Улс төрийн хураангуй…
Гишүүн Саруулсайханы Цэнгүүн попролоор улсыг удирдаж үл болно хэмээжихүй. Шинэ үе ингэж хатуу үзэж байна. Гарцаагүй л дээ. Үүн шиг үнэн юм байхгүй. Монголд попын хаад олон, Ц. Даваасүрэн, Х.Баттулга гээд. Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун гэгчлэн зөндөө. Энэ хоёр харин нэг юм, цагийн саалт, эрхгүй уналтаараа улс төрийн индрээс явж одож, буян боллоо. Эдгээр хүмүүсийг л С.Цэнгүүн хэлээд байгаа юм. Улсаа хорлохоо одоо үнэхээр зогсоомоор байна. Утаандаа хордож хэвтэхээ улс төрийн попролоор “хавдаршуулдаг”-аа болимоор байна, хаана хаанаа. Танк ярьсан улс төрийн золионд Монголын эдийн засаг өвдөглөж гүйцсэн. Хэдэн их наядын орлогоо алдсан. Хил холболт үгүйн улмаас улсаараа дорой, доожоогүйн өлбөгөрт нурмайлаа. Одоо энэ арчаагүй байдалдаа ханасан баймаар. Энэ бол Х.Баттулгын гарцаагүй буруу. Түүхэнд ингэж үлдэнэ. Утаатай тэмцээд олон оныг барав. Утаа байж л байна, одоо ч. Х.Баттулгын хэлээд байдаг зуух тараагчид үүнд буруутай. Эргэлзээ байхгүй. Үүнд Ж.Оджаргал, түүний гурван үсэгтэй компани гарцаагүй хамаарна. Х.Баттулга, Ж.Оджаргал хоёр хоёулаа Монголын өмнө буруутай.


Гавьяа ч мэр сэр буй байх. Гэхдээ захиалгат хуулиар Монголын төр сульдсаар ирсэн. Ц.Мөнх-Оргил тэргүүтэй хуулийн “хулгай”-гаар мэргэшигсэд магад байсаар ирсэн нь шорвог үнэн юм. Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг эдүгээ Л. Мөнхбаясгалан нар муулаад аргыг нь барж байх шиг байна. Л. Энх-Амгалан дөрвөн удаа УИХ-д сонгогдчихоод ганц удаа дөнгөж сонгогдоод байгаа Л.Мөнхбаясгаланд боорлуулаад, түүнийг давах оюун санаа, бүтээлч, үнэн, зөв байдлыг санаачилсан хуульдаа тусгаж чадаагүй бол хохь нь л биз дээ. Миний бүтээсэн, Мөнхбаясгалангийн нураасан хоёр тэнцэнэ гэж Л. Энх-Амгалан хэлж. Эдийн засаг бүтээснээр аваад үзвэл тийм байгаа нь үнэн байх аа, үнэн байх. Л.Мөнхбаясгалан Л.Энх-Амгаланд ингэж хэлүүлснийгээ тунгаах хэрэгтэй юм. Үнэхээр түүний төлсөн шиг татварыг улсад төлсөн үү, яалаа гэж эргэцүүлэх хэрэгтэй. Хэн нь эх оронч байв гэдгийг ард түмний өмнө хэлэлцүүлэх ч хэрэгтэй. Л.Энх-Амгалан цусны шинжилгээ өгье гэсэн байна лээ. Манай улс төрд цусны цэврийн, жинхэнэ Монголын асуудал замаа алдаж, замбараагүй болсон. Ер нь манай УИХ-ын бүх гишүүд нэг өдөр цусны шинжилгээгээ өгөөд, хэн болохоо, цэвэр тунгалаг цустай эсэхээ нягтлуулж, зарлахгүй бол энэ мэт яриа мөнхөд л гарсаар байх болно. Цусны цэвэр тунгалаг нэг хэрэг. Харин оюун санааны тунгалагт л бүх учир бий. Тийм учраас л тэрхүү хорин наймхан настай бүсгүй С.Цэнгүүн улсыг попролоор удирдаж үл болно гээд байгаа чинь гарцаагүй юм. Попрол бол улсаа хорлох ёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хил холболтын асуудлаа шийдэх гэж үйлээ үзэж байх шиг байна. УИХ хэлэлцэж даруй шийдээсэй. Урд тал, Хятад хөрш маань түргэн холбоё л доо гэж тодорхой хэлж байна. УИХ-ыг нэв нээлттэй хуралдуулаад, ямар нөхцлөөр холбохоо нэн тодорхой дэвшүүлээд, маш тодорхой дэгээр гишүүн тус бүр үг хэлж, саналаа өгөөд ард нь гарах хэрэгтэй байна. Монгол ингэж л ялна. Үүн дээр хэн нь Монголд хайртай, хэн нь эргэлзээтэй нь нэн тодорхой харагдаг. Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ хуралдаанд оролцоосой. Монголын эрх ашиг хэнүүст байгааг тэр хүн үзээсэй.
Z MAN