Өнгөрсөн парламент “Баялгийн сангийн хууль” баталснаар энэ Засгийн газрын хийх томоохон ажлын нэг нь стратегийн ач холбогдолтой ордууд болон тийм хэмжээний ордын эзэдтэй төр эзэмших хувь дээрээ тохиролцоо хийх ажил болсон билээ. Эрдэнэтийн үүсмэл бус ордоос олборлолт хийж байгаа “Ачит Их” ХХК-иас төрийн мэдлийн хувийг авах ёстой гээд удсан бөгөөд тус компанийн эзэмшигч П.Цагааныг Интерполоор эрэн сурвалжилж байгаа мэдээлэл гарч олон нийтийг гайхашруулж байсан билээ. Сингапураас өөрөө мэдэгдэл хийж, эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаа бөгөөд эргэж ирэх үедээ энэ асуудлыг ярилцахад бэлэн гэж байсан. Түүний өмгөөлөгч баривчлах тогтоолыг хүчингүй болгох хүсэлт гаргаж байсан юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд гээд хариуцлагатай алба хашиж байсан П.Цагаан хэд хоногийн өмнө эх орондоо иржээ. Хүмүүс түүнийг гэрээгээ хийхэд бэлэн болоод иржээ гэх горьдлогыг түрүүлж байна. Харин тэр бэлэн болов уу?
Багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл ашиглалтад оруулсан хүмүүсийн хичээлт зүтгэлийг үнэлэх ёстой. Нөгөө талаас газрын хэвлийд байгаа баялгийн үр шим цөөн хэдэн хүний биш нийт иргэдийн амьдралд мэдэгдэж байх ёстой. Тиймээс аль аль талаасаа хүлээцтэй байж, энэ гэрээ амжилттай болно гэдэгт олон нийт итгэж байна.


