Улс төрийн хураангуй….
Ховд аймгаас УИХ-д тавантаа сонгогдсон Сандагийн Бямбацогтын санаа их зовж байгаа юм. УИХ-ынх нь үйл ажиллагаа, түүнээс үүдээд нэр хүнд нь улам бүр унасаар байгаад. Өчигдөрхөн, УИХ шинэ дэг баталж, төсвийн асуудлыг хэлэлцэж байгаад нэн эмзэглэж, парламентын 34 жилийн түүхэнд ийм арчаагүй, эвгүй байдалд орж байгаагүй гэж хэлэв. Үнэн нь үнэн байх аа. Ер нь бол Д.Амарбаясгаланг бангадаж байгаа хэрэг байх. Гэтэл спикер Д.Амарбаясгалан сөргүүлээд, хэн ийм байдалд оруулуулахгүйгээр манлайлах ёстой юм, олон сонгогдсон гишүүд, хэн илүү манлайлал үзүүлэх ёстой юм, Засгийн газрын сайд нар гэж адарсан байна. Хоёулангийн нь зөв байх. Товчхондоо, С.Бямбацогтын хэлсэнчлэн өнөөдрийн ийм эвгүй байдалд ороход, С.Бямбацогтын ч Д.Амарбаясгалангийн ч “тус” их ээ. Хэн хэнийхээ харыг гайхав гэгчийн үлгэр болж байгаа л явдал. С. Бямбацогт олон сонгогдсон, олон сайд хийсэн нь худлаа, биш. Д.Амарбаясгалангийнхаа хэлсэнчлэн манлайлахгүй яасан юм. Засахгүй яасан юм. Д. Амарбаясгалан манлайлаад л УИХ-ын дарга болоо биз дээ. Эрх мэдэл авсан манлайллаа, УИХ-ынхаа үнэн бяр дээр гаргаж, төсвөө зөв батлахгүй яасан юм. Эрх мэдлээ эн тэгш хэрэгжүүлэхгүй, улсын амин хуулийг эрүүл алдаагүй батлах нь яасан юм. Энэ утгаараа энэ хоёр “товариш” хоёулаа алдаатай. Маш том алдаатай, энэ улс орны өмнө.
Д.Амарбаясгаланийн хэлээд байгаа манлайлалд хамгийн их үүрэг гүйцэтгэх ёстой хүн бол үнэндээ Болдын Жавхлан. Гурван Засгийн газарт Сангийн сайд хийлээ. Ч.Улаан, Ц.Нямдорж гэгч хоёр хүн бүх цаг үед Монголын Сан, Хуулийн яам хоёрыг барьж ирсэн. Намын нь ах нар биз дээ. Нөхөр Б.Жавхлан Д. Амарбаясгалангийн хэлээд байгаачлан олон сонгогдсон, олон удаа Сангийн сайд хийснээрээ бүгдийг хариуцах ёстой. Манлайлал гээч юмыг үзүүлэх учиртай. Үнэндээ, одоо Монголын төрд байгсдад хэнд нь ч манлайлал байхгүй. Толгой дээгүүр нь ч байхгүй. Бүгд эгц шугамын эн тэгш годилууд байгаа гэхэд доромжилсон болохгүй. Нэр хүнд нь, ард түмэндээ ойлгогдох нь тийм л үнэлгээтэй байгаа. Хэдэн шүүхээр явсан ч ийм л нэр төрийн үнэлгээ гарна. Болдын Жавхланг хариуцлага хүлээ гээд байгаа Ч.Лодойсамбуу нарын хэлээд байгаа туйлын үнэн шүү дээ. Төсөв анх хэлэлцэхэд л, гишүүн болгоны үгийн дор наминчлаастай, нүх болгонд таардаг түлхүүр шиг, гөлөлзсөн, тал зассан тийм л Сангийн сайд байсан биз дээ. Эргүүлээд бичлэгүүдийг үзүүлбэл, Б. Жавхлан , “Гарьд магнай” кинон дээр гардаг нэгэн арчаагүй хуврага Сандаг хэмээх аваргын өвдөг түшээд “Таныгаа олон жил сайн барилдаж биднийгээ баярлуулна гэж боддогийм ш дээ” гээд газар бохироотой суудаг шиг л байсан. Болдын Жавхлан төсвөө батлуулах гээд тэр хуврага шиг л нахилзаж байсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьлаа, энэ их зүйтэй гэх байдлаар Сангийн сайд мөн л нахилзсан. Ингээд өмнөх төсөв зангидсанаасаа бүр эсрэг, арчаагүй байр суурьт шилжсэн. Хийсэн юмаа ч хамгаалж чадахгүй сөрж чадахгүй. Ийм Сангийн сайд байна. Л. Оюун-Эрдэнэ нь гадаадаар яваад энэ бүх төсвийн асуудал, жонхууг Д. Амарбаясгалан, Б.Жавхлан хоёрын асуудал гэсэн байдлаар хандаж байна. Шаварт унасан шарын эзэд одоо ажлаа хийх хэрэгтэй. Монгол бол засаглалын шаварт зоогдчихоод байна гэсэн агуулгаар С.Бямбацогтын хэлдэг худалгүй. Төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал хоёул өвдөг шороодоостой байна. Болдын Жавхлан, Дашзэвэгийн Амарбаясгалан хоёр бохирсон төсвөө баталчихаад, хариуцлага хүлээх нь ононо доо. Ертөнцийн төр улсын зөвийн жишигт буруугаа засаад буудаг номтой.
Z MAN