Өнөөдрийн УИХ-ын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны улсын төсвийн төслийг танилцууллаа. Түүний илтгэлээс хүргэе.
Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой 30 жилийг цэглэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон парламентын засаглалын шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрхзүйн цогц реформыг дэмжсэн билээ.
Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,000 ам.долларт 10 гаруй жил гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6,000 ам.доллар давсан бол, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ79.2 их наяд төгрөг, нэг хүнд ногдох ДНБ 6,800 орчим ам.долларт хүрэхээр тооцоолж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 хувь орчимд хадгалагдах бол манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна.
Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж зургаа болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилж, энэхүү төсвийн хэлэлцүүлгийг анхаарал тавин ажиглаж байна. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулагчид биднийг харж байна.
Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай. Гэхдээ хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10,000 ам.долларт хүрэх бодит боломж байна гэж үзлээ.