2025 оны төсвийн төсөл хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын 4 гишүүн байр сууриа идэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин:
– Сонгууль болоод дөрвөн сар болсон байна. Хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалтуудыг эргэн сануулъя. Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон эдийн засаг, төсөвтэй холбоотой заалтуудыг сануулъя.
- МАН: “Улсын төсвийн зарлагын эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. Мөн Засгийн газрын өрийг 40 хувиас доош тогтмол байлгана” гэсэн байгаа.
- АН: “Төсвийн нийт зарлагыг 20 хувиар багасгана” гэсэн.
- ХҮН “Бизнест ээлтэй татварын орчин бий болгоно. Мөн төсвийн зарлагыг бодитоор буулгана” гэсэн.
Өнөөдрийн байдлаар орж ирсэн төсвийн төсөлд МУ-ын нийт төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувийг ирэх жил 37.7 хувь болгохоор тооцоолж оруулж ирсэн байна. Энэ нь 2024 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2023 оны төсвийн төсөл дээр нэмэгдэж, 5 хувиар өссөн. Ирэх жил энэ дүнг дахин нэмэгдүүлэхээр орж ирсэн байна. Энэ нь дөрвөн сарын өмнө намуудын амлаж байснаас зөрж байна. Нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд нэмэгдсэн бол олон хүнд ажлын байр, хөрөнгө оруулалт, шагнал урамшууллаа нэмэх, өөр гэрэл гэгээтэй илүү бүтээмж өндөртэй, илүү хөдөлмөрч хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж бололцоо байсан юм.