-С.Баярцогт ахынхаа дутуу хийснийг С.Бямбацогт гүйцээнэ-
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр гишүүн О.Батнайрамдалаас уучлалт гуйв. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт О.Батнайрамдалыг попорлоо, “Оюу толгой”-н сонсголоос үүдэн гарах УИХ-ын тогтоолын төслийг танилцуулаагүй, өгөөгүй гэх шалтгаанаар донгодсон юм. Ингэж буруушаахдаа илтэд басамжилсан дээрэнгүй өнгөөр ярьсан нь олон нийтээс маш их зэмлэлийг авсан. Бас тэр тогтоолын төсөл нь хэвлэлээр тавигдсан байхад тэгж нууцалсан мэт хэлсэнд хүмүүс итгээгүй талтай. О.Батнайрамдал ч залуу гишүүний хувьд туршлагагүйтсэн асуудал байсан л биз. Гэхдээ Оюу толгой, ОНТРЭ гэгч нэртэй компаниуд Монголд ямархуу лоосуутай, ивээл бус ажиллаж ирснийг илчилж, дэвшил гаргах гэсэн, засах гэсэн О.Батнайрамдалын зүтгэлийг ард түмэн нэгэнт ойлгож. О.Батнайрамдал даргатай Хяналтын хороо, цаана нь ажилласан хянан шалгагч, шинжээчдийн хүчин зүтгэлийг ард түмэн ойлгож, нугаршгүй ар тал, “арми” бий болсон байна. Сонсгол далимдуулж тодрох гэсэн хэсэг бүлэг хүмүүс Батнайрамдалын троллууд дийлдэхгүй байна гэж бухимдаж байсан бол үнэндээ тэр троллууд гэдэг нь нэр зүсээрээ хаягтай ард түмэн байгааг бүгд ойлгосон. Үүнийг ч өнгөрсөн баасан гаригийн чуулган дээр томрох гэж оролдоод олон түмнээсээ банга хүртсэн гишүүн С.Бямбацогт сайн мэдэрсэн байх. Тийм болоод ойлгосных уу, тэгж дүр эсгэх шаардлага ч байсан юм уу, ямартай ч тогтоолын төслийг хэлэлцсэн өчигдрийн Эдийн Засгийн байнгын хорооны хурал дээр С.Бямбацогт нутгийн дүү, залуу гишүүн О.Батнайрамдалаас уучлал гуйсан нь содон байв. Энэ хоёр хүний нэгэндээ таатай болохоос илүү, мөдхөн гарах , батлагдах УИХ-ын Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтоолын төслийн үг заалт ард түмний хүсэж байгаагаар, Монголын нийтлэг эрх ашигт хэрэгтэй зүйл болох нь л хамгийн чухал юм. Уг тогтоолоор зээлийн хүүгийн асуудал ихээхэн нааштайгаар шийдэгдэх ёстой гэж олон нийт харж байна.
Нэгдүгээрт, ОНТРЭ компанийн асуудал болсон Шивээ толгой, Жавхлант орд дээр шив шинэ хууль дүрэм мөрдөгдөхөөр байгаа. Тогтоол батлагдсанаар шүү дээ. Батлагдах нь ч ойлгомжтой. Оюу толгойн бүлэг ордын талбайн хилд орших уг хоёр ордод хэрэгжээгүй хуулийн заалтуудыг мөрдүүлнэ. Энэ нь шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх байдлаар зохицуулагдах заалттай. Ер нь ингэж тус ордууд дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ явах нь зүй ёсных юм. Мөн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох заалттай. Хамгийн гол нь, Монголын талын талын хүртэх хувь , үр өгөөжид Оюу толгой дээр хэрэгжсэн шиг байдалгүй, тодотговол, сөрөг үр дагавар, нөлөөлөл, санхүүжилтийн, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстойг томъёолсон заалттай юм.
Хоёрдугаарт, 2011 онд “Эрдэнэс Монгол”-ын захиралтай гарын үсэг зурж, байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд чухал өөрчлөлт оруулах заалттай. Хэрэгжилтийг дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолох, дүгнэлт гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлтүүд хийж засах үг өгүүлбэртэй. Хамгийн гол нь, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүгийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах заалттай юм.
Гуравдугаарт, Оюу толгойн бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг бүтээлчээр үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чинад заалттай.
Дөрөвдүгээрт, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээг 53 хувиас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг таван жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу толгой компанийн жилийн тайланд талуудад ноогдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах чухаг нэгэн заалттай юм. Тусгайлан гэж байгаа юм шүү. Эдгээр заалт бүхий УИХ-ын тогтоол өнөө маргаашдаа гарч, Засгийн газар, Ерөнхий сайд Г.Занданшатарт биелэлт тохоогдоно. УИХ-ын тогтоол бол ажиллах чигийг зааж, Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Хуулийн хүрээнд гаргалгааг нь гаргах газар УИХ, харин хэлэлцээр хийж, ашигтай нөхцөлүүдээ тохирох нь Засгийн газар гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарын Засгийн газар, түүний гал тогоог барьж байгаа С.Бямбацогт сайд энэхүү тогтоолыг гардуулан хэрэгжүүлж таарна. С.Бямбацогт ингэж С.Баярцогт ахынхаа дутуу хийснийг гүйцээх үүрэг хүлээж байна гэсэн үг. Хэдийгээр хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн нь сайн гэж үзсэн ч хангалттай сайн хийгээгүй гэдгийг бүгд сонсголоос харсан. Бас нэгэнт хийчихсэн гэрээ гээд гар хүрч болохгүй биш гэдгийг бүгд ойлголоо. Монгол хүнд баялгийг шим нь иртэл сайжруулсаар байх болно. Одоо монголчууд Оюу толгой дээр бүрэн хяналттай ажиглах болно. Энэ О.Батнайрамдалын ахалсан Хяналтын хорооны ард түмэнтэйгээ хамт хийсэн тэмцлийн үр дүн болж түүхнээ тодотгогдоно.
Z MAN


