Улс төрийн хураангуй….
Улсын дээд шүүхийн дарга Дамдины Ганзориг гэдэг хүнд тодорхой шалгуурууд тавигдлаа. Учир юун хэмээвээс, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ түүнийг байгаа цагт шүүх юу ч шийдэхгүй, авлигачдыг өөхшүүлсээр байна гэлээ. Тэгээд намайг унагахаар Ерөнхий зөвлөлийнхөнтэйгээ архидаж байхаар авлигачидтайгаа тэмц гэж УИХ-ын танхимын оройгоос шазуур зуун хэлсэн билээ. Түүний хэлсэнээр Д.Ганзориг байгаа үед авлигачид хаацайлагдаж, ял завшиж, улс орны хөгжлийн төслүүд гацаагдаж байгаагаар ард түмэнд ойлгогдлоо. Ерөнхий сайд шүүхийнхэн гэдэг байсан бол одоо шууд даргыг нь нэр заан хэлээд, шүүхийнхэнтэй тэмцэж байгаагаа, шүүхийнхэн үнэхээр болохгүй байгаа гэдгийг улам бүр зарлан, итгэл үнэмшлээ лавшруулж байгаа юм. Харин шүүхийнхэн, дээд шүүхийн дарга одоо болтол өөрсдийгөө өмгөөлөх, гүтгэгдсэн бол няцаах юу ч хийхгүй байгаа нь Л. Оюун-Эрдэнийн хэлээд байгаа үнэн болохыг ямар нэг байдлаар батлаад байгаа мэт харагдана. Хэрэв үнэхээр, Д. Ганзориг нар асуудлыг шийддэггүй, шүүхийнхэн шүүх ажлаа үнэн зөв, шударга явуулж чадахгүй байгаа бол үтэр түргэн энэ албаасаа хагацах нь зөв. Монголын ард түмэн шударга бусад ханаж, нийгмийн үнэгүйдлийн золиог хангалттай үүрч байна. Шүүхийнхэн, дээд шүүхийн дарга ч гэсэн асуудал шийдэж, ажил хийдэггүй юм бол яах гэж он он дамнан татвар төлөгчдийн мөнгийг цалин болгон авч сууж байна вэ. Хоолондоо ядаж үнэнч байхын тулд ажлаа хийх ёстой биш үү. Аа харин, Ерөнхий сайд нь гүтгээд, шүүхийнх нь хараад бусад халдаад байгаа бол үүнийг нь хуулийн шүүхийнхээ үнэн, няцаагдахгүй баримт, үндэслэлээр үгүйсгэж, харин ч түүнд хариуцлага ярих нь мөн шударга ёсонд нийцэх билээ. Гэтэл энэ бүх үйл явцад шүүхийнхний зүгээс, ганц нэг хувь хүн ярихыг эс тооцвол, шүүх засаглал Гүйцэтгэх засаглалын өмнө нэгэнт толгой гудайж, өвдөг сөхөрчээ. Засаглалууд хараат бусаар мөр зэрэгцэн, эрүүл саруулаар оршиж, ард түмэн, улс орны эрх ашгийг хангаж байх ёстой болохоос биш, өнөөдрийг хүртэл хэн буруутай нь үл мэдэгдэх байдлаар ингэж үлгэн салган явж огтоос болохгүй юм. Чухам ийм учраас Л. Оюун-Эрдэнэ, Д. Ганзориг гэдэг хоёр хүний хэн нь үнэн ярьж, үнэн үйлдэж байгааг ард түмэнд нээлттэй ойлгуулахыг Ерөнхий сайд, Дээд шүүхийн дарга хоёроос монголчууд шаардах бүрэн эрхтэй. Тодорхой хэлбэл хэн нь цааш ажлаа үргэлжлүүлж, хэн буруутай нь түргэн ажлаа өгч одохыг цаг үе, нийгмийн эрэлт шаардан тулгаж байна. Үүнийг цэглээсэй. Лувсаннамсрайн Л. Оюун-Эрдэнэ, Дамдины Ганзориг хоёрын хэн нь ажлаа үргэлжлүүлэх ёстой вэ. Үүнд та хоёр төрийн дээд засаглалууд толгойлогчдын хувьд хариулж ярь ,Монголын ард түмэнд. Д.Ганзориг бол Халтмаагийн Баттулгын эрхшээл, ивээлээр өнөөгийн зэрэг албанд томилогдсон хүн билээ.
Z MAN