Үндсэн хуулийн анхдугаарын 100 жил гээд өчигдөр ихээхэн дөжгөв. Их хурлын дарга бөхийн барилдаанд түрүүлсэн хүний их шагналыг гардуулан, дэд дарга Б. Пүрэвдорж дэд шагналуудыг гардуулан, мөн нэг дэд дарга Х.Булгантуяа тааламжтайяа найгалзан ойн ёслолын арга хэмжээг өндөрлүүлэв. Гэтэл, өнөөдөр Намбарын Энхбаяр одоо шилжилтийн бус, хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй л гээд номлож. Уг хүн энэ талаар бишгүй ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж байх үед өөрөө шинээр Үндсэн хууль бичээд, тэр нь харин дэмжлэг авч хуульчлагдаагүй нь үнэн юм. Засгийн газар УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг хариуцдаг, чинадлан, оройлон гүйцэтгэх ёстой, хуультай байдаг. Гэтэл эдүгээ Засаг толгойлогч нар, Л. Оюун-Эрдэнэ, Т. Доржханд, Л. Гантөмөр нар үүнээс гэдийж байгааг юу гэж ойлгох вэ. Улс төрийн намуудын тухай хуулийг дагаж гарсан, журмын тухай хуулийн үйлчлэлийг эдгээр хүмүүс тэртээ хорин долоо оны сонгуулийн дараа биежүүлэн үйлчлүүлэхээр зүтгээд байгаа. Ингэж болохгүй л дээ. Өөрсдөө улс төрийн нам гэдэг бол өдөр тутам хөгжиж байдаг организм, амьд хөгжилтөн гээд хичнээн их ярьцгаадаг билээ дээ. Тэгвэл энэ уран ярианыхаа эсрэг ажиллаж, тийнхүү хуулийн үйлчлэлийг арагшлуулах хүсэл нь ердөө л эрх мэдлээ барьж байх л чин ганц санаанаас үүдэлтэй.
Улс төрийн намуудын тухай хуулиар сонгуулийн дараа намууд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа шинээр хангах зохицуулалттай байгаа юм. Нам дотроо бүх зүйлсээ ярьж хуралдахаас аргагүй болно. Их хурлаа хийх хэрэгтэй болно. Чухам энэ л Л. Оюун-Эрдэнэ, Т. Доржханд, Л. Гантөмөр нарын эрх ашигтай харшилж, чин үнэндээ суудлаасаа ховхрох нөхцөл болно гэж үзэж буйгаас асуудал үүдэж байгаа. Л. Оюун-Эрдэнэд нь намын даргын хувьд нэг их халгүй гэх өнгөн аястай ч,
Л. Гантөмөр, Т. Доржханд хоёр бол намынхаа, гишүүдийнхээ өмнө гарцаагүй хариуцлага хүлээхээр улс төрийн үр дүнг, энэ оны хоёр сонгуулиар бах төгс үзчихсэн хүмүүс. Энэ хоёр нь ойччихбол Л. Оюун-Эрдэнийн туг босоо байх нөхцөлгүй. Сүүлийн үед дараагийн Хамтарсан Засгийн газрын тухай яриа намуудаар сэм гарсан гэх. Засгийн газар ингэж хуулийн үйлчлэлийг хойшлуулах учирлалаар Сонгуулийн Ерөнхий хороонд хандсанд, мөнөөх газар үл хүлээн авсан юм билээ. Нэг үгээр хэлбэл хуулийн үйлчлэлийг ханга, даруйвчил, түргэл гэсэн байна лээ. Үүнийг Ерөнхийлөгчтэй холбож бичсэн нийтлэлүүд үзэгдэх. Сонгуулийн ерөнхий хорооны ч зөв, Ерөнхийлөгчийн ч зөв. Монголын улс төр эрүүл хууль, түүний үйлчлэлээр үргэлжилж хөгжих ёстой. Ардчилсан намынхан бүлгээрээ хэлэлцээд, хуулийн үйлчлэлийг хойшлуулахгүй гэж. Товчхондоо, Л. Гантөмөрийн эрх ашиг бол манай намын тэргүүн эрх ашиг бус аа гээд илэрхийлчихэж. Л. Гантөмөрийг гагц дагадаг хэдэн гишүүн, 13 хүн л Л. Гантөмөрийнхөө эрх ашгаар саналаа өгсөн нь хэвлэлд дурайгаастай. Д. Амарбаясгалан, Б. Пүрэвдорж, Х. Булгантуяа спикерүүдээ, улс төрийн намуудын тухай хуулийн журмын хэрэгжилтийг даруй түргэн биежүүл, хуулийн шаардлагаар намуудын хөгжил хөдөлгөөнийг шах. Ингэх нь улс орны ч, улс төрийн намуудад ч нэн ач тустай юм. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллага тунгалаг байх ёстой. Үйл ажиллагаа далайц түрэлтээрээ чигч байх ёстой. Д.Амарбаясгалан үүнийг байнга ярьж байгаа. Бараг үг болгондоо “бөөстүүлж” байгаа. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын спикерүүд улс төрийн намуудын журмын тухай хуулийн үйлчлэлийг даруйвчил, нэн даруй ханга. Энэ хуулийн үр нөлөө Л. Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд нарын эрх ашгаас үнэмлэхүй том, зайлшгүй эрэлттэй юм.
Z MAN