Улс төрийн хураангуй…..
Гишүүн Д. Энхтүвшин төсвийг шүүмжилсэн. УИХ-ын даргатай шөргөөцөлдсөн. Эрх баригч намуудыг сонгуулиар амласнаасаа буцаж, төсвийн зарлага нэмэгдүүлснийг эсэргүүцсэн. Өмнөө бичиг тавьж сануулсан. Төсвөө танахыг сануулсан. Хэвлэлийн бага хурал хийж зарим гишүүдийг араасаа дагуулсан. Ард түмний л тусын тулд чухам дуугарна гэсэн. УИХ дээр хууль хийхдээ зарим хуулийг дагалдуулан зарчимгүй хийдүүлэн хуульчилж байгааг шүүмжилсэн. Ерөнхийлөгчид хориг тавихыг урьж сануулсан. Хориг тавьсанд нь талархсан. Эрх баригчид ард түмний талд биш аваас энд суухын хэрэг алга гэсэн. Намаасаа хөөвөл ч хөө гэх шиг болсон. Ийм олон үндэслэлээр Д. Энхтүвшин гэдэг гишүүн сөргөөцөлдсөн, эрхтэн дархтныг шүүмжилсэн, адарсан, тэмцсэн. Түүний ярьж хэлсэн зүйлд буруу үгүй. Буруутгах үндэсгүй. Зөв юм ярьсан, зарчим хэлсэн, зөвийг санал болгосон.
Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаас гишүүн болсон хүн, Д. Энхтүвшин. Түүний орыг авах, танхимын даргын сонгууль маргааш болох гэж байгаа. Гэтэл өчигдөр түүний толгойлсон танхимын гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Дүүрэнг АТГ-аас хорьж саатууллаа. Т. Дүүрэн нь дууны шүлгийн мастер, цагтаа Намбаярын Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь зөвлөж явсан, Монголын авьяас төгөлдөр яруу найрагч, нэртэй сэхээтэн Загдын Түмэнжаргалын хөвүүн. Т.Дүүрэн баригдахаасаа өмнө, хилсээр хорих нь, гэвч маргаашийн Танхимын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө шүү гэж олон нийтэд дуулгаад ачигдсан бололтой юм. Т.Дүүрэнг барьсан явдал нь улс төртэй холбоотой нь ойлгомжтой. Ц.Гарамжав гэдэг хүнийг барьж хорьсонтой адил үйл явдал болж байна. Ерөөс, Монголын нийгэмд баялаг бүтээгч, энэ талынхны эрх ашгийг хамгаалагчдад төр халгаатай байгаагаа нотолсоор байна. Т.Дүүрэнг хилслэн хорьсон нь Д. Энхтүвшингийн эрхтнүүдтэй шөргөөцөлдсөнөөс болов уу, түүний шударга үнэн тэмцлээс болов уу. Ингэж үзэхээр үйл явц өрнөж байна, өрнөсөн. Т.Дүүрэн бол Д. Энхтүвшингийн хамтрагч. Ж.Оджаргалын компанид хамт ажиллаж байснаас эхлээд энэ хүртэл олон сэжмээр холбоотой явж ирсэн нь худалгүй. Арай үүнээс болоогүй байгаа даа. Л.Түдэвийн “Хувьсгал танаа өчье” гэж роман байдаг. Зохиолч үүндээ Магсар Хурцын Дугаржавыг хилс баригдан хоригдсон үйл явдлыг өгүүлдэг бөгөөд үүнээс болов уу, түүнээс болов уу гээд бүлэг тус бүрийг гарчиглан, Магсаржавын үйл хэрэг, түүхтэй холбон бичсэн байдаг. Үүн лүгээ нэгэн адил Түмэнжаргалын Дүүрэнг барьж хорьсон нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой байв уу, Д. Энхтүвшингээс болов уу гэх олон таамгийг үүсгэж байна. Хэрэв Т.Дүүрэнгийн өрсөлдөнө гэсэн энэхүү Танхимын Ерөнхийлөгчийн сунгаанд Т. Дүүрэнгээс өөр хүн сонгогдвол тэр хүнээс болж Т. Дүүрэн хоригдсон юм биш байгаа даа. Монгол чинь уг нь Ардчилсан улс биз дээ.
Z MAN