Жанчивын Оюунгэрэл гэж хатагтай байв. “Петроматад” компанийг үүсгэн байгуулж, газрын тосны салбарт ухамсарт үйлсээ зориулж, гагц импортлох бус олборлоход хөрөнгө оруулалт хийсэн хүн. Монголын газрын тосыг түүхийгээр нь Дорнодоос хэдэн арван жил урагш зөөсөн. Төр үүний төлөө алхам хийхгүй байсныг Ж.Оюунгэрэл нөхөж байсан юм. Хорвоогоос буцсан тэр сайн хүний үйлсийн шан биелэлээ олж “Петровис энержи групп”-ийн захирал Отгонбилэгийн Содбилэг үг хэлж, тууз хайчлан “Матад XX” талбайн “Цэн тогоруу-1” ордын газрын тос олборлолтын ашиглалтыг нээжээ. Энэ бол манай хөгжлийн үлэмж сайн мэдээ юм. Нөгөөтэйгүүр хувийн хэвшил, бие даасан чадварлаг хөрөнгө оруулагч, компаниуд хэрхэн үр бүтээлтэй, улс орондоо ачлалтай байдгийн бодит үлгэр жишээ юм. Улсаа газрын тос, эрчим хүчний хамаарлаас гаргахыг насныхаа зорилгоо болгож байсан Ж.Оюунгэрэлийн хүсэл эрмэлзэл ийнхүү 19 жилийн дараа биеллээ олж байгаа юм. Хайгуулын “Петроматад” компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ийнхүү энэ хугацааны дараа уг үйл хэрэг биеллээ олж байгаа нь үнэхээр сайхан үйл явдал. Хийж бүтээхийг чин эрмэлзэл болгосон, эх орондоо хайртай хүний сайн үйлс зохирон биелдгийн нэгэн сайн жишиг болж байгааг Засгийн газар, хувийн хэвшлийнхэн тод анзаарч байгаа биз ээ. Одоо тус компани Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэрийг харж, хүлээж байгаа юм байна. Түүхий эдээ нийлүүлэх гээд. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүтгэл дор Алтанширээгийн газрын тос боловсруулах энэ том төсөл эхэлсэн. Үргэлжилж байна. Харин гүйцэтгэх засаглал ихээхэн нунзаганан удаашруулж байгаа. Уул уурхайн сайд Ж. Ганбаатар гэж хүн байв. Эл төслийн гүйцэтгэлийн хурд, тохиолдох саад бэрхшээлийг хамгийн их махарч давах, шамдах ёстой хүн байсан. Гэвч тэр хүн тэгээгүй. Харин ч ашиглалтад орох хугацааг аль болох арагшлуулан хэлсээр 2025, 2026, 2027 гэж сунган хэлсээр, “Эрдэнэс Монгол” нэгдэлд уг төсөл хамаарснаар, ял завшив гэсэн шиг тэр сайд амарч, удалгүй өөрөө сайдаасаа ч буулаа. Монголын төрийг барьж байгаа сэтэртэн эрхтнүүдийн сэтгэл, зүтгэл, залгамж ийм баймааргүй байгаа юм л даа. Эндээс Ж. Оюунгэрэл гэдэг хүний сэтгэл, зүтгэл, Монголын төрийн сайд дарга нарын хандлагын ялгаа үлэмлэхүй харагддаг. Ж. Оюунгэрэлийн байгуулсан Газрын тос олборлох үйлдвэр Засгийн газар, Алтанширээг ийнхүү хүлээж эхэллээ. Хилийн гаднаас крант хаахад улсаараа уймарч, шатахуун түгээгүүр дээр дараалалд хонож өнждөгөө болихсон, улс байна даа, энэ чинь.
Z-MAN