Улс төрийн хураангуй…
МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ АН-ын Л. Гантөмөр, ХҮН-ын Т. Доржханд хоёрыг Засгийн хөнжилдөө номхотгосноос хойш АН, ХҮН намуудаас томилогдсон сайд нарын ширээ ажилд орохоор хүсэгсдийн анкетэд дарагдан, хөл нь даахааргүй болж байгаа юм. Анкет өгсөн хүмүүс ажилд хэзээ орохоо хүлээн хүлээсээр нүдний нь гал унтрахдаа хүрсэн. Ялангуяа Ардчилсан намынхан өл залгахгүй бол хий харгах дээрээ хүрсэн гэхэд хилс болохгүй. Бөөн уур улс л байгаа.
ХҮН-ынхан Т. Доржханд, П. Наранбаяр хоёр л сайд болох гэж Засагт хамтраа юу гээд, мөн л алба ажил хүлээгсэд нь уур цухал болж байгаа нь үнэн юм. Нөгөө талд МАН-ын ажлаасаа хусуулсан дэд сайд асан хүмүүс, дунд, доод шатныхан нь нэгэнт хүртэх ёстой бялууг хуваасан гээд намын дарга нараа зүхэн, хармайндаа гараа зангидаж, чимээгүй “занаж” байгаа нь тодорхой байгаа. Энэ бүх хүсэл, уур цухлыг орон нутгийн сонгуулийн дараа сая нэг юм эрх барих дарга нар санаж, Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль гэгчийг Л.Гантөмөрөөр эх бариулжээ. Өөр нэг утгаар могой бариулжээ. Үүгээр Хэмнэлтийн хуулийг хүчингүй болгож, дэд сайд, орлогч дарга, эрхэлсэн сайд зэрэг гээд олон албан тушаалыг бий болгон, мөнөөх ширээн дээрх анкетуудыг амилуулах бололтой. Энэ бол Засгийн газар тийш, дарга нарыг харан албан тушаалын горь харан гэдэс хонхолзогчдод нар гарсан явдал мөн. Нодготой нь, эрх барих том намын дарга Л. Оюун-Эрдэнэ энэ ажлыг аанай л дагавар намуудын эхний дарга нарын нэг Л. Гантөмөрөөр банжуулан бэлтгүүлж, “тэд хүссэн, бид биелүүлье дээ” гэх байдлаар нийгэм рүү мессэжлэж байна. Хэрэг дээрээ энэ хууль бол Засгийн газрын насыг уртасгах, нарийн яривал Л. Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т. Доржханд нарын эрх мэдлийн хугацааг л сунгаж байгаа үйл явцын эхлэл юм. Засаг эрчим хүчний реформ хийнэ гээд ханцуй шамлаж байна. Нэг хүн бичжээ. Эхлээд мах, гурил , таксиныхаа үнийг чөлөөл, бодит зах зээлд нь шилжүүл гэж. Үүн шиг үнэн юм үнэндээ алга. Аа, харин, Засаг бол одоо , өнөө маргаашдаа, магадгүй он гартал Л. Гантөмөрийн “хийсэн” Төрийн байгууллагын ерөнхий зохицуулалтын хууль дээрээ ухнатах нь нэн тодорхой байна.
Z-MAN