Улс төрийн үйл явдлууд учир дараатай өрнөж байна. Ерөнхийлөгч У. Хүрэлсүх гарч ирж үг хэлэв. Баялаг бүтээгчдэд гүн талархалтайгаа хэллээ. Баялаг бүтээгчдийг бүү дарамтал гэлээ. Эвтэй бай гэв. Бүү хагар гэв. Өнгөрсөн гучин жил ерөөсөө дан алдаа, харанхуй цаг байгаагүй гэв. Эдгээр үгээрээ тэрбээр шууд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг буруутгасан, мөн сануулан ятгасан өнгийг илэрхийлэв. Багахан шазуур зуулттай хэлсэн ч илэрхийлсэн санаанууд нь чухамдаа зөв л байв. Монгол бол хувийн хэвшлийнхээ л нуруун дээр оршиж байгаа. Энэ худалгүй. Гэхдээ айлын хүүхдүүдийн дотор алт ч бий, гууль ч бий гэгчээр хувийн хэвшлийнхэн маань тэр чигээрээ цэнгэг байхгүй нь бас үнэн. Энэ агууулгаас үзэхэд Л. Оюун-Эрдэнийн тэмцэлд ч мөн зөв буй. Ж. Оджаргал нарын ашиглан эрхлэж байгаа Ухаа худагт улсаасаа давсан эрх ашиг бий бол тэр зогсох л ёстой. Улс нь харин улсаасаа давсан үйл ажиллагаатай байна гэдэг агуулгаар эдийн засгийг нь боож болохгүй ээ. Улсыг улсаас том эдийн засагтай компаниуд л улс болгон өргөж явдгийг хаана хаанаа бодмоор. Гэтэл нөгөө талд Засгийн газрын БЭТ гэгч Ж.Батзандан гэдэг хүн хувийн хэвшил рүү чухамдаа шүлсээ үсчүүлэн дэгэж байх. Н.Номтойбаяр, Н. Цэлмүүн нарт дан ганц стратегийн орд зориулагдаагүй гэлээ. Үнэн. Хөшөөтийн ордынхонд, П. Цагаан, Ж. Оджаргал, ер Монголын уул уурхайн өнгөтэй өөдтэй бүхэн рүү Ж.Батзандан чухамдаа төрийн нэрээр далайлган айхтар довтолж байна. Ж. Батзандан хэллээ. Нүүрсийг хэн ч ухчихна гэж. Хүрзээр бол тийм л дээ. Гэхдээ төсөл болгож, бодит эдийн засаг болгож, эрсдэл үүрч, ашиг гаргаж, татвар төлдгийг бол хэн дуртай нь хийж чаддаггүйд л гол учир бий. Монголын баялагийн, том ордуудын 34 хувийг төр эзэмшин, түүний үрийг ард түмэнд өгнө гэж Засаг ярьж байгаа буруу бус аа. Гэхдээ Ерөнхийлөгч бас хэлж байна. Хүн бүхэн ажил хий гэж. Энэ бол мөн л шууд утгаараа 34 хувийг идээд суугаад бай гэсэн үг биш. Ингэж болохгүй, бүгд хөдөлмөрлө. Халамж хавтгайрч ер болохгүйг л хэлж байгаа юм. Нэн зөв. Хөлөө явж хөлсөө иддэг номтой. С.Ганбаатар, Х.Баттулга нар бүр 50 хүртэлх хувийг төрд авч, ард түмэнд халамж болгох, хишиг болгох талаар Монголоор нэг сурталдаж байгаа. У.Хүрэлсүх үүнийг үнэн зөв гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж л байгаа хэрэг. Зөв шүү дээ. Төр гэдэг ертөнцийн бүх муу менежер бүгд дээр суувал, өмч, бодит эдийн засаг бүтээгч, хувийн хэвшил байх хэрэггүй болно. Үр дүн нь шууд дампуурал. Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн хэлсэн үг бүрийн агуулга үнэндээ зөв байлаа. Ингэж дуугарч байх ёстой юм.
Z man