Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн судалгаагаар 2010 онд эрчим хүчний эх үүсвэр шинээр барихад 1 мегаватт эрчим хүч тутамд дунджаар 4 тонн орчим метал ашиглаж байжээ. Энэ зарцуулалт 2019 оны байдлаар 6 тонн орчим болж нэмэгдсэн нь эрчим хүчний шинэ эх үүсвэрт эзлэх цэвэр эрчим хүчний хэмжээ бага багаар өссөөр байгаатай холбоотой. Өмнө дурдсанчлан цаашид 2030, 2040 онуудад цэвэр эрчим хүч давамгайлах үед металлын хэрэгцээ улам бүр нэмэгдэх нь тодорхой байна. Ингэснээр дэлхий дахин шатах ашигт малтмал ихээр ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтолцоог халж, металл ихээр ашигладаг тогтолцоо руу шилжин орно.
Улмаар төрөл бүрийн металлын хэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр нэмэгдэх юм. Парисын хэлэлцээрээр тохирсон графикийн дагуу нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд 2040 он гэхэд нар, салхины эрчим хүчний хүчин чадлыг 2020 оны түвшнээс 3 дахин нэмэгдүүлэх, мөн хугацаанд цахилгаан машины борлуулалтыг 25 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг дагаад нийт металл, эрдэс бүтээгдэхүүний хэрэглээ мөн хугацаанд 2-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хангамжийн сүлжээ байгуулахад шаардагдах эрдэс, металлын хэрэгцээ 1.7-7 дахин нэмэгдэнэ. Харин цахилгаан машины болон эрчим хүч хадгалах батарей буюу цэнэг хураагуурт ашиглагдах металлын хэрэгцээ 6-10 дахин, зарим тодорхой металлынх 20-40 дахин нэмэгдэх юм. 2030 он гэхэд цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн зах зээлийн багтаамж гурав дахин нэмэгдэж, жилд 650 орчим тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Эдгээр зах зээл эрчим хүчний шилжилтийг тэргүүлж буй улсуудын сонирхлыг ихээр татаж байна.
Тухайлбал, СОР28-ын үеэр АНУ 3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Уур амьсгалын сан байгуулж буйгаа зарлан, арван жилийн хугацаанд 10 орчим их наяд ам.долларыг нарны хавтан, салхин сэнс, цахилгаан автомашин, цэнэг хураагуурын үйлдвэрүүд байгуулахад зарцуулахаа мэдэгдсэн. Цахиур, галли, германи гэж элементүүд хагас дамжуулагч үйлдвэрлэлд чухал орц болдог. Лити, кобальт, никель зэрэг нь цахилгаан машин болон бусад бүтээгдэхүүний батарейд ашиглагдаж байна. Зарим төрлийн газрын ховор элемент хуруу мэдрэгчтэй дэлгэц, салхин сэнс ба цахилгаан машины цахилгаан моторын соронз үйлдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэнэ. Эдийн засгийг бүхэлд нь нүүрстөрөгчгүйжүүлэх үйл явцад эрчим хүчний салбараас гадна аж үйлдвэр, батлан хамгаалахын салбар, эдийн засгийг дэмжих дижитал дэд бүтэц буюу хагас дамжуулагч үйлдвэрлэл, шинэ үеийн харилцаа холбоо, квант тооцоолол, шинэ эрчим хүч, ухаалаг хотуудын хатуу дэд бүтэц зэрэг нь чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах болно.
Түүнчлэн нүүрстөрөгчгүй эдийн засгийн цар хүрээ, технологийн хөгжлийн хурд нь ашигт малтмалын нийлүүлэлтийн нарийн төвөгтэй сүлжээг шаардаж буй.
Эх сурвалж: iss.gov.mn