нийгэм

Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм
Улс төр

Шивээ толгой, Жавхлант ордоо Оюу толгойн “гулсуураар” алдчихаагүй биз дээ!

  • By E. Erel
  • 2026-10-21

Энэ намар баавгай их байгаа. Дөчин найман баавгай манайхан намнасан, тэгээд шатааж устгасан гэнэ. Харин эдийн засгийн хувьд огт алаагүй баавгайн арьсыг арван хэдэнтээ хуваан идэж, ногдол ашгаа бэлнээр авна, бэлнээр өгөх боломжгүй. Байшин барина, музей барина, Засгийн газар ашиглана, үгүй ээ ард түмэндээ өг гэсэн хэрүүл монголчуудын дунд ид өрнөж байна. Гэхдээ хойшлуулж, хойшлуулж хугацаанаас нь өмнө гэнэт өгөх болсон ногдол ашгийн цаана ямар аймшигтай жүжиг тоглогдчихов оо. Наанаа тийм зүйл байхгүй гэж байгаа ч маш ноцтой асуудал босоод байна. Ард түмэн минь нүдээ арчаад хар.

Онтрэ гэх гадаад нэрийг сүүлхэнээс дуулсан учраас цаад наадахыг нь олон нийт ухаж тэр бүр нарийн мэдэхгүй байгаа. Сүүлийн үеийн хэрүүл, татварын албаныхан бодолт хийсэн хийгээгүй, нэхэмжлэл өгсөн өгөөгүй, мөнгө хийчихсэн байна лээ, мэдээгүй гээд үлгэр домог шиг үнэмшил муутай яриан дунд хамтдаа төөрчихөөд байгаа. Тэгвэл мэддэг болоод мэдэхгүй хүмүүст сануулж, ойлгуулах үүднээс жаахан дэлгэрэнгүй тайлбарлах гээд үзье.

Өмнийн говьд бахдам сайхан баялагтай газрыг өвгөд маань бидэнд үлдээсэн. Оюутолгойн бүлэг орд гээд үргэлжилсэн том зэсийн орд нээгдсэн. Эхэндээ “Айвенхоу майнз”, Роберт Фридланд гээд нөхөр манайхантай гэрээ хийх гээд явж байсныг хүмүүс санаж байгаа биз. Дараагаас нь уул уурхайн дэлхийн том компани Рио Тинто орж ирлээ, энэ боломжийг чухам алдахгүй юм шүү гэсээр бид гэрээ байгуулсан. 2009 онд байгуулсан тэр гэрээ юу болсныг бүгд мэднэ. Оюутолгой дэлхийд олборлолтоороо Топ-5-д орох уурхай болсон, манай улсад ирж байгаа бодит өгөөж нь нөөц ашигласны төлбөр 5 хувь. Ийм байдалд дахиад орж болохгүй учраас, алдаагаа давтаж болохгүй учраас Онтрэгийн учир шалтгааныг бүх хүмүүс мэдэх хэрэгтэй байна.

