Улс төрийн хураангуй…
Гишүүн Л. Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хууль дурдаж, мэтгэлцээнд дуудаад тусыг эс олов. Ерөнхий сайд ер нь нэг тийм дөлөмтгий байна. Боомтын сэргэлт, боомтын асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ гэсэн авч өөрөө ирсэнгүй. Тэргүүн орлогч Л. Гантөмөртөө энэ үүргээ ацагласанд гишүүд баахан ундууцав. Ундууцахаас ч аргагүй юм. Нэгэнтээ У. Хүрэлсүхийн хэлдэгчлэн энэ бүх асуудлыг “хар толгойгоороо хариуцах” хүн нь Л. Оюун-Эрдэнэ гарцаагүй мөн. Чуулганд нэхэгдэн очоогүй Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд болсон Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган дээр тун дорвитой үгийг хэлжээ. Хэлэх хэлэхдээ, тавдугаар Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг нэр цохон, Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийг мөн хамруулан үг хэлсэн нь ил болжээ. Тэрбээр “Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.
Л. Оюун-эрдэнэ төслийг гацаагчидтай тэмцэнэ гээд зарласан. Үүнийгээ яг тодорхой эзэн биетэй нь ингэж хэлээд, нэрлээд зүтгэж байгаа нь нэн сайн хэрэг. Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг энэ олон жилд холбоогүйн ужиг шалтгаан угаасаа Х.Баттулгад хамааралтай нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Засгийн газар өдгөө 14 Мега төслийн төлөө бүх эрмэлзлээ шамдан зүтгэж байна. Үндэсний хамгийн чухал үйлдвэрлэл болох мал, хөдөө аж ахуйн нэг төсөл багтаагүй ч зайлшгүй хийх ёстой төслүүд гарцаагүй мөн. Эдийн засгийн алдагдлыг популистууд төлөх ёстой гэж Л.Оюун-Эрдэнийн хэлдэг ч нэн зөв. Тэгэх ёстой. Популистууд улсыг хорлосоор энэ хүрээд байгаа. Нийтээрээ ядуу, утаа, түгжрэл, авлига бол популист улстөрчдийн л үлдээн шагнасан “шан харамж”. Үнэн энэ. Удахгүй хөгжлийн төслүүдийг УИХ-д эрэмбэлэн оруулж ирнэ. Түүн дээр УИХ хэрхэн хандахыг үзнэ. Хөгжлийн боломжуудыг хулгайлагч нартай хатуу тэмцэнэ гэж Л.Оюун-Эрдэнэ мөн хэлсэн. Л. Оюун-Эрдэнэ чухам үүнийгээ л хийгээсэй. Нүүрсний дөчин дөрвөн их наядынхантай үзээд үзээд Т. Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг л шийтгэсэн. Гэвч мөнөөх хулгайчид ердөө жилийн дотор хар гэрээс гарч ирэхээр болсныг шүүх гурван намын Засгийн халуун янаглал, 44 их наяд гэдгийг тогтоосон Тогмидын Доржхандын Шадар сайдын сэнтийн ул дээр шийдчихсэн. Хэрэв энэ мэт үр дүн гараад байвал яаж тэр популистуудаа ялж, 14 мега төслүүдээ явуулах юм бол гэхээр эргэлзээ гүн. Юутай ч Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Монголын хөгжлийн боломж, түүнийг хулгайлагч нарын тэргүүн эгнээнд Х.Баттулгыг зарлаж. Үүнээс маш их юм хамаарна. Одоо Л. Оюун-Эрдэнийн хэлээд байгаа тэрхүү боломж хулгайлагч Х.Баттулгын хэрхэн хөдлөх, хэрхэн попрох, яаж улсын эсрэг агуулга гаргах эсэхийг бүх ард түмнээрээ хянах ёстой. Улс төрд энэ хоёр хүн нэгэндээ их түшиг болсон. Өгөө аваа их бий байх. Өнөөдрийн Л. Оюун-Эрдэнэ Х.Баттулыг дэмээр бий болсон нь үнэн. Гэхдээ Монголын эрх ашиг энэ хоёрын “үерхлээс” үнэтэй болохыг Л. Оюун-Эрдэнэ одоо л олж хараад байх шиг байна. Л. Оюун-Эрдэнэ ээ, зорьсондоо хүр, Х.Баттулга нарыг ял. Эс тэгвэл эх орон, ард түмэн чинь балбан улдаж гүйцлээ байна.
Z-MAN