Z MAN ингэж өгүүлэв…
МАН-ын Нарийн бичгийн дарга Өлзийбаярын Золбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга Ганболдын Лхагвадоржоосоо хэд ах. Лавтайяа арван ах. Г.Лхагвадоржийгоо сураггүй байхад хэзээний олны танил болсон сэтгүүлч явлаа. “Буян”-гийн Жагаад “мангасдуулсан” шиг явсан. Ер нь л улстөрчидтэй ярилцлага хийдэг, товхийсэн тамиртай сэтгүүлч байв. Ёс зүйтэй, өөрөө ч бас тийм бүлээхэн залуу л даа. Г.Лхагвадорж бол сүүлхэн үеэс, сүүлийн хэдэн жилд бас л салбартаа дорвитой ялгараад гараад ирсэн ийм залуу. Эмх цэгцтэй. Цэвэрхэн. Мөн ёс зүйтэй. Ийм хоёр залуу өнөөдөр Монголын хамгийн том хоёр намын хэвлэл мэдээлэл, олон нийт, соён гэгээрлийн асуудал хариуцан ажиллаж байна. Намынхаа нарийн бичгийн даргаар. Талархалтай. Юунд нь талархаад байна гэхээр, ажил мэргэжлийнхээ хувьд ч, хүн төлөвийнхөө хувьд ч зөв залуус байгаа нь тийнхүү талархалтай гэж хэлж байгаа хэрэг. Гэвч энэ хоёр залуугийн хүчээ өгч байгаа намууд болбоос тун ээдрээ түвэгтэй, амаргүй, замбараагүй байгаа. Хагаралтай, авлигатай, ашиг сонирхолд хөтлөгдөмтгий, аавын цээж ханасан увайгүй, урагшгүй ах нараар дүүрэн байгаа. Монгол улс өнөөдөр болтол өөдтэйхэн хөгжиж, хүний гар харахгүй шиг, хүн ардаа хөл хөсөр, гар амар жаргадаггүй гэхэд, зовоодоггүй явах нийгмийг бүтээсэн байх ёстой байв. Гэтэл тэгсэнгүй. Хэдэн зуун сая доллар, ждү, концесс,ковид, оффтейкийн үй түмэн хулгайд нэрвэгдээд сууцгааж байгааг эдгээр залуус тун сайн мэдэж байгаа. Ө.Золбаяр нь улс төрд У.Хүрэлсүхийн хүн.

Ерөнхий сайд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн гол хүн байв. Эдүгээ ч энэ хаяглалаараа МАН-д Нарийн бичгээр оршиж байгаа нь үнэн билээ. Гэхдээ тэр ажлаа хийж чаддаг байсан, чадаж байсныг нь үнэлсэн байх, УИХ-д хүртэл дэвшүүлсэн. Ялагдсан. Харин МАН-д Нарийн бичгийн даргын албан тушаалтайгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “ялж” орж ирсэн хүн. Дотоод оюун санаа харьцангуй эрүүл, үзэл бодлын чиг хандлага тун голтой.

Г.Лхагвадорж бол О.Цогтгэрэлийн, С.Баярцогтын л хүн гэж үзэгдэх байх. Гэхдээ мөн чанар, зарчмын ролийг голлодог, үзэл санаа, төлөвшлийн хувьд нэн эрүүл залуу үзэгддэг. Л.Оюун-Эрдэнэтэй шөнөжин ярьж, хэмжээ алдсанаа ухаардаг биз, аливаад, ялангуяа улс төрд хэмжээг, ёс зүй, зарчмыг хэрхэн баримтлахыг их эрт л “өвдчихгүй” бол тун мэдэхтэйгээ залуу болох нь ойлгогддог. Манай сэтгүүл зүйн салбараас ийнхүү төрсөн, эдүгээ толгой хоёр намын соёл гэгээрэл, олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлж байгаа энэ хоёр залууд олон нийт, ард түмэн итгэлийн гэгээ үүрүүлэх нь дамжиггүй. Юутай ч энэ хоёр залуу улс төрийн идлэг уулга, авлига, хээл хахуул, аливаа зарчимгүйдлийн эсрэг явах байх гэдэг нийтлэг үнэмшил олонд байгаа. Энэ хамгийн чухал итгэл. Энэ итгэлийг Ө.Золбаяр, Г.Лхагвадорж хоёр зүтгэлээр хариулах ёстой. Тэр нь парламентын тогтолцоогоо өргөх замаар, намуудын эрүүл төлөвшил, дотоод ардчилал, хүйс тэгшийн бодлого, төлөөллийг хангах, оюун санааны манлайллыг үзүүлэх ёстой үйл ажиллагаа юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн тэв тэгш байдлыг илүү төгөлдөржүүлэх, улс төрийн дээд эрэмбэд хамгийн зөв хүмүүсийг дэвшүүлэх, намын үзэл баримтлал, шинэлэг үйл ажиллагааг тогтмол сурталчлах, нам дотроо болоод сонгогчдын боловсролыг нэмэгдүүлж, намаар дамжиж засаглалыг бий болгох төрийг иргэд ардад бодит ивээлтэй болгож, хүндэтгэн дээдлүүлэх гээд маш олон сэдвээр хийх ажил эдгээр залууст байна. Бүх үед намууд үзэл суртлаа, зарчмын эрүүл бодлогоо сурталчилдаггүй. Сонгууль болох үед л жаахан салхи оруулж, сүүлдээ хар пи арын дайн хийгээд дуусдаг нь нууц бус. Бусад үед намуудын үзэл суртал, соён гэгээрэл үргэлж унтсаар ирсэн гэдгийг зөвшөөрөх ёстой юм. Өнөөдөр Монгол оронд төрөө дээдлэх үзэл санаа үгүй болсон байна. Нэн ялангуяа залуусын дунд. Чухам үүнээс эхлээд МАН, АН-ын хоёр залуу даргад хийх ажил мөн ч их байна даа. Ө.Золбаяр, Г.Лхагвадорж хоёр хамгийн түрүүнд нам намынхаа шалбааг балчгийг арилгах, хөөтэй, авлигатай, хулгайтай, хөгийн хүмүүсийг эдгээр намуудын босгоос хол байлгах ажлыг дээд дарга нартайгаа ярьж, зөвшиж, зохион байгуулж, нийтээр жигшүүлж зайлуулах ёстой. Олон нийтийн итгэлийг авах ёстой, хэвлэл мэдээлэлтэй нягт хамтран ажиллах ёстой. Ингэвээс ирэх парламентын сонгуульд УИХ-ын гишүүн болох хүслүүдээс тань илүү буянт үйл хэрэг болно. “Алсдаа тэгээд заан бол оо” гэж “Сумын заан” шүлэгт өгүүлдэг шиг алсдаа тэгээд УИХ-ын гишүүн болно л биз, түүний өмнө улсынхаа дэвжээг , улс төрийнхөө намуудын дэвжээг л зөв засалцах, залалцах хэрэгтэй байгаа юм даа залуу дарга нараа! Өлзийбаярын Золбаяр өөдтэй байх, Ганболдын Лхагвадорж галтай байх хэрэгтэй байна, намын ах нараасаа, бүх талаар. “Хүрэлсүхийн” Золбаяр, “Баярцогтын” Лхагвадорж баймааргүй л байгаа юм.
Z MAN