Бүр 1980-аад оноос ЗХУ-ын геологчид зэсийн илэрц байгааг илрүүлж, дараа нь геологич Д.Гарамжавын нээсэн Оюутолгойн бүлэг орд хэсэг бүлэг хүдрийн биетүүдтэй нь тогтоогдов. Анхны компани 160 мянга га талбайг аваад хоёр гурван жилийн дараа 135 мянга га-г буцааж өгсөн байдаг. Хаана яг юу байгааг нь мэдэхгүй учир их хэмжээний талбай аваад нөөцөө судалж, газраа хумиад, буцаах үйл явц уул уурхайн компанид хайгуулын үед байдаг л асуудал. Фридландын эргэн тойрны мэдээлэлтэй хүмүүс гэх юм уу хэсэг нөхөд угаасаа бүлэг орд учраас тэнд байхад энд байх нь тодорхой, алсдаа хэрэг болно гэж үлдсэнийг нь аваад Монголд Онтрэ ХХК байгуулжээ. Онтрэ ХХК-ийн толгой компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Антре ресурс гээд ерөнхийдөө цаасан дээрх компани. Цаашдаа дэлхийн хэмжээний том компани Рио Тинтод лицензээ зарчихна гэсэн тооцоололтой. Тэр болтол лицензийн хураамжаа төлөөд л явж байхад болно. Ингээд бүлэг ордоос Хюго Дамметын өмнөд, хойд бүс, Оюут, Херугагийн орд Рио Тинтотой хамааралтай манай Оюутолгойн төсөл дээр, харин Жавхлант, Шивээ толгой Онтрэ компанид хамаарагдах болов. Шивээ толгой нь гэхэд Хойд Хюготой, Херуга нь Жавхланттай наалдах шахам хоёр талд байрлана. Бүр 2004 онд Оюутолгойтой ашиг хуваах гэрээ байгуулж, болж өгвөл лицензээ тийш өгчих санаатай ч өнөөдүүл нь Монголын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийгээд, хайгуул ч хийж үзээгүй, тодорхой биш тэр лицензүүдийг нь авахтай манатай. Дунд нь далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоож, төслөө царцааж янз бүр болсоор. Ингэж явж байгаад далд уурхайн бүтээн байгуулалт ч эхэллээ. Зэсийн хүдрээ дээрээс нь биш харин доороос нь хөндийлөн ухаж бөндийлгөн унагаж авах арга бүхий уурхайн ажил явж байгаад лицензийн хамаарах хилд тулчихав. Үүнээс цааш Риогийн мэдлийн талбай дуусаад Онтрэ компанийн лицензийн талбай байдаг. Цаад талд нь бөөн том зэсийн хүдэр үргэлжлээд байдаг. Ингээд гэнэт яав, ийв. Юу болов гээд аль 20 шахам жилийн өмнө хийгээд мартчихсан гэрээгээ гаргаж ирнэ. Онтре компани 20 жилийн өмнө байгуулж байсан гэрээгээ биелүүлэхгүй байна гэж арбитрт хандаж, арбитраас гэрээг биелүүл гэсэн шийдвэр гарна. Гаднаас нь харахад нэг нь шүүхэд гомдол гаргаад, нөгөө нь арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэт. Тэд 2025 оны хоёрдугаар сард 80:20-иор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгууллаа. Ингээд  маниусаа малласан хуучин нөхцлөөрөө хоёр ордыг нэмж аваад үргэлжлүүлээд явахыг санаархав. Энд юмны эзэн, сумны занги Монгол улс хаана байгаа юм бүү мэд. Гадны хоёр компани манай өмнөөс бидний баялгийг хуваах талаараа шийдчихсэн. Гэхдээ тэд нэг зүйлийг зориуд мартав. Оюутолгойн бүлэг орд стратегийн орд гэдгийг. Хуулиараа Монголын Засгийн газартай гэрээ байгуулах ёстой. Тэрнээс арбитр асуудлаа шийд гээд, тэд хоорондоо шийдэж хамтарч ажиллаж, лиценз шилжүүлээд байх эрх байхгүй.

Оюутолгойн бүлэг ордын нийт зэсийн хүдрийн 32 хувь нь Онтрэ компанид хамааралтай ч яг охь шим, шижир тунгаамал нь тэнд байгаа юм. Нийт алтны нөөцийн 41 хувь, молибдений 94 хувь, мөнгөний 28, зэсийн 24 хувь Онтрэ компанийн мэдэлд байгаа Жавхлант, Шивээ толгойн ордод хамаарагдаж байна.

Монголчууд одоо яаж ч мангартлаа мангартлаа гэхэд 2009 онд байгуулсан Оюутолгойн төсөл шиг гэрээ байгуулахгүй.

