Ж.Оджаргалын хамгаалалтыг хариуцдаг хурандаа З.Төрмандах гэдэг хүнийг баривчилсан байж магадгүй гэдэг мэдээ өчигдөр түгсэн. Чухам яг хэрхсэн нь тодорхойгүй байна. Уг З.Төрмандах хэмээх хүн бол цагдаа, хүчний байгууллагад цагтаа тодорсон, авьяаслаг л мэргэжилтэн бололтой юм. Цагдаагийн томчууд болох Б.Пүрэв, Ц.Жамьяансэнгээ, А.Дулаанжаргал тэргүүтэнд тоогдож, басхүү хамтран ажиллаж явсан хүн юм билээ. С.Зоригийн хэргийг ч мөрдөж явсан. Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсаал санхүүжүүлсэн гэж зарлаад байсан генерал Р.Чингистэй найз. Гүйцэтгэх ажиллагаа хариуцсан том мэргэжилтнээр түүнийг нэрлэж болох түүхтэй байна. Энэхүү З.Төрмандах нь “MCS” компанийн хуулийн чиглэлээр бүхий л ажлыг хариуцдаг аж. З.Төрмандахыг тойроод янз бүрийн мэдээлэл явж байна. Ухаа худагийн тагнуул, туршуул, гүйцэтгэх ажиллагаа явуулагч гээд үнэн худал нь мэдэгдэхгүй их олон мэдээлэл үргэлжлэн нийгэм рүү цацагдах нь ойлгомжтой харагдана. Үйл явдал ерөөсөө л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайдаараа ахлуулан Ухаахудаг ордыг хэрхэн өөрийн болгосон түүхийг нь шалга гээд ажлын хэсэг байгуулж Ж.Оджаргал руу чиглүүлсэнээс л үүдэлтэй юм.

Ажлын хэсэгт нь хэд хэдэн сайдууд, Тагнуулын дарга П.Одонбаатар ч багтжээ. Сонирхолтой нь энэ асуудлаас үүдээд олон сонин мэдээлэл түгэж эхэллээ. Таван толгойн нэг орд болох Ухаахудагийг шалгах ажлын хэсгийн нэг гишүүн Сангийн сайд Б.Жавхлан тус бүлэг ордтой бодитой холбоотой мэдээлэл нийгмийн санамжид бий. Хамгийн сонирхолтой нь “MCS”-ийг Засгийн газар шалгах гээд байдаг, гэтэл Засгийн газрын олон гишүүн мөнөөх компаниас нь санхүү авсан баримт гарч эхэллээ. Тухайлбал, Боомтын сайд Б.Тулга гэхэд 100 сая төгрөгийн хандив авчээ. Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 140 сая төгрөг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал 210 сая төгрөг, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 90 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая төгрөгийн хандивыг тус тус ярайтал авцгаажээ. Энэ тохиолдолд Засгийн газар, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн Ухаахудаг ордынхонтой хийж байгаа тэмцэл ихээхэн ярвигтай нь харагдаж байна. Гэхдээ “MCS”-ийн олон жил явж ирсэн арга чарга үүний цаана харагдаад байх шиг. Илүүдээ гарсан мөнгө байгаа биш ямар ч их хандив өгдөг юм, бас тэр дундаа сонгуульд ялах магадлалаар нь өгдөг мэт. Нөгөө талаас сонгуульд нэр дэвших болохоор энд тэндээс хандив асууж эхэлдэг манай улстөрчдийн араншин ч мэдрэгдэнэ. Хандив авчихаад хараат бус ажиллаж чадах уу. Үүнийг зогсоох гэсэн энэ тэмцэл Засгийн хэдэн гишүүдээс нь болоод зогсох уу, асуудал ч асуудалтай харагдана.
Z man