Улс төрийн хураангуй…
Борхүүгийн Дэлгэрсайхан бол эрх ашгийн зөрчилтэй сайд. Хувьдаа зам тээврийн компанитай, төмөр замтай хүнийг яагаад Зам тээврийн сайдаар томилсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуух ёстой байх. Илэрхий эрх ашгийн зөрчилтэй хүнийг чухам юуны учир Монголын хувьд хамгийн ээдрээтэй байгаа салбарын сайдаар томилсон нь Б.Дэлгэрсайханы үйл ажиллагааны илэрхийллээр ойлгогдоно. Өчигдөрхөн, Б.Дэлгэрсайхан сайд Төмөр замын газар гэж агентлаг байгуулах хуулийн төслийг УИХ-ын дарга Д. Амарбаясгаланд өргөж барьжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах зорилгоор. Монголын төмөр зам гээд толгой компани байж байгаа. Эрдэнэс Монгол гээд тээвэр хариуцсан ложистикийн толгой компанитай үндэсний том нэгдэл байж байгаа. Ийм байсаар атал яагаад дахин татвар төлөгчдийн мөнгөөр цалинжих, том бүтэц зэрэгцүүлэн байгуулж байна вэ. Энэ их сонин байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ням-Осорын Учрал төрийн өмчит компаниудын үр ашиггүй байдал, давхардал, зардал чирэгдлийг бууруулах, танах, эмхлэн зохион байгуулах, компанийн засаглалын реформ хийнэ гээд чамгүй мачийж, өдөр бүр шахам энэ талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа. Нийгэм ч талархалтай байгаа. Ийм нөхцөл байдалтай байхад Борхүүгийн Дэлгэрсайханы сэдэц ихээхэн сонирхолтой. Эрх ашгийн зөрчилтэй учраас байх магадлалтай. Төмөр замын компанитай , тээвэртэй учраас бүр сонирхол татна. Б.Дэлгэрсайханы өргөн барьсан хуулийн төслийн үндэслэл дотор, төмөр замын тээврийн үйл ажиллагаатай, холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг үүргийг зохицуулах гэсэн өгүүлбэр бүхий агуулга байна.


Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам нь үүнийгээ зохицуулаад, хянаад ирсэн биз дээ. Тэдгээр нь үүнийгээ хариуцаж хийж болдоггүй юм уу гэдэг асуулт зүй ёсоор урган тавигдана. Түүнчлэн , төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгч өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36,1 сая тонн болж, 15000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байгаа бол ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50000 болох тооцоолол байна гэж Б.Дэлгэрсайхан сайд онцолж. Чухам энд л учир шалтгаан байна. Сэлэнгэ дэх төмөр замаас нь гадна Ханги Мандалын төмөр зам Б.Дэлгэрсайханы эрхшээл. Гарцаагүй сонирхолууд нь. Б.Дэлгэрсайханы салбар дахь Таван толгой төмөр замыг Монголын төмөр замд нийлүүлэх чиг шийдэл Засаг гаргачихсан. Ийм атал, Засаг нь энэ чигийн компани өмчөө нэгтгэсээр байтал сайд яагаад дахин агентлаг байгуулах гээд байгаад л учир байна. Тавантолгой төмөр зам энэ жил тавиад тэрбумын ашигтай ажилласан юм билээ. Өмнөх жилийнхээ ашгийг арав дахин өсгөсөн. Хэдий хил огтлоогүй мухар байгаа ч тэр зам дээр ачаа эргэлт, менежмент хийж чадвал мөнгө оруулж чадаж байгаагийн жишээ. Бодит бүтээмж. Гэвч энэ компанийг ингэж ажиллуулахгүй, нэг үгээр хэлбэл ашигтай ажиллуулахгүй байх сонирхол ТУЗ-д нь, мөн эрхлэх салбарын нь дээд газарт байгааг ил ярьцгааж байна. Компани ашигтай ажиллаж байгаа нь бүр ч таашаагдахгүй байгаа өнцөгтэй. Н.Учралын хэлээд байгаа компанийн сайн засаглал огт үгүй, Монголын ард түмний, төрийн хөрөнгөөр барьсан төмөр зам бүхий энэ компанийн ТУЗ-д хараат бус гишүүн ч үгүй алхаг, ялзралт байдал бодит оршиж байгаа юм. Б.Дэлгэрсайхан чухамдаа эдгээр гажуудлыг л засах ёстой болохоос нэмж бүтэц байгуулах огтын шаардлагагүй юм. Чухам эдгээр асуудлуудын цаана эрх ашгийн зөрчилтэй сайд Б.Дэлгэрсайханы холын бодол, ойрын санаа оршин нуугдаж байгааг бүрэн хардах үндэстэй. Б.Дэлгэрсайханы байгуулах гээд байгаа Төмөр замын газар хэмээх агентлагийн “зураглалыг” бүгдээр ажицгаая! Төмөр замын салбар дахь өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болсон гэж Б.Дэлгэрсайханы хэлсэнчлэн, тэр өөрөө тэрхүү өмчтөний нэг. Хүн өмчөө өмөөрч хамгаалах ёстой. Гэхдээ төрийн нэр барин, эрх мэдэл, албан тушаалаараа “халамжилж”, тэтгэж үл болно.
Z MAN