Улс төрийн хураангуй…..
“Тогтмолын Мөнхсайхан өчигдөр надтай яаж харьцаж байна даа”… Өчигдрийн УИХ-ын чуулган дээр дэд дарга Бөхчулууны Пүрэвдорж ийнхүү хэлж байгаа юм. Хэлж байгаа өнгө төрх, шинж байдлаас урд өдөр нь Эрүүл мэндийн сайд мань Б. Пүрэвдоржийг гүйцээж тавьсан шиг байна. Хэдэрлэж ёдорлосон шиг байна. Хэнэггүйрхсэн, ихэрхсэн, ерөнхийдөө Б. Пүрэвдоржийн дээрээс харсан бололтой юм. Тэр нь мөнөөх Б. Пүрэвдоржийн “Идэж уугаад, баяжаад бүр юм нь тулчихсан улсын араншин шал ондоо байх юм аа” гэснээс нь нэн тодорхой уншигдаж, ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл Т.Мөнхсайхан Засгийн газрын гишүүдийн сээрэлхүү, бухан хүзүүтэй үзэгдлүүдийн илэрхийллийг тод томруун үзүүлж. Ер нь ч Т. Мөнхсайхан авьяаслаг эмч бөгөөд авьяаслаг албан тушаалын хэнээтэн, хэтийдсэн биеэ тоосон хандлагатай хүн болох нь нийгэмд хэдийнэ уншигдсан.
Спикер Д. Амарбаясгалангийн хуралдаа суудаггүй гишүүд гээд байгаа хүмүүс бол ихэнхдээ Засгийн гишүүд, давхар дээлтнүүд юм билээ. Түүний орлогч мөнхүү Б.Пүрэвдорж бас хэлсэн байна лээ. Засаг нь хамтраад, УИХ нь хамтраад яваад байх шиг байгаа юм. Доогуур, дундын тушаалтнууд “хармайндаа салаавч үзүүлээд, май, та нартай мөн хамтарна аа гэж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн. Гурван намын хорин хоёр хүн сайд болсон. Доошоо, бусад ямар ч албан тушаалд намуудын сэтэртүүд болоод идэвхтнүүд томилогдоогүй байгаа. Болохгүй байгаа хуультай. Тийм ч учраас Тэргүүн шадар Л.Гантөмөр “Төрийн албаны ерөнхий зохицуулалтын хууль” гэгчийг барьж, үүд хаалга нээх ёстой байх шиг байгаа юм. Гэтэл энэ хүн мануул мэт хярчихсан, үүнийг хийвэл толгой цустаж мэднэ гээд суумалхан байх шиг байгаад юм. Уг байдлаас үзэхэд энэ УИХ, Засгийн өнгөн дээр хамгийн их хожсон, бусдын атаа жөтөө үзэж, Б. Пүрэвдоржийн хэлээд байгаачлан доод дунд тушаалтнуудын хармайн дахь салаавч, засаглалын эрүүл гэж харагдахааргүй байгаа бай бүхний дэвсгэр нь Засгийн гишүүд, давхар дээлтнүүд байгаа нь үнэн билээ. Засаг, УИХ хамтарсан учраас Цөмийн энергийн хуулиас эхлээд урагшлуулж л байх шиг байна. Гэвч сээрэлхэж, сэрвээ өндөрдсөн Засгийн гишүүд УИХ-ыг тамирдуулаад, муухай харагдуулаад, ажил удаад, төсвийн хуулиас эхлээд эвгүй байдалд оруулаад, хууль зөрчүүлээд байгаа аваас хамтрахын хэрэг байна уу. Чухам энд л эвлэсэн цавуу шиг байж ажиллана, 14 мега төслөө хөдөлгөнө гэж хамтарсан байх. Үнэндээ бол Ардын нам дангаараа засаглах бүрэн боломж бүхий УИХ-ын 68 суудалтай. Тийм ч учраас Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа тэр хармайндаа салаавч үзүүлэгч доод дунд тушаалтнууд бол ихэнхдээ Ардын намынхан байгаа нь бодьтой үнэн. Дэд дарга Б. Пүрэвдоржийг дээгүүр толгойт гэдэг. Дээгүүрхэн толгой өргөж, бас ч гэж УИХ-д дорвитой ажилладаг, дуугардаг хүн бол тэр мөн. Б.Пүрэвдоржийн аргыг барж, Д.Амарбаясгаланг гишүүдээ хуралдуулахын тулд урамшууллын янз бүрийн арга сэдэх дээр хүргэж байгаа энэ бүх байдлын цаад язгуур нь гурван намын хамтралын цаана ихэрхэгсэд, яасан ч яадаг юм гэсэн үзэлт өндөр сэнтий эзэгнэсэн сайд нар болж байна. Тэгэхээр эдүгээ зөв байя гэвэл, төр засаглал үнэн байя гэвэл, Ардын нам дангаараа засаглаад , 68 гишүүнээ ягштал ажиллуулах нь л оновчтой юм байна даа. Бөхчулууны Пүрэвдорж Ардын намд үүрэх ёстой ачааг нь үүрүүлж, ямар сөрөг хүчин байж үзээгүй биш, үргэлж л сөрөг байсны үрээр дээгүүр толгойтойгоо илүү тодруулсанаа бүр өндөрт өргөж, Засгаас гарах асуудлыг Л.Гантөмөртөө хэлэх нь зөвдөх байх. Тэртээ тэргүй Ардчилсан намынхан саяхан Улс төрийн намын хуулийн үйлчлэлийг хойшлуулах санал хураалтад Л. Гантөмөрийн эсрэг үнэмлэхүй байгаагаа харуулчихсан. Үүний цаана Б. Пүрэвдорж, О. Цогтгэрэл хоёр тэргүүтэн байгаа нь нууц биш. Бөхчулууны Пүрэвдорж оо, Засгийн сайн сайхны төлөө Засгаас гарах сэдлийг даруй илэрхийлэн түвхнүүл ээ!
Z MAN