Гэвч тухайн үедээ Онтрэ компанийг лицензээ аваач гэж байхад авчихгүй яав даа гэж толгой руугаа шааж байсан Рио Тинто энэ хоёр лицензийн талаар дуулаа ч үгүй шахам монголчуудыг мэдээгүй байх үед яаран асуудлыг зохицуулахаар шийдсэн нь 2025 оны хавар эрт юм.  Хоорондоо гэрээгээ байгуулчихсан, Татварын ерөнхий газар руу Онтрэгийн татварын өр зээл юу байгааг бодуулахаар хүсэлт явуулчихсан, тэд тооцоолол гаргаад өгөхөөр мөнгөө шилжүүлнэ. Ингээд өр төлбөргүй тохиолдолд Ашигт малтмалын газраас лиценз шууд шилжинэ гэж тэд тооцсон.

Гэтэл гайтай юм шиг урт чихтэй, эх оронч нөхөд энэ талаар дуугараад эхлэв. Татварын Ерөнхий газраас татварын  бодолт гаргаж өгөхгүй гацаачихлаа. Эндээс л бодолт гарчихсан байхад бүх зүйл болох байсан юм сан. Тасралтгүй орилсоор байсан нэг нөхөр явсаар бүр Хянан шалгах түр хороо байгуулаад авлаа.

Нойтон хамуу шиг Түр хороо Засгийн газар ажлаа хийхгүй байна, Оюутолгойн төлөөлөл ирэхгүй байна гэж долоо хоног бүр хурал зарлаж мэдээлэл өгнө. Хэлэлцээр ч эхэллээ. Оюутолгойн нээлттэй сонсгол боллоо. Хоорондоо нэгнээ барьж идэх гэж байгаа мөртлөө тэнд цугларсан үе үеийн бүх хүмүүс Онтрэ бол Оюутолгойгоос тусдаа. Гэрээ байгуулагдах үед Онтрэ ямар ч хамаарал байгаагүй. Тусдаа шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ биз гээд ам нэгтэй дуугардаг байгаа. УИХ-аас гаргасан 120-р тогтоол дээр бүр 1 гэж байгаад “Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах” гээд зааж өгсөн.

Ингээд монголчууд хэсэг санаа амрав. УИХ-аас тогтоол гарчихсан. Цөөнгүй монголчууд Жавхлант, Шивээ толгой бол юун Оюутолгой юм байна, өмнөх алдаагаа давтахгүй хариуцлагатайгаар шинэ гэрээ хийнэ дээ гэж ойлгож авчихаад байхад аюумшиггүйгээр асуудал өрнөлөө.

Үүнээс өмнөхөн Г.Занданшатарын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг буулгах дээр Сангийн сайд Б.Жавхлангаар, Онтрэтэй холбоотой асуудлыг шийдүүлэхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийг 2025 оны наймдугаар сард байгуулсан. Хэлэлцээр эхлүүлэх байтугай ажлын хэсгээ ч хуралдуулаагүй байсан мөртлөө Оюутолгойн Хяналтын түр хороог ажлаа хийхээр дургүй гэж. 2025 онд зээлийн хүүгээ бууруулах өндөр жил нь дуусах гээд байхад арван сар нь ангайж суусан мөртлөө ганц хэлэлцээр эхлүүлсний дараа түр хороог ад үзэх маягтай явсаар он дамнуулсан байдаг. Ганц хийсэн амжилт нь 2025 он өнгөрсөн ч зээлийн хүүг буулгах хүртлээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх боллоо гэсэн хэлэх үгтэйгээр 2026 онтой золгосон. Г.Занданшатар огцорч, Б.Жавхлан ч С.Мэндсайханаар солигдов. Зээлийн хүүг яриад байснаас Онтрэгийн асуудал нам байгаад л байлаа. С.Мэндсайхан “Монголдоо хайртай” гэж хэлд оров. Зээлийн хүүг бага боловч бууруулжээ. Н.Учрал Оюутолгойн хэлэлцээрийн багт байсан бүх хүмүүсийг эх орончид гээд шагнаж урамшуулсаар байлаа. Одоо тэгээд нөхцөл нь бага боловч дээрдэж байвал, цаас өгөх нь урам л байлгүй дээ. Өнгөрсөн зургадугаар сард Н.Учрал Ерөнхий сайд Оюутолгойн төслөөс ногдол ашиг авах болсон тухай зарлав. Хэлэлцээр дуусаагүй байхад яаран зарлаж, сайн мэдээгээ дуулгав.

