчлэн, Ардын намынхны алсарсан, итгэлгүйдсэн ард түмнийхээ сэтгэлд эргэн ирэх үндсэн түшиц нь гагцхүү Н.Учрал даргын манлайлал болно. Үүний тулд Монголд эрүүл сонгодог засаглалыг цогцлоож, авлига, хээл хахуулаас ангидаар улсаа цолгоруулж, иргэний чанартай амьдрал, эрх чөлөөг дээдэлж, эдийн засгийн тусгаар тогтнолыг дархлаах нь нэн чухал юм. Н.Учрал дарга энэ бүхний төлөө “Чөлөөлье” манлайлал, уриалалыг дэвшүүлэн зорьж байгаа гэж ойлгогдож байгаа. Энэ бол үнэхээр сайн эхлэл. Спикерийн хувьд ч нэн дэвшилттэй байгаа. Өчигдөр гэхэд Үндсэн Хуулийн Цэцээс Эрүүгийн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж гаргасан дүгнэлтийг УИХ хүлээн авахад үнэмлэхүй залуур гүйцэтгэлээ. Маш сайн. Ерөөс УИХ-ыг шинэ дэг, шинэ агуулгаар баяжуулан удирдах илэрхий эрмэлзэлтэй байгаа нь гоц анзаарагдаж байгаа билээ. Парламентын засаглалын сонгодог байдал, боловсронгуй цогц шинэчлэл бол манай тэргүүн эрх ашиг. Үүнийг спикер Н.Учрал болгоон үйл ажилдаа цэцлэн соёрхож байгаа нь дамжиггүй ээ. Ирэх онд илүү шинэ манлайллаар Монголын засаглалыг төгөлдөржүүлэн удирдах Н.Учрал спикерт өндөр амжилт дэвшүүлье. Төр түвшин, түмэн олон амгалантай байг ээ.
Z MAN


