Улс төрийн хураангуй….
Дүгэрийн Рэгдэл далан гурван насандаа парламентын гишүүн болсон. Жагсаалтаар сонгогдох боломжийг МАН олгосон. Говь-Алтай аймгийн Бигэр сумаас гурван хүн УИХ-ын гишүүн болсны нэг. Нэг нь мазаалай үзсэн хүн байна уу гэдэг О. Амгаланбаатар, нөгөөх нь 18 тэрбумаар кино үзүүлэх ажил сэддэг Ч. Номин, бас нэг нь энэхүү Д. Рэгдэл юм.
Говь-Алтай аймгийн Бигэр, Цээл гээд уул уурхайн өргөн фронтод өртөж нэрвэгдсэн нутаг. Уул, ус ёолдогийг мэдэрдэг бол хамгийн их л ёолж байгаа газар нутаг мөнөөс мөн. Гэтэл, бүх насаараа шинжлэх ухааны байгууллагад ажиллаж, толгойлсон Д. Рэгдэл нэмэгдээд Говь-Алтайгаа сэндийлэх, авто зам тавьж Нарансэвстэйн боомтыг нээх талаар ярьж байх юм. Д.Рэгдэл гуай МАН-д өртэй байж болох. Гэхдээ Говь-Алтайд төрж өссөн хүний хувьд тэр нутагт талархалтай байх нь чухаг баймаар. Шинжлэх ухааны энэрэнгүй бөгөөд үнэнд ухамсарт амьдралаа зориулж, МАН-ын хайр хишгийг хүртэж ирсэн Дүгэрийн Рэгдэл гуайн хэлээд байгаад хангалттай хариу болох үндэслэлүүдийг түүнтэй нэгэн салбарт, шинжлэх ухаанд зүтгэсэн олон олон эрдэмтэн, докторууд ярьсаар байгааг Монголын олон нийт харсаар, Нарансэвстэйн боомтыг нээж Говийн их дархан газрын экосистем, нэн ховор мазаалай, хулан, хавтгайд заналхийлж болохгүйг сануулсаар. Үндсэн хуулийн Цэцэд хүртэл явж заалдаж, Говийн их дархан цаазат газар, амьтдыг хамгаалахаар тууштай тэмцэцгээсээр байна. Берлинд өндөр боловсрол эзэмшиж, шинжлэх ухааны байгууллагад элэгдтэлээ ажилласан Д. Рэгдэл доктор тэгтэл, энэ бүхний эсрэг, Нарансэвстэйн боомтыг нээж, авто зам тавих үндэслэлүүдийг зөвтгөн, өөртэй нь адил шинжлэх ухаанд зүтгэн элэгдтэлээ явсан хүмүүсийн тэмцэл, хүсэл зориг, эх нутгийн эрх ашгийг элэгдүүлсэн, элэгдсэн зүйл ярьж байгаа нь хачирхалтай болоод нэн таагүй. Төрийн соёрхолт, шинжлэх ухааны гавьяат Д.Рэгдэлийн “Миний Алтай” сошиал телевизэд өгсөн ярилцлагыг шүүмжлэн хэлж, ярьж, бичиж байгаа Монголын зон олон, ард түмэн, тэр дундаа Алтай нутгийнхны эсэргүүцэл яагаад ч үгүйсгэгдэхээргүй байна. Д.Рэгдэл их Хятадтай харьцахад чухам энэ л Нарансэвстэй хамгийн чухал байна гэлээ.
Шинжаан, Өвөрмонгол бол Хятадтай харьцах зам гүүр болж чадахгүй байгаа утгатай зүйл ярьлаа. Нэг Хятадын бодлого гэдгийг чухамхүү өргөн агуулгаар үздэг урд айлд энэ үг хэрхэн ойлгогдох вэ. Тэр тусмаа УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүний хувьд, нөгөөтэйгүүр бүх амьдралынхаа туршид шинжлэх ухаан, мэдлэг боловсролд тулгуурлаж амьдарсан Д. Рэгдэлээс ийм үг гарч байгаа нь түүнд Монголын олон нийтээс эмзэглэн бураашаах үндэслэлүүдийг өргөнөөр тавьж байна. Мөн Д. Рэгдэл Говь-Алтайнхныг хамгийн ядуу, төвийнхнөөс 2-4 дахин ядуу амьдарч байгаа гэлээ. Энэ нь боомтгүйгээс юм байх. Говь-Алтай аймгийг хөгжүүлж, тэр нутгийн ард түмнийг өнгөтэй өөдтэй амьдруулахын төлөө Д. Рэгдэл далан хэд хүртлээ чухам юу хийсэн бэ гэдэг асуулт тавигдаж байна. Нутгийнхаа нэрээр энэ хүртэл хүртэж болох бүхий л шагналыг хүртсэн байх. Намын жагсаалтаар сонгогдон, УИХ-ын гишүүн болж, өнөөдөр л Нарансэвстэйн боомтыг нээхийг дэмжихээр отож байсан шиг зүйл ярьж байгаа энэ шинжлэх ухаанчид Монголын төв зохист олон эрдэмтэн харамсал илэрхийлж байгаа нь эргэлзээгүй. Д. Рэгдэл Ганьсу мужаас авлигадсан, лоббидсон зүйлгүй ээ гэсэн агуулга хэлж байна лээ. Яаж нотлоод байгаа юм. Хэлэх хэрэгтэй. Тоорой, заг мод, мазаалай, хавтгайн зам мөр хэрхэн яаж бүрхэгтэж байгааг, Нарансэвстэйг нээснээр ямархан эрсдэлд орох аюултайг ч Д. Рэгдэл академич мэдэж байгаа. Түүний ярианаас энэ бүхэн ойлгогдож байгаа юм. Харин түүний “Миний Алтайн”-н ярилцлагад, ярихын тулд ярьсан, яах аргагүй тулгалтад орсон, намдаан, Засагтаан өртэй хүний л үг ярианы ээтэн хандлага, ивээс хаваас гарч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гумбольдтын их сургууль төгссөн, шинжлэх ухаанч сэхээтэн ингэж ная дөхсөн насандаа улс төрийн хавчуурга болж, эх нутагтаа, төрсөн нутаг Алтайнхаа, байгаль дэлхий, судалгаа шинжилгээ, эрдэмтэн судлаачдаа бүгдийг үгүйсгэх энэ шийдвэрийн төлөө үг нэмэрлэн элэгдэж явааг харах Монгол эх орон, түүний ховор гайхам амьд баялаийг хамгаалэн тэмцэгсдэд үнэхээр зохисгүй харагдаж, үнэлгээ нь үнэмлэхүй хямдарлаа. Д.Рэгдэл уг нь их говийг хамгаалах, усжуулах, нөхөн сэргээх тухай яриад “Миний Алтай”-гаараа мишээж суух насандаа яваа хүн сэн дээ. Ингэж элэгдэн хямдрах хэрэг байна уу даа, Д.Рэгдэл академич ээ. Шинжлэх ухааныхаа өмнө, Монголын ард түмний өмнө. Дархан говийг устгаж, заг тооройг дайрч, хавтгай, мазаалайг “далд оруулсан” түүх түүний намтарт яав ч зохихгүй баймаар.
Z MAN