Ногдол ашгийг гэрээ ёсоор бүх өрөө төлж дууссаны дараа ав гээд өөд нар үзүүлдэггүй байсан Риогийнхон гэнэт өгөхөөр болсонд олон нийт, хэвлэл мэдээлэлийнхэн бүгд гайхширсан. 2019 онд авна гэж байсан ч,  хүүгийн хүүндээ алуулсан бид зээлээ төлж чадахгүйн улмаас 2037 он болтол ногдол ашгийн бараа харахгүй байсан шүү дээ. Өнөө хэдийгээ мэдэх улсын хувьд үнэгүй бяслаг хавханд байдаг гэгчээр юугаар наймаа хийчихэв ээ гэж хаширласан. Биднээс авах юм гэвэл Онтрэгийн хоёр лиценз байгаа учраас тавиад туучихаагүй байгаа гэж айсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс эхлээд ажлын хэсгийн ахлагч сайд нар бүгд л “Онтрэ”-д байгаа хоёр лиценз яагаа ч үгүй байгаа гэж мэдэгдсээр байлаа.

Манайд оруулсан хөрөнгө оруулалтаа зээлийнхээ хүүгээр бараг олчихоод байгаадаа ингээд ногдол ашиг өгөх гэж байгаа юм байна. Монголчууд 34 хувьдаа ногдол ашиг авна. Нөгөө талд тэд ч бас 66 хувьдаа авна шүү дээ гэсэн харьцуулсан яриа монголчуудын дунд гарч, үүгээр тэдний “өгөөмөр” занг тайлж байв.

Гэтэл есдүгээр сарын 30 билүү 31-нд Канадын Антрее компанийн шинэ гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигч нартаа зориулан нээлттэй захидал илгээснээр монголчууд Татвар дээр дэгээдэгдэж байсан гогцоо мултарсныг ойлгосон юм. Лицензүүдийн татвараа төлж, Оюутолгойд шилжүүлснээр олон арван жилийн мөнгөний урсгал бидэнд орж ирэх боллоо гэж тэд хувьцаа эзэмшигч нартаа мэдэгдсэн байлаа. Энэ талаар Эдийн засгийн байнгын хороон дээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас асуухад “Татварын мөнгө орсон эсэхийг сарын сүүлээр шалгаад хариу хэлье. Энэ талаар мэдэгдсэн зүйл байхгүй” гэж хариулсан. Бүр өнгөрсөн зургадугаар сард Татварын ерөнхий газрын дансанд 24 тэрбум шахам төгрөг орчихоод байхад Сангийн яам нь ингэж хариулсан. За ингээд ар араасаа “Онтрэ”-гийн лиценз шилжээгүй байгаа. Татварын бодолтыг Татварын Ерөнхий газраас хийгээгүй гэж ам уралдан бүгд баталж эхэлсэн. Татварын Ерөнхий газрын дарга, Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд. Тэгсэн мөртлөө дөрвөн сарын өмнө Монголын дансанд орсон тэр мөнгийг хэн ч мэдэхгүй байсан гэхээр үнэмшил төрөмгүй.

Монголд улстөрчид худлаа хэлэх магадлалтай. Харин гадныхан хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө асар өндөр үүрэг хүлээдэг учраас худал ярьдаггүй. Канадын Антрее компанийн шинэ гүйцэтгэх захирал Монголд ирээд Онтрэ Монгол компанийнхаа ажилтнууд болон Рио Тинто, Оюутолгой, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдтай уулзсан талаараа захидалдаа дурдсан байна лээ. Мөн Оюутолгойн уурхайн тэднийхтэй хил залгадаг Хойд Хюго ордын босоо ам дахь өөрсдийнхөө эзэмшдэг хувь оролцооны боломжит үнэ цэнийг үнэлэх боломжтой болно гэж дурдсан байгаа юм. Ерөөсөө тэд аль хэдийнэ Шивээ толгой, Жавхлант ордуудыг өгчихсөн юм биш үү гэж шууд ойлгогдохоор нээлттэй захидлыг гаргасан байв.

Монголын Татварын алба татварын бодолтыг хийж өгөөгүй, тухайн компанийг өөрсдөө дур мэдэн шилжүүлсэн гэж тогтмол мэдэгдэж. Гэвч сүүлийн өдрүүдэд дэлгэгдсэн төлбөрийн даалгавар дээр зориулалт дээр нь 13 орон бүхий тоо байгаа нь Татвараас өгсөн нэхэмжлэлийн дугаар гэсэн сэрдлэг олон нийтэд явж байгаа билээ. Уг нь манайхныг мэдээгүй байхад гадны нөхдийн амжуулах гэж байсан ажиллагааг Үндэсний Татварын алба зогсоож, бодолтыг нь хийж өгөлгүй торгоон барьж байсан ганц газар юмсан. Гэтэл өөрсдөө ч мэдээгүй байхад бодолтыг нь гадны компани хийчихээд, татварт хэдийнэ 24 тэрбум төгрөг оруулчихсныг  Сангийн яамны төрийн нарийн нь дөрвөн сар шахам болж байхад мэдэхгүй байсан гэхээр, мөн хачин шүү. Эсвэл канадууд дураараа өөрсдөө нэхэмжлэл үүсгээд тушаачихсан юм уу. Жил хагас үнэ цэнтэй хоёр лицензийг Монголын талд барьж байсан Татварын албанд итгэхийг хүснэ.

Сангийн сайдын 2019 оны 302 дугаар тушаалаар ашигт малтмалтай холбоотой татварыг өөрсдөө мэдэж тооцоолоод тушааж болдоггүй журамтай. Тэгэхээр Монголын хуулийг зөрчсөн нөхөдтэй ярих л учиртай болж таарна. Хэрэв манай талаас албаны хүмүүс худлаа хэлсэн бол УИХ дээр худал мэдээлэл өгсөндөө хариуцлага хүлээх маш олон хүн гарах нь тодорхой болов.

Мөн Г.Дамдинням сайдын ам дүүрэн хэлээд байснаар лиценз шилжээгүй байгаа бол торгоон барих ганц газар нь одоо Ашигт малтмалын Ерөнхий газар болж байна. Онтрэтэй холбоотой ажлын хэсгийг ахалж байсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням албаа ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд шилжүүлэн өгсөн байна лээ. “Намайг Канадад сургууль төгссөн учраас элдэв яриа гараад байгаа учраас өгөхөөр болсон” гэсэн тайлбар хэлж байсан. Тэгвэл анхнаасаа Канадад сургууль төгссөн хүн Канадын компанитай холбоотой ажлын хэсгийг авахгүй байх байсан юм. Сэм юм найруулчихаад ажлаа өгөөд явчихдаг гэм манай улстөрчдөд байдаг учраас хүмүүс Г.Дамдиннямыг хардаж байгаа нь үнэн. Тиймээс асуудалгүй гэдгээ ойрын үед нэг батлан харуулчих хэрэгтэй. Г.Тэмүүлэн сайдын хувьд Оюутолгойн асуудалд хар бага наснаасаа гэрээ байгуулах ажлын хэсэгт нарийн бичгээс нь эхлээд явж ирсэн, туршлагатай гэдгээ сонсголоор онцлоод байсан. Иргэддээ итгэл өгч, Жавхлант, Шивээ толгой та нарт байгаа шүү гэдгийг бас шинэхэн ажлын хэсгийн ахлагчийн хувьд батлаад өгчихмөөр л байна.

Ер нь л ам дүүрэн, гар хоосон улстөрчдөд итгэхэд  хэцүү учраас иргэд минь өөрсдөө л хяналтаа чангатгамаар байна. Өглөө бүр Тангуд улс буйг сануулах ёстой шиг Онтрэ ХХК дээр байгаа Шивээ толгой, Жавхлант хоёр орд бидэнд байгаа эсэхийг лавлаж бай. Тэгээд та нар шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж чадвал чад, чадахгүй бол цуцлах эрх нь ч байгаа гэдгийг хэлчихмээр байна. “Онтрэ” ч лицензийн хураамж дээрээ асуудал гаргаж байсан нь сонсголоор яригдсан, Рио ч Оюутолгой төсөл дээрээ хөрөнгө оруулагчийн гэрээгээ биелүүлээгүй өчнөөн алдаа байгаа. Түүнээс гадна нэг ноцтой зүйл байдаг нь “Оюу толгой”, “Онтрэ Монгол” компаниуд монголчуудын оролцоогүйгээр 80:20-иор бүтээгдэхүүн хуваах гэрээг хийсний дараа Монгол руу улстөрчдөд нөлөөлж, саналыг нь авахаар тэртээ Оюутолгойн гэрээний үеэр ордонд их хэмжээний мөнгө тараагдсан шиг үйл явдал болсон гэх явган ярианы үнэн худлыг ч тогтоох ёстой. Том компаниудын улс төрийн хүрээнд хийдэг нууц ажиллагааг нь аль хэдийнэ хүмүүс мэддэг болчихсон шүү дээ.

Иргэд чинь эргэлзэж байгаа үед Төрийн өндөрлөгүүд, тэр дундаа Ерөнхий сайд Н.Учрал “Онтрэ” компани дээр бүртгэлтэй ч  Шивээ толгой, Жавхлант стратегийн орд дээр шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ ээ. Ногдол ашгаар наймаалцаагүй гэдгээ дахин дахин хэлмээр байна. Шивээ толгой, Жавхлантын асар их баялгаа ашиггүй хийсэн Оюутолгойн араас оруулж, тэдний гулсуураар гулгуулаад алдчихаагүй биз дээ гэж үнэхээр айж байна. Албан ёсоор энэ тайлбарыг ам өчгөө өгөөд хэлэхгүй бол туйлдсан иргэд чинь тэсрэхэд бэлэн болжээ.

Төгсгөлд нь хэлэхэд Онтрэ ХХК дээр бүртгэлтэй ч Монголын баялаг Шивээ толгой, Жавхлант ордынхоо талаар аялгуу сайхан монгол нэршлээр нь хэлж байя. Онтрэ, Онтрэ гээд гадны компанийн нэрээр томьёлох ч буруу юм байна. Ямар тэдний юм биш.

Сэтгүүлч Э.ЭНЭРЭЛ

Views: 9

About Author / E. Erel

Previous post
“ЗОГСООЛ” КИНО БУСАНЫ КИНО НААДАМД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

You Might Also Like

Улс төр

Ц.Элбэгдорж эх орондоо суух нь илүү өлзийтэй

2026-08-20
Улс төр

Утааг 23 хувь бууруулсан Х.Нямбаатар-“бүтээжээмээр бактери”-т баяр хүргэе

2025-12-25
Улс төр

Болдын Жавхлан үтэр түргэн шалгуулах хэрэгтэй!

2024-12-09
Delhii.mn
Copyright © 2023 Delhii.mn
  • Улс төр
    • УИХ-ын сонгууль
    • Орон нутгийн сонгууль
    • Ерөнхийлөгчийн сонгууль
  • КОНТЕНТ
    • Unfilter подкаст
    • Видео контент
    • Хөрөг
    • Ярилцлага
  • Төөрөгдлийн тайлал
  • Боловсролтой иргэн
    • Иргэний боловсрол
    • Улс төрийн боловсрол
    • Хотын соёл
    • Эрүүл мэндийн боловсрол
  • Иргэдийн дуу хоолой
  • Дэлхий
  • Нийгэм

Start typing and press Enter